ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Баатарсүх: Томуугийн ачааллын үед нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн 1827 орыг ажиллуулах боломжтой

O.Admin
2018-12-18

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Тандалт, урьдчилан сэргийлэлтийн албаны дарга Б.Баатарсүхтэй томуу, томуу төст өвчний цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын халдварт өвчин, тэр дундаа томуу, томуу төст өвчин ямар түвшинд байна вэ? Өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулбал, энэ жил өвчлөлийн түвшин ямар хэмжээнд хүрсэн бол..?

-Жил бүрийн 12, 1, 2 дугаар сард улирлын томуугийн өвчлөл ихэсч дэгдэлт болдог. Энэ жилийн хувьд 11 дүгээр сараас эхлэн эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эмнэлгүүд орны зохицуулалтаа хийгээд явж байна. Өнгөрсөн жил амбулаторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байсан бол, энэ жил 4,6 орчим хувьтай байна. Өмнөх жилүүдээс томуугийн өвчлөл харьцангуй бага гэсэн үг. Хэдий тийм боловч 0-6 сар хүртэлх насны хүүхдийн өвчлөл ихтэй, уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэлтэй байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ эрүүл мэнд, асаргаа сувилгаа, эмчилгээний дэглэмд онцгой анхаарах хэрэгтэй байна.

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахад НЭМГ-аас ямар ажлуудыг авч хэрэгжүүлсэн бэ?

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахын тулд эмч, мэргэжилтнүүдийнхээ хүчин чармайлтаар маш олон тооны ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд ТТТӨ-өөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын А/577 дугаар захирамжаар батлуулж, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж ажилласан нь чухал арга хэмжээ байлаа. ТТТӨ-өөс урьдчилан сэргийлэх үндсэн гол аргуудын нэг бол томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах явдал юм. Тус газраас 2018 оны арав, арваннэгдүгээр саруудад эрсдэлт бүлгийн 78.900 хүн амыг дархлаажуулалтад хамруулсан. Мөн пневмококк буюу уушгины хатгалгааг түгээмэл үүсгэдэг нянгийн эсрэг вакциныг хийсэн. Энэ вакцины нэгдүгээр тунгаар 23.510 хүүхэд буюу 96,1 хувь, хоёрдугаар тунгаар 19.574 буюу 92,6 хувийг хамруулсан. Гурав дахь тунгаар хүн амын өвчлөл ихтэй Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт 12.292 буюу 88,9 хувийг нь дархлаажуулсан. Ингэснээр өмнөх жилүүдийг бодвол, уушгины хатгалгаа багасах хандлагатай байгаа.

Манай байгууллагаас мэдээлэл сургалт, сурталчилгааг маш өргөн хүрээтэйгээр зохион байгуулж, хэвлэл мэдээллийн олон сувгийг ашиглан цаг үеийн мэдээлэл болон өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд, гэрийн нөхцөлд хийх асаргаа сувилгаа зэрэг чухал зөвлөмжүүдийг иргэдэд хүргэж байна. Иргэдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх утсыг бүх дүүргийн Эрүүл мэндийн төвд 09:00-22:00 цаг хүртэлх хугацаанд нээлттэй ажиллуулж байгаа. Мөн дүүргийн ЭМТ-ийн Хүүхдийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдыг уртасгасан цагаар ажиллуулж, ӨЭМТ-ийн эмч, ажилчдын гэрийн үзлэг эргэлтийг сайжруулсан нь дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасгийн ачааллыг бууруулахад ихээхэн нөлөөлсөн. Хэдий энэ мэт зохицуулалтыг хийж байгаа боловч эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийнхээ биеийн байдлыг анзаарахгүй, аль эсвэл дур мэдэн антибиотик өгч  өвчнийг хүндрүүлсэн хойно ажлын цаг дууссаны дараа эмнэлэгт хандах нь Хүлээн авах тасгийн ачааллыг нэмэгдүүлж байна.

Түүнчлэн дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМТ-ийн хүүхдийн орны ачааллыг бууруулах, орны зохицуулалт хийх, ТТТӨ-ний үед ажиллах эмч, мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах зэрэг ажлуудыг НЭМГ-аас зохион байгуулж байна.

- Эмнэлгүүдийн ачаалал хэр түвшинд байна вэ?

-Арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 68.853 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3594 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 5,2 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1,4 хувиар бага байгаа юм. Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 2239 ор байдаг. Үүний 977 нь хүүхдийн ор. Одоогоор 1342 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь насанд хүрэгчдийн зарим орыг хүүхдийн оронд шилжүүлсэн, мөн тоглоомын өрөө, уламжлалт болон сэргээх засах эмчилгээ гэх мэт өрөөнүүдэд нэмэлтээр ор дэлгэн ажиллуулж эхэлсэн.

НЭМГ-аас дүүргийн ЭМТ, НЭ-ийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, нөөц орон зайг ашиглан нэмэгдүүлэх ор 354, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн ор 496 тус, тус байна. Дээрхи төлөлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласнаар 850 ор нэмж дэлгэх боломжтой юм. Ингэснээр томуугийн ачааллын үед 1827 ор ажиллана гэсэн үг. Энэ жил хүүхдийн үндсэн орны тоог 2017 оныхоос 100-гаар нэмэгдүүлээд байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дэргэд 200 ортой эмнэлэг баригдаж эхлээд байна.

-Амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилсөн хүүхдийн дийлэнх хувийг бага насныхан эзэлдэг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Хүүхдийн биеийн бүтэц, үйл ажиллагаа, насны онцлог, дархлаа бүрэн хөгжөөгүйтэй шууд холбоотой юм. Сүүлийн үед залуу ээж нар хүүхдээ хөхүүлэхгүй, эхийн сүү орлуулагч ихээр хэрэглэж байна. Хүүхэд эхээсээ хөхний сүүгээр дамжуулан дархлааны зарим элементийг авдаг. Сүү орлуулагчид ийм зүйл огт байхгүй.

-Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа болон эцэг эхчүүдэд зориулсан ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хэд хэдэн зүйл дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. Манай эмч нар хоёр төрлийн зөвлөмжийг өгдөг. Тухайлбал томуу, томуу төст өвчнөөс хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх вэ. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн үед ямар тусламж үзүүлэх, эмчлэх, хүндрүүлэхгүй байх вэ гэх мэт. Хамгийн гол нь, хүүхдийг улирлын байдалд нь тохируулж дулаан хувцаслах, илчлэг ихтэй хоол хүнсээр хооллох, аминдэмээр баялаг сүү, цай ундыг халуун бүлээнээр нь уулгах, сайтар амраах, гэрийн нөхцөлд эрүүл ахуйн дэглэмийг зөв сахих, гарыг нь халуун бүлээн савантай усаар тогтмол угаалгах, олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг байнга зүүж хэвшүүлэх, өвдсөн үед нь  шингэн зүйл их уулгах, гэрт нь тусгаарлан эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх, дур мэдэн эмчлэхгүй байх, ялангуяа антибиотикийн хэрэглээнд маш их анхаарах ёстой. Зөвхөн эмчийн заавар зөвлөмж бичиж өгсөн жороор л антибиотик эмчилгээ хийх хэрэгтэй байна.

-Өвчилсөн тохиолдолд дур мэдэн антибиотик хэрэглэх нь ямар сөрөг үр дагаварт хүргэх талаар хэлж өгнө үү?

-Өвчлөлийг хүндрүүлэх, эдгэрэлтийг удаашруулж, эмчилгээг үр дүнгүй болгоход их нөлөөлдөг юм.

-Шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэд бага насны хүүхэддээ хэрхэн анхаарал тавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ?

-Баяраар олон хүмүүсийн нягтрал ихсэж, амьсгалын замын цочмог болон хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор ТТТӨ, гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоор өвдөх тохиолдлууд ихэсдэг. Иймээс иргэд бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол хэрэглүүлж хэвших хэрэгтэй. Мөн хоол хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах, сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдал, шошгыг нягтлах, хоол хүнсний хадгалалт, ялангуяа өндөг, өндгөн бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглээнд онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдэд аливаа өвчний шинж тэмдэг /халуурах, биеэр тууралт гарах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөж байна.

Н.Пунцагболд