ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Сономдагва: Нарийн ширхэгтэй тоосонцор элсний ширхэгээс 30-40 дахин жижиг

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2018-12-24

Улаанбаатар хотын утаа жилээс жилд нэмэгдэж, нэг куб метр агаар дахь хорт хийн агууламжийн хэмжээ ДЭМБ-аас гаргасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байна гэдгийг мэргэжлийн хүмүүс олон жил ярьж байгаа ч дорвитой ажил хийлгүй өдий хүрсэн. Утааны голомтыг багасгах, утаагүй болгох нь Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гэдгийг хууль эрх зүй, хөрөнгө санхүүгийн хувьд бүрэн шийдэж өгсөн байдаг. Гэтэл нийслэлийн удирдлага сүүлийн хоёр жил гаруй хугацаанд юу ч хийсэнгүй. Харин төрийн бус байгууллагууд нэгдэн утаанаас гарах арга замыг эрэлхийлж, НҮБ хүртэл хандсан билээ. Энэ бол төрийн толгойд гарч, зөөлөн сандал суусан эрхмүүд юу ч хийхгүй болохоор арга нь барагдсан ард түмний амиа аврах гэсэн нэг л оролдлого. Мөн эрдэмтэд ч утааны хор хөнөөлийн талаар олон жил судалгаа явуулдаг ч төр нь тэр бүр ажил хэрэг болгодоггүй нь зуршил болоод байна. Өөрөөр удирдагчид маань утаатайгаа найрсан нөхөрлөж, улс төрийн шоу хийх нэр төрөө сэргээдэг, тэмцсэн дүр эсгэж халаасаа дүүргэдэг бизнесийг л цэцэглүүлсэн. Гэтэл эрдэмтэд утааны хор хөнөөлийн талаар олон судалгаа явуулсан хэвээрээ л байна. Үүний нэг болох МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор, Залуу эрдэмтдийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Ч.Сономдагватай уулзаж ярилцлаа.

-Утааг яг хэзээнээс судалж эхэлсэн юм бэ?

-Манай тэнхим Ч.Гончиг­сумлаа багшийн удирдлагаар 2005 онд Улаанбаатар хотын геологи, экологийн бүрэн судалгааг хийсэн. Бид энэ судалгаа өөрсдөө гэр хорооллоор явж бүх янданг тоолж мэдээллийн санд оруулсан. Тухайн үед гэр хорооллын 120 мянган өрх, 300 орчим уурын зуух бүртгэгдсэн. Тэгээд 2005 онд агаарын бохирдол маш их байна гээд мастер төлөвлөгөө боловсруулж байсан ч одоогийнхтой харьцуулахад бага байжээ. Үүний дараа 2006-2007 онд Японы ЖАЙКА байгууллагатай хамтран Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд агаарын бохирдлыг багасгах зорилгоор Улаанчулуутын хуучин хогийн цэгийг булж, мод тарьж, ар талд нь шинээр хогийн цэг байгуулж өгсөн. Тэр үед нийслэлийн хэмжээнд 500-600 тн хог хаягдал гардаг байсан. Өвлийн цагт дээрх хог хаягдлын 50 гаруй хувийг нь үнс эзэлдэг. Тэгэхээр үнс өөрөө хөрсийг бохирдуулдаг. Гэхдээ миний хэлээд байгаа энэ тоо бол зөвхөн хогийн цэгт ирж буй тоо. Харин гэр хорооллынхон өвлийн улиралд халтиргаа гулгаанаас сэргийлж, гудамжиндаа үнс цацдаг. Энэ л хөрсөө бохирдуулж байна гэсэн үг. Тэгэхээр нийслэлийн агаар, болон хөрс зэрэг бохирдсоор байна.

-Бид нийслэлийн утаа л гээд байдаг. Гэтэл энэ их утаан дотор ямар төрлийн химийн бодис агуулагдсан хорт хий хөвж явааг мэддэггүй. Ер нь ямар хор явна вэ?

-Агаарын бохирдолд утаа­наас гадна түүнд агуулагдаж байгаа тоосонцор буюу PM 2.5, PM 10 гэсэн бохирдол бий. Одоо бол дэлхий нийтэд агаарын бохирдлын гол үзүүлэлтийг PM 2.5-аар хэмжиж байна. ДЭМБ-ын зөвлөмж 25 микро-грамм метр куб байдаг. Гэтэл манайд өнөөдөр /2018 оны 12-р сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минут орчим/  хэд байгаа хоёулаа харья. /Өрөөндөө тавьсан тоосонцор хэмжих төхөөрөмжийн мэдээллийн самбар руу хараад/ одоо Улаанбаатар хотод буюу МУИС-ийн орчим нэг метр куб талбайд 144 микро-грамм байна. Тэгэхээр манайх зөвшөөрөгдөх хэмжээнээс 4-5 дахин их байна гэсэн үг.. Тиймээс хүн амьсгалаараа шүүх боломжгүй, эсэргүүцэх чадвар багатай маш олон төрлийн хорт бодис агуулдаг PM 2.5, PM 10-ыг судлахад анхаарлаа хандуулж байна. Техник технологи хөгжихийн хэрээр овор хэмжээ нь багасч агаарын бохирдлыг хэмжигч багажийг хүн биедээ зүүгээд явдаг болсон. Японы Нагояа их сургуультай хамтарсан төслийн хүрээнд PM 2.5-ыг суурин байдлаар хэмжихээс гадна хувь хүнд зүүлгэж нэг өдрийн маршрутаар өдрийнх нь амьдралын хэмнэлийг судалж байгаа нь шинэлэг юм. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоод орчинд хэмжилт хийж байгаа. PM 2.5 гэдэг нарийн ширхэгтэй тоосонцор юм. Элсний ширхэгээс 30 – 40 дахин бага, хөнгөн учраас агаарт удаан тогтдог, дотроо химийн элемент ихээр агуулагддаг учир хүний биед асар их хор хөнөөлтэй. Тоосонцор маш олон төрөл. Маск заримыг нь шүүнэ. Заримыг нь чадахгүй. Гэртээ агаар цэвэршүүлэгч тавиад байна. Гэтэл Япон, Солонгос, Хятадын агаарын бохирдлын судалгаанаас харахад эмэгтэй хүмүүс илүү их өртдөг гэнэ. Учир нь гал тогоонд эмэгтэйчүүд хоол хийдгээс хамаардаг. Тийм нөхцөлд шүүдэг шүүлтүүрийг Монголд оруулж ирээд ямар хэмжээнд шүүх вэ гэдэг асуудалтай. Илүү хүчин чадалтай шүүлтүүр хэрэгтэй.

-Нийслэлд хамгийн их агаарын бохирдолтой газар бол Баян-хошуу гэж их ярих боллоо. Энэ үнэн үү?

-Баян-хошуунд агаарын бохирдол их байна гэдэг харьцангуй ойлголт. Баян-хошууны агаарын бохирдлыг л хэмждэг болсноос биш бусад гэр хороолол болон түүнтэй ойрхон бүх цэгт яг л адил байгаа. Бусад цэгүүдэд хэмжилтийн нэгж байгуулбал адилхан л гарна. Жишээлбэл, өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард “Өнөр” хорооллын ар, Тахилт орчмын станцууд дээр хамгийн өндөр бохирдолтой байсан. Тухайн үед Баян-хошуунд агаарын бохирдол нэгдүгээр хорооллоос бага байсан. Бохирдол байнга шилжиж байдаг учраас цагийн хувьд ялгаатай болохоос биш хотын бүх хэсэг бохирдолтой. Нисэх, Яармагт орой, шөнөдөө бохирдол бага хэрнээ өглөө ихэсдэг. Хотын дөрвөн цэгээс гадна 10 гаруй станцын мэдээг харьцуулж үзэхэд бохирдол бүх хэсэгт цаг цагаар өөрчлөгдөж байна.

-Энэ олон төрлийн судалгааны үр дүн нь хэрхэн гардаг вэ? Төрийн эрх бүхий байгууллагуудтай хэр хамтран ажилладаг вэ?

-Хурал зөвлөгөөн хийж, зөвлөмж гарган төрийн эрх бүхий байгууллагуудад хүргүүлдэг. Тэд хэрэгжүүлэх гэж байгаа ажлынхаа төлөвлөгөөнд тусгадаг эсэхийг мэдэхгүй. Ер нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудал бол хотын даргын л ажил. Эрх мэдэл санхүү нь байна. Энэ бол хотын даргын үүрэг гэж боддог. Утаанаас яаж салах уу гэдэг бол хэн бүхний мэдэж байгаа асуудал..Эх үүсвэрийг нь байхгүй болгох ёстой. Түүнээс биш хэн нэгэн эрдэмтэн шилдэг санаа гаргахаар түүнийг нь хэрэгжүүлээд утаагүй болно гэж хүлээх нь бүтэхгүй хэрэг. Утаанаас салах боломж бүрэн байна. гагцхүү хэрэгжүүлэхгүй байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна.