ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Агаарын бохирдлыг ярилцах ёстой байнгын хорооны хуралд гурван гишүүн л ирлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-18

Өнөөдөр Төрийн ордонд хоёр ч байнгын хороо хуралдах байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар мөн л хойшиллоо. Тухайлбал, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал зарласан ч МАН-ын Бага хурлаас үүдэн хойшилсон юм. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч долоо хоногт УИХ-д агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийх санал хүргүүлсэн. Гэтэл энэ асуудлыг хэлэлцэх учиртай Байгаль орчин хүнс хөдөө, аж ахуйн байнгын хороо мөн л ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хойшилсон юм.

Ерөнхий хяналтын сонсгол хийх тов тогтоох учиртай уг байнгын хорооны хуралд ердөө гуравхан гишүүн ирлээ. Тухайлбал, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн дарга Ё.Баатарбилэг нар иржээ.

Харин байнгын хорооны гишүүд болох Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Л.Мөнхбаатар, С.Жавхлан, Д.Мурат, Г.Мөнхцэцэг, Я.Санжмятав, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Д.Эрдэнэбат, Б.Батзориг нар ажилдаа ирсэнгүй. Эндээс УИХ-ын болон Засгийн газрын албан томилолтоор УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гадаадад ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мөн л БНСУ-д ажилтай явж байгаа аж. Харин бусад гишүүд шалтгаангүйгээр ажлаа тасалжээ.