ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Улаанбаатар яг л дайны бүс шиг”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-19

Нисэх онгоцны буудалд газардсан жуулчин Улаан­баатарын утааг хармагцаа дайн болж байна хэмээн андуурсан гэх шог яриа бий. Гэхдээ яг ийм маягаар манай улсын нийслэлийг олон улсын хэвлэл мэдээлнэ чинээ төсөөлөөгүй явсан гэдгээ нуух юун. Гэвч, энэ байдал аль хэдийнэ биеллээ олжээ. “Greeneconomycoalition.org” сайтад “Тэнд яг л дайны бүс шиг: Дэлхийн хамгийн утаатай нийслэл” гэх гарчиг бүхий мэдээлэл нийтлэгдсэн байх юм. 

Тодруулбал, тус нийт­лэлийн эхлэл хэсэгт “Өвлийн улиралд Монголын нийслэл Улаанбаатар хотоор алхахдаа та хоёр зүйлийг мэдрэх болно. Эхнийх нь тэсгим хүйтэн. Нэгдүгээр сард -40 хэм хүртлээ хүйтрэх бөгөөд ингэснээр дэлхийн бөмбөрцгийн хамгийн хүйтэн нийслэл бий болдог. Харин хоёр дахь нь утаан манан. Утаа хоолой гашуу оргиулж, заримдаа хэдхэн метрийн цаадах зүйлсийг л олж харахгүй байх үе бий.  Үнэн хэрэгтээ энэ хотын агаарын чанар Бээжин, Нью-Дэли зэрэг халуун цэгүүдээс ч муу төвшинд хүрсэн. Энэ асуудал жил ирэх тусам нэмэгдэж, улам муудсаар... Сүүлийн 20 жилийн хугацаанд Улаанбаатарын хүн ам гурав дахин нэмэгджээ. Хүн амын ихэнх нь буюу ялангуяа уламжлалт сууц болох гэр хороололд амьдарч буй иргэд хямд нүүрс түлж, дулаацдаг” гэжээ. Үүний дараа цэцэрлэгийн хоёр багш, Японы жуулчин, АНУ-ын иргэний  Монгол дахь амьдралын талаар ярьсныг бичсэн байх бөгөөд хамгийн анхаарал татсан нь АНУ-ын иргэний яриа байв.

Нэр нь үл мэдэгдэх тэр эрхэм “Өвөл Улаанбаатарт алхаж явахад заримдаа Холливудын кинонд гардаг дайн дажинтай бүсээр дайран өнгөрч яваа мэт сэтгэгдэл төрдөг. Энд тэндгүй утаан манан. Агаараар дамжиж уушиг, үс, хувцас, хумсанд нэвт шингэнэ. Хэчнээн агааржуулалт сайтай хотхон байлаа ч, угаар үнэртсээр л байдаг. Америкчууд бид 1970 онд “Цэвэр агаарын тухай хууль”-ийг баталснаас хойш л  цэвэр агаартай улсад амьдрах болсон. Бараг 50 жилийн турш америкчууд цэвэр агаартай байна. Цаашдаа ч ийм байна гэж найдаж байна. Гэхдээ бидний ихэнх нь эдгээр хуулиуд бидний амьдралыг сайжруулж байгаа гэдгийг бүрэн ойлгодог гэж бодохгүй байна. Би Монголд амьдрах хүртлээ л цэвэр агаараар амьсгалдаг байсан” хэмээн ярьжээ. 

 

Амьд үлдэхийн тулд нүүрс түлж байна

Манай улсын нийслэлийн агаарын бохирдлын талаар “nytimes” сонин мэдээлэл бэлтгэхдээ иргэдийн амьжиргааны төвшин, ахуй амьдралын талаар илүүтэй дурдсан байв. Тэрхүү мэдээлэлд “Улаанбаатарын гэр хорооллын өрхийн 75 хувь нь Налайхын уурхайн нүүрс түлдэг. Тэр утгаар Монголын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 1-нээс түүхий нүүрс худалдаалахыг хориглох шийдвэр хэрэгжих эсэх нь эргэлзээтэй аж. Хотын төвийн ойролцоох Шар хад зах дээр портертой нүүрс худалдаалах 25 настай Ө.Хангай гэх залуу уг шийдвэрийг “Үлгэр” гэсэн юм. Тэрбээр “Олон мянган хүн амьдрахын тулд л нүүрс олборлож, худалдаж, түлж байна” гэв. Нэг портерт 1.3 тонн нүүрс ачсан байх бөгөөд үүнийг 65-75 ам.доллараар худалддаг байна. Харин айл өрхүүд нүүрсний чанараасаа хамаарч, нэг машин нүүрсийг дунджаар нэг сарын хугацаанд түлдэг аж.

Гэхдээ оршин суугчид агаарын бохирдлоос бага насны хүүхдүүд, ахмад настнуудаа хамгаалах хэрэгтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Өвлийн саруудад хүүхдүүд архаг болон аюултай амьсгалын замын өвчнөөр өвчилж, эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг байна. Хүүхдийн эмнэлгийн эмч Ж.Соёл-Эрдэнэ “Агаарын бохирдлын улмаас энгийн ханиад уушигны хатгалгаа, бронхит болж, урт хугацааны эмчилгээ шаардаж байна” гэлээ. ЮНИСЕФ-ээс мэдээлснээр 2015 онд Улаанбаатарт таваас доош насны 435 хүүхэд уушигны хатгалгаа өвчний улмаас хорвоог орхижээ. Улаанбаатарт өссөн гэх Ш.Батмэнд “Бидэнд шинэ хот хэрэгтэй. Хэрэв гэр хороололд нүүрс худалдахыг хоригловол хүмүүс юу тааралдсанаа түлэх болно. Машины дугуй, хөршийнхөө хашаа гээд л. -30 хэмийн хүйтэнг тэсч үлдэнэ гэдэг үнэхээр бэрх шүү” гэж ярив” хэмээсэн байна. 

 

“Улаанбаатарчуудын нас есөн сараар богиносдог”

Хүний насыг хамгийн ихээр богиносгож байгаа хүчин зүйлсийг харуулсан судалгааг “Дэлхийн эдийн засгийн форум”-ын веб хуудсанд саяхан нийтэлжээ. Уг судалгаанаас үзвэл агаарын бохирдол хүний дундаж наслалтыг хамгийн их буюу 1.8 жилээр бууруулж буй нь тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл агаарын бохирдол нь хүний амь нас, эрүүл мэндэд тамхидалт, архи хар тамхины хэрэглээ, ХДХВ/ДОХ халдварт өвчнөөс ч илүү занал учруулах болсон байна. Тамхи татах нь хүний насыг дунджаар 1.6 жилээр богиносгодог бол агаарын бохирдол 1.8 жил байгаа юм. Тэдний судалгаанд дурдагдсан хүний насыг хороодог бусад хүчин зүйлс нь:
Тамхидалт- 1.6 жил
Архи, хар тамхины хэрэглээ- 11 сар
Усны бохирдол- долоон сар
Зам тээврийн осол- 4.5 сар
ХДХВ/ДОХ- дөрвөн сар
Малари өвчин- дөрвөн сар
Сүрьеэ- 3.5 жил
Дайн байлдаан, терроризм- 22 өдрөөр
тус тус хүний насыг хороодог байна.

АНУ-ын Чикагогийн их сургуулиас хийсэн агаарын чанарын индексийн тухай тус судалгаанаас үзвэл хамгийн их агаарын бохирдолтой гэгддэг Энэтхэг улсын зарим бүс нутгуудад хүн амын насжилт агаарын бохирдлоос үүдэн дунджаар 11 жилээр богиносох төлөвтэй байгаа аж. Агаарын бохирдол хүний наслалтаас хэдэн жилийг хороож байгааг улс, хот болгоноор харуулах зорилготой веб сайтад нийтлэгдсэнээс харвал Улаанбаатар хотын оршин суугчид агаарын бохирдлоос болж 0.7 жил буюу есөн сарынхаа амьдралыг алдаж байгаа аж. Дэлхийн банкны гаргасан судалгаанаас үзвэл Зүүн Өмнөд Азийн хүн амын насжилт агаарын бохирдлоос үүдэлтэйгээр буурч байгаад Энэтхэг болон Индонез улсуудын агаарын бохирдол их байгаа нь нөлөөлсөн аж.