ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Алтангадас: Хүүхдүүд ДЭМБ-ын зөвлөмжөөс 27 дахин их хортой бодисоор амьсгалж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-19

“Ногоон титэм” ХХК-ийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч, химич Б.Алтангадастай агаарын бохирдол болон тэдний хийсэн судалгааны талаар ярилцлаа. 

-Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд удаж байна. Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн дорвитой ажил хийсэнгүй. Харин танай лабораторийн залуус нийлээд агаарын бохирдолтой холбоотой судалгаа хийсэн юм байна. Тэр талаараа мэдээлэл өгөөч?

-Манай лаборатори 2014 онд байгуулагдсан, хувийнх. Дотоод болон гадаад орчны бохирдол, орчны ариун цэвэр, агаарт байгаа химийн бодисын чиглэлээр шинжилгээ хийдэг лаборатори. Бид анх агаарын бохирдлыг шинжилье гэсэн бодолтой лабораториа байгуулсан. Түүнээс хойш олон чиглэлээр ажилласан. Нэгдүгээрт, залуучуудыг мэдлэг, мэдээллээр хангах чиглэлээр ажилласан. 2014 оноос эхлээд цөөнгүй газарт сургалт явуулж, лекц уншсан. Олон байгууллага биднийг урьж, сургалт хийлгэж, лекц уншуулсан. Манай лабораторид ажилладаг залуус бүгдээрээ химич мэргэжилтэй. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мэргэжлийнхээ дагуу, сонирхлоороо ажиллаж явна. Мөн янз бүрийн судалгаа хийлээ. Дотоод орчны агаарыг шинжилж, судалгаа хийсэн. Хүн амьдралынхаа нэг өдрийн 80-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Дотоод орчин эрүүл байна гэдэг бол эрүүл байх гол үндэс.  Бид дотоод орчны агаарын туршилт шинжилгээг Баянхошуунд амьдарч байгаа айлд хийсэн.  Дотоод орчны агаарт байгаа бохирдуулагч бодисыг шинжилж үзсэн. Гэтэл хүхрийн болон азотын давхар исэл, угаарын хий, нарийн ширхэгт тоосонцорын үзүүлэлт гаднах орчныхоос илүү гарсан. Дээрээс нь бидний харж чаддаггүй олон тооны хорт нэгдэл органик түлшний шаталтаас үүсдэг. Жишээлбэл, диоксин, бензопирен, фуран зэрэг хорт хавдар үүсгэдэг нэгдлүүд агаарын бохирдлоос үүсч байгаа нарийн ширхэгт тоосонцор дотор агуулагдаж байдаг. Яагаад гэвэл нүүрс өөрөө нүүрстөрөгчийн гаралт органик түлш. Дутуу шатахаар комплекс хортой нэгдлүүдийг их хэмжээгээр үүсгэдэг. Ийм судалгаа байдаг. Харин манайд энэ чиглэлийн нарийн судалгааг бараг хийгээгүй байдаг. Тийм болохоор бид энэ чиглэлээр илүү нарийн судалгааны ажил хийх зорилготой ажиллаж байгаа. Хүний эрүүл мэнд гэдэг нийгэм, эдийн засагтай салшгүй холбоотой, хамгийн ач холбогдолтой зүйл.  Эрүүл мэндтэй холбоотойгоор санхүү, хөрөнгө мөнгөөрөө асар их хохирдог. Агаарын бохирдолтой орчинд өсч буй хүүхдийн IQ, суралцах чадвар буурч байдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс л бид агаарын бохирдлыг илүү нарийн судалж, хор хохирлыг нь илүү таниулах хэрэгтэй. 

-Танай лабораторийнхан сургуулийн хүүхдүүд ямар их хортой агаараар амьсгалж байгаа талаар судалгааг хийсэн гэсэн үү?

-Бид өнгөрсөн жил Улаанбаатар хотын хоёр дүүргийг сонгож авч, тэнд амьдарч буй бага насны хүүхдүүд яаж өртөж байна. Хэдий хэмжээний хортой агаараар амьсгалж байна гэдэг судалгааг хийсэн. 24 цагийн турш хийсэн судалгаа. Монголд анх удаагаа бид хийсэн юм.  Тэгэхдээ АШУИС, Хөдөлмөрийн эрүүл мэндийн судлаачдын холбоотой хамтарч судалгаагаа хийсэн. Тэгэхдээ хүүхэд гэрээсээ гарахад нь дээж авах багажийг зүүж өгөөд, явуулдаг.  Химийн нарийн шинжилгээ авах учраас дээж авах нь хамгийн зөв арга байсан юм. Өглөө гэрээсээ гараад сургууль орох хүртэл нь хэмжинэ. Сургуульдаа очоод, хичээлдээ сууж байхад нь дахиад хэмжсэн. Мөн сургуулиа тараад гэртээ очиход нь, унтах үед нь. Маргааш өглөө нь дахиад хэмжиж, 24 цагийн судалгаа, туршилт хийсэн. Ийм нарийн шинжилгээ хийж үзэхэд тухайн хүүхэд хаана амьдарч байгаа гэдгээсээ үл хамаарч маш их хортой агаараар амьсгалж байгаа нь тодорхой болсон. Бид Дэнжийн 1000-ын 39, 13 дугаар хорооллын 29 дүгээр сургуулийн хичээлдээ явахдаа алхдаг 100 хүүхдийг судалгаанд хамруулсан. Үр дүн нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 13, 27 дахин их хортой бодисоор амьсгалж байна гэж гарсан. 

-Судалгааныхаа үр дүнг төр, засгийнханд танилцуулсан уу. Ямар нэг хариу ирсэн үү?

-Бид албан бичгээр судалгааныхаа үр дүнг явуулсан. Ямар ч хариу ирээгүй.  Бидний судалгааг анхаарч үзэж байгаа байх гэж найдаж байна. БОАЖЯ, ЭМЯ, нийслэл рүү судалгааныхаа үр дүнг явуулчихаад байхад албан ёсоор ганц ч хариу өгөөгүй байна. Албан бус шугамаар холбогдож, бидний тайланг эх хувиар нь авсан байгаа.  

-Агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд маск зүү гээд байдаг. Шүүлтүүртэйгээс эхлээд янз бүрийн маск санал болгоод байгаа. Та бүхэн макс хэр үр дүнтэй талаар судалгаа хийсэн гэсэн. Үр дүн нь яаж гарав?

-Бид хоёр жилийн өмнө ямар маск агаарын бохирдлыг зөв шүүж байна. Ямар макс зүүвэл илүү тохиромжтой юм бэ гэдгийг “Улаанбаатар ротари” клубтэй хамтарч хийсэн. Зах зээлд зарж байгаа 10 гаруй төрлийн маск тухайн үед байсан. Одоо илүү олон төрөл болсон. Тэр үед 10 гаруй төрл­ийн маскийн аль нь илүү сайныг судалж, туршилт хийсэн. 1500 төгрөгөөс эхлээд 120 мянгын үнэтэй маск зарагдаж байсан. Маск нэгдүгээрт материал сайтай байх ёстой. Агаарын бохирдлыг сайн шүүдэг байх хэрэгтэй гэсэн үг. Дээрээс нь агаар сайн нэвтрүүлдэг байх ёстой. Хүн маск зүүсэн ч гэсэн сайн амьсгалж байх хэрэгтэй биз дээ. Тэгж чадахгүй бол агаарын бохирдлоос хамгаалах нь битгий хэл эсрэгээрээ зүрх, судасны системийг доголдуулах, бүр ч илүү аюултай болно. Түүнээс гадна, хөдөлгөөнд сайн тохирч байх ёстой, зүүсэн байхад завсар зай гарахгүй байх хэрэгтэй. Хүний амьсгалаар гарч буй нүүрстөрөгчийг сайн гадагшуулж байх шаардлагатай. Энэ шаардлагуудыг хангасан байвал сайн маск гэж үзнэ. Гэтэл Улаанбаатар хотын нөхцөлд хөдөлмөр хамгааллын чиглэлээр ашигладаг нэг удаагийн маск л хамгийн тохиромжтой гэсэн үр дүн гарсан. Энэ бол Улаанбаатар хотын агаар ямар хортой түвшинд хүрсэн байгаагийн илрэл.  Мэдээж агаарын бохирдлыг 70 хүртэл хувиар шүүдэг маскууд байна. Харин зүүгээд явахад тохиромжгүй. Хэдийгээр агаарын бохирдлыг сайн шүүдэг ч гэсэн дээр дурдсан шаардлагуудыг хангадаггүй. Ер нь бол маскны үнэ нэмэгдэх тусмаа чанартай, илүү сайн шүүнэ гэсэн үг. Загвар сайтай маск сайн шүүж чаддаггүй нь ч судалгааны үр дүнгээр тодорхой болсон. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь түүхий нүүрс түлэхгүй байх. 

-Гэхдээ дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдарч байгаа монголчуудад тийм боломж алга. Гэтэл агаарын бохирдлыг бууруулахгүй бол болохгүй байна. Та бүхэнд олон янзын санаа байдаг байх. Түүнээсээ хуваалцаач?

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд шат дараатай арга хэмжээ авах ёстой. Өөрийн тань хэлдэг үнэн. Утаанаас салах эцсийн арга нь түүхий нүүрс түлэхгүй байх. Яндангүй болж байж утаагүй болох юм. Түүний тулд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийг сайжруулах шаардлагатай. Агаарын бохирдол дан ганц утаанаас болдог юм биш. Хөрсний бохирдол гэж байна. Өвөл хөрсний бохирдол бүр ч ихэсдэг. Үнс, бие засах газрын асуудалтай холбоотойгоор хөрсний бохирдол дээд цэгтээ хүрчихлээ. Мөн зам харгуйтай холбоотой бүдүүн ширхэгт тоосонцорын дэгдэлт байна. Энэ бүгд нийлээд агаарыг бохирдуулж байгаа. Ядаж л бид эхний ээлжинд түүхий нүүрснээсээ татгалзах хэрэгтэй байна. Бас зөвхөн айлын яндангаас гэлтгүй машинаас гарч байгаа утаатай тэмцэх шаардлагатай. Гадаа ажиллаж байгаа хүмүүс, цагдаа, ТҮК-ийнхан. Хортой бодисоо хамгийн их амьсгалж байгаа нь. Сүүлийн үед маск зүүхээс эхлээд хамгаалдаг болж. Нарийн ширхэгт тоосонцор гэж би дээр дурдсан даа. Энэ бол Улаанбаатар хотын хамгийн том асуудал. Нарийн ширхэгт тоосонцор гэр хороолын яндангаас, дээрээс нь машины яндангаас маш их хэмжээтэй гардаг. Дутуу шаталтаас үүдэлтэй. Дизель түлшнээс бүр ч их гардаг. Нарийн ширхэгт тоосонцор гэдэг үнсний ширхэгтэй адилтгаж болно. Энэ дотор өндөр молекултай диоксин, бензопирен, фуран зэрэг хорт бодисууд агуулагдаж байдаг.  Мөн бүх төрлийн хүнд металл, бага хэмжээний цацраг идэвхт бодис бас бий. Нүүрс олон жил газар дор дарагдсан түлш шүү дээ. Тийм болохоор олон төрлийн бодисуудыг агуулж байдаг. Тэр дунд нь цацраг идэвхит бодис ч хүртэл байдаг юм.