ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сири дэх “Загалмайтны дайн” дууслаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-20

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сири дэх Исламын улс бүлэглэлийг ялснаа тунхаглаж, тус улсаас цэргүүдээ гаргахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ. Тэрбээр твиттер хуудастаа “АНУ-ын Сири рүү орсон шалтгаан Исламын улс бүлэглэлийг дарах байсан. Харин одоо бид зорилгоо гүйцэлдүүлсэн” хэмээн жиргэв. 

Цэргүүдийг татах тухай төлөвлөгөөг АНУ-ын Батлан хамгаалах яам баталж, ойрын хугацаанд багтаан “Исламын улс” бүлэглэлд эзлэгдсэн Сирийн газар нутгийг чөлөөлсөн АНУ-ын 2000 орчим цэргийг тус улсаас гаргахаар болсон аж.

Францын Парист халдлага гарсны дараа тус улс Сирийн дорнод хэсэгт орших Ракка хотыг бөмбөгдөж эхэлсэн. Тус хот нь исламын улс бүлэглэлийн албан бус нийслэл байсан бөгөөд францчуудаас гадна Америк, Оросууд ч агаараас цохилт өгч байсан юм. Харин тухайн үед хэвлэлүүд уг үйл явдлыг шинэ цагийн “Загалмайтны дайн” хэмээн нэрлэж байсан билээ. Тэгвэл тус дайн Исламын улс бүлэглэл ялагдсанаар, өндөрлөж байна. 

Гэхдээ Д.Трампын шийдвэрийг АНУ-ын зарим сенатын гишүүд эсэргүүцэж эхэлжээ. Тэдний хувьд “Эдүгээ хүч нь суларсан Исламын улс бүлэглэл дахин хүчирхэгжвэл АНУ дахин тэмцэхэд төвөгтэй болно” гэж үзэж буй аж. 

Сири дэх Исламын улс бүлэглэлийн хүч нь суларсан ч, бүрэн дарагдаагүй байгаа юм. Тэгвэл  Бүгд найрамдах намын сенатч “Исламын бүлэглэлийн хүч суларсан нь үнэн ч гэсэн “дарагдсан” гэж дүгнэх хараахан болоогүй байна” гэв. Харин сенатч Линдсей Грахам, “АНУ энэ цаг үед Сириэс цэргээ гаргах нь Исламын улс, Иран, Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Ассад болон ОХУ-ын хувьд томоохон ялалт болох болно” гэжээ. Мөн энэ нь АНУ-д төдийгүй Ойрхи дорнод, бүх дэлхий ертөнцөд аюултай үр дагавар учруулах болно” гэв. Сириэс АНУ цэргүүдээ буцаан татахад хэд хэдэн сөрөг нөлөөлөл гарч магадгүй байна. Учир нь энэ шийдвэр Ойрхи Дорнод дахь АНУ-ын нөлөөг багасгах бөгөөд найм дахь жилдээ үлгэлжилж буй Сирийн дайныг дуусгах дипломат хүчин чармайлтыг үгүй хийх үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр, курдын “Өөрийгөө батлан хамгаалах ардын хүчин”-г тараах боломжтой гэдгийг шинжээчид онцолж байна. 

Туркийн эрх баригчид ӨБХАХ-ийг устгахыг эртнээс зорьж байгаа юм. Энэ бүлэглэлийг Анкара “Курдын ажилчны нам”-ын Сири дэх салбар хэмээн үздэг юм. Тус намыг Туркт хориглосон бөгөөд террорист байгууллагуудын тоонд оруулсан билээ. Сириэс цэргүүдээ татах асуудлыг АНУ хэлэлцэж байгааг Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. Чавушоглугийн хэлснээр цэргүүдээ Сириэс гаргахаар төлөвлөж байгаагаа Д.Трамп Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоганд хэлж байсан гэнэ. 

АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама Сирийн иргэний дайныг Афганитаны дайн шиг зөрчил болохоос сэргийлж байсан ч,  эцэстээ 2014 оны есдүгээр сараас эхлэн агаарын цохилт өгч, дараа жилээс нь цэргээ оруулж байсан юм.