ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дээлэнд дургүй монгол

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-23

Үндэсний бахархалт хувцас болох үндэсний дээлтэйгээ шинэ жилийн баярт оролцсон нэгэн тэмээчин залуу хурган даргад хөөгджээ. Тэр ч байтугай үндэсний хувцастай бүжиглэж болохгүй хэмээн бүжгийн талбайгаас хөөж, дараа нь олон нийтийн сүлжээнд зураг нь нийтлэгдэв. Түүнийг бүжгийн талбайгаас хөөсөн шинэ нийгмийн “соёлт иргэн” нь төрийн албан хаагч байлаа. Тэр ч байтугай Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах ёстой нийслэлийн Аялал жуулчлалын газрын Орлогч дарга албан тушаалтай Ц.Энхтүвшин гэгч байжээ.

Бод доо, үндэсний урлаг, соёл, ёс заншил, дээл хувцсаа олон нийтэд сурталчлах ёстой байгууллагын дарга хүн шүү дээ. Үндэсний хувцсаа олон нийтэд сурталчлах том үүргийг хүлээсэн хүн нь харин үндэсний хувцсаа үзэн ядаж, түүнийг өмссөн нэгнийг олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулахгүй гэж хөөсөн нь нэгдүгээрт хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл болж байна.

Хоёрдугаарт, энэ хүнд төрийн албанд ажиллах ёсзүй, цаашлаад аялал жуулчлалын чиглэлээр ажиллах эрх байхгүй гэсэн үг. Төрт ёсоо дээдэлсэн монгол үндэсний хувцас хаана ч ёслол хүндэтгэлийн хувцасны нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Дресс код заасан томоохон арга хэмжээ, гадны Элчин сайдуудын хүндэтгэлийн хүлээн авалт, ойн баяруудад ч үндэсний хувцастай ирж болно гэдгийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй ханддаг юм. Төрийн ордонд ч үндэсний хувцастай ирсэн хэн бүхэн нэвтрэх эрхтэй байдаг билээ. Энэ бол бидний бахархал, хаана ч хүлээн зөвшөөрөх ёстой аугаа түүх соёлын нэг хэсэг. Гэтэл дресс код ч тусгайлан заагаагүй байгууллагын шинэ жилд үндэсний хувцсаа өмсөж очсон орон нутгийн тэмээчин залуу хурган даргад адлуулж, нийгмийн сүлжээнд од болох нь тэр.

Ц.Энхтүвшинд төрд ажиллах наад захын ёсзүй алга. Тиймдээ ч албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцож, үндэсний хувцсаа доромжлуулсан монголчуудын бухимдалд хариуг нь өг, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх ээ. Энэ хүнд үндэсний хувцсаа сурталчлах бодол ухаан алга. Харин “40 мянгатын атаман” гэдгээрээ онгирч, үндэсний дээл хувцсыг гутаан доромжилсон үйлдлээ зөвтгөх ухамсар л байдаг юм байна.