ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Цагаанхүү: “Цагаан лавай”   өвлийн тогтмол тоглолт эхлүүлсэн анхны чуулга болсон 

O.Admin
2018-12-24

“Цагаан лавай” продакшны захирал,  “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Ц.Цагаанхүүтэй ярилцлаа.  

-Өвлийн улиралд  үндэсний урлагийн тогтмол тоглолтоо эхлүүлэн шинэ жилийн үер ч тоглож буй танай хамт олонд юуны өмнө баяр хүргэе. Шинэхэн чуулгаар сонин сайхан юу байна?

-Манай чуулга зуны турш тасралтгүй  тоглосон.  Түр завсарлаад арваннэгдүгээр  сарын 15-аас өвлийн аялал жуулчлалыг дэмжин өвлийн улиралд үндэсний урлагийн тогтмол тоглолтыг эхлүүлсэн анхны чуулга болсондоо баяртай байна.. Долоо хоног бүрийн даваа, пүрэв гараг бүр тоглож байна даа.

-Тоглолтын онцлог юу вэ.  Уран бүтээлийн шинэчлэл хийв үү?

-Тоглолтод үндэсний урлагийн бүхий л үзүүлбэр багтахаас гадна өвөл цагийн уур амьсгалыг илтгэсэн шинэхэн үзүүлбэрүүдээ ч багтаасан. Мэдээж уран бүтээлийн шинэчлэлийг тасралтгүй хийсээр л  байгаа . Хөгжмийн зохиолчидтой хамтран үндэсний хөгжмийн цөөхүүл маань шинэ  номерууд  гаргаж, мөн хэд хэдэн шинэ бүжгүүд ч гарган ажиллаж байна даа.

-Өвөл тогтмол тоглодог анхны чуулга боллоо.  Өвлийн аялал жуулчлалыг дэмжинэ гэж байна. Монголд өвөл ирдэг жуулчид их цөөхөн. Тэндээс тоглолт үзэх жуулчид хэр их байх бол гэж бодохоор эдийн засгийн хувьд эрсдэлтэй биш үү?

-Тийм ээ.  Тайзны урлаг бол  олон бүрэлдэхүүн  уран бүтээлчидтэй байх,  бүтээл  бүр нь  оюуны өмчийн зөрчилгүй байж, байнга шинээр бүтээл туурвих, хувцас  үйлдвэрлэл,  хөгжмийн зохиол, бүжиг дэглэлт, найруулга гээд өвөрмөц их зардалтай  шүү дээ.  Бид өвлийн улиралд тогтмол тоглодог нь ашгийн төлөө бол биш, эдийн засгийн талаасаа бол алдагдал эрсдэл байна байна (инээв)   Гарын таван хуруунд багтах уу үгүй юу  цөөхөн аялалын компанитай өвлийн жуулчид оруулж ирж байх шиг байна. Эрсдэлтэй гээд хараад суугаад байх биш  “Цагаан лавай” чуулга бол  уран бүтээлийн байгууллага болохоор эрсдэлээ мэдэж, алдагдалаа харсан ч  зоригтой шийдвэр гаргасан. Тасралтгүй хөгжил цэцэглэлт бидэнд хэрэгтэй байгаа.  Манай чуулга жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг чуулга болж,  харилцагч байгууллагуудынхаа найдвартай түнш нь байж, гадаад дотоодын зах зээлд хүмүүсд танигдаж, өөрсдийн брендийг бий болгож чадвал дараа нь үр өгөөж нь ирнэ байлгүйдээ.  Өнөөдрийг харахгүйгээр ирээдүйг л  харсан ажил юм даа. 

-Танай чуулгын бусдаас ялгарах онцлох давуу тал, та бүхний бахархал

-Манай чуулга байгуулагдаад удаагүй л дээ. Бид  нэг их гайхуулаад байх зүйл ховор. Уран бүтээл, ур чадвар байнга сайжруулж байгаа.  Өөрөө өөрсдийнхөө ажлын байрыг бий болгож, ардын урлагийн төлөө зүтгэж яваа хамт олон. Тиймээс бид зах зээлээ мэдэрч ажиллах, менежмент бодлогын хувьд бусдаас ялгарч, цаг ямагт түрүүлж алхахыг зорино доо.  

-Чуулгын хүний нөөцийн  бодлогын тухайд, уран бүтээлчдээ хаанаас авч байна вэ?

-Одоо  манай чуулгад  орох хүсэлтэй уран бүтээлчид их ханддаг болсон байна. Урлагийн сургууль төгсөж байгаа олон залуучууд уран бүтээлчид байна. Миний хувьд уран бүтээлчидийг сонгох ажилд оролцдоггүй. Тэр бол найруулагчийн ажил. Хүн бүр өөр өөрийнхөө чаддаг чаддаг ажиллаа л хийх ёстой.  Сэтгэлтэй, зүтгэлтэй залуучуудаар багаа бүрдүүлээсээ гэж боддог. “Цагаан лавай” чуулга харин хэд хэдэн удирдлагын зарчимтай. Уран бүтээлчид, ер нь ажиллаж буй бүх хүмүүс минь зөвхөн өөрийнхөө хүслээр ажиллах ёстой.  Асуудал гарвал тэдний саналыг хамгийн түрүүнд сонсож, хүндэтгэлтэй шийддэг. Хамгийн түрүүнд ажлаасаа илүү  уран бүтээлчид, хүмүүсээ бодож тэдэндээ итгэдэг. Тэд маань ч удирдлагуудаа итгэдэг. Ирээдүйн амжилтын төлөө манай хамт олон хамтдаа зүтгэдэг.

-“Цагаан лавай” чуулгыг байгуулах санаа яаж төрж байсан бэ.  Байгуулсан түүх, туршлагаасаа хуваалцвал?

-Санаа гэхээсээ зорилго, мөрөөдөл юм даа. Би урлагийн салбарт төрийн байгууллагад олон жил маркетинг, менежментийн ажил хийсэн. Анх сургуулиа төгсөөд л орсон болохоор театр урлагийн  орчинд хайртай, дуртай,  түүндээ ч дассан. Анх театрт ороход хамт ажиллаж байсан, түшиж тулсан бүх хүмүүсдээ одоо ч талархаж явдаг.  Тэгэхдээ төрийн байгууллагад тогтвортой ажиллана гэдэг их тэвчээр шаардагдахаас гадна тийм ч баталгаатай биш. Өөрийнхөө чадварт  итгэж л байвал  бүтээгч, санаачлагч байхыг би илүүд үзнэ.  Заримдаа найзуудтайгаа, мөн дүү нар минь ажил төрөл, бизнес гээд  олон асуудалыг ярилцдаг. Би тэрэнтэй таарахгүй байна., энэтэй таарахгүй байна. ажил маань хэцүү байна гээд  л ирнэ дээ. Тэдэндээ хааяа зөвлөдөг юм, орчноо солиод үз. Үнэхээр өөрөө дурлаж биш хүчээр ажиллаад байгаа юм бол гар л гэж захидаг.  Бусдын  удирдлага дор ажилах, өөрөө юм байгуулж ажиллах хоёр тэнгэр газар шиг ялгаатай л даа. Ажил дээр олон зүйлийг бодитоор мэдрээд ирэх тусам л  улам туршлагаждаг.  

Би монгол урлаг “Цагаан лавай” төв гэж анх 2014 онд байгуулаад ганц нэг богино хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд явуулдаг байсан. Одоо “Цагаан лавай” төв продакшн болоод чуулга, тэгээд сургалтын төвтэй болж байна.  Энэ жил бас ч шууд байгуулчихсан юм биш л дээ.
-Шууд тэр үедээ үйл ажиллагаагаа эхэлсэн бол “Цагаан лавай” чуулга таван жил болчих байсан биш үү?

-Магадгүй л юм. Тэгэхдээ бүх зүйл цаг хугацаатай.  Таван жилийн өмнөх би өөрөө, төлөвшил, итгэл үнэмшилийн хувьд одооноос өөр шүү дээ. Байгууллага байгуулах хүмүүсийн итгэл дааж явах  ер нь хүнд шдээ. Ядаж л ганцхан өөрийнхөө төлөө ажиллах биш, хийж буй шийдвэр бодлого бүр минь байгууллагын маань хүн бүрт хамаатай болно.

.-Ирээдүйн  “Цагаан лавай” чуулга  таны  төсөөллөөр?

-Мэдээж төсөөлөлдөө  амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг бодолгүй л яахав. Тэгэхдээ  бодитой биелүүлж чадахаар зүйлийнхээ төлөө зүтгэж, урагшилж ажиллах хэрэгтэй.  Дараа жилээс “Цагаан лавай” чуулга  2 дахь салбараа байгуулах,  ойрын 5 жилдээ ЦАГААН ЛАВАЙ ардын урлагийн цогцолбор хувийн хэвшлийн театрыг бий болгохыг зориж ажиллахаар төлөвлөсөн. Ер нь урлагийн салбар зөв менежмент, гарцаа сайн олбол, олон эх үүсвэрээс хөрөнгө босгох боломж бололцоо байдаг л даа. Гадагшаа зах зээлээ нээх, гадаад зах зээлд ажиллах зорилготой, туршлага судалж байна.  Цагаан лавай ардын урлагийн өөрийн цогцолбор театрыг бий болгож,  зөвхөн монголдоо биш гадагшаа ч салбаруудаа нээх ч зорилго, хүсэлтэй явна даа.

-Өвлийн улирлын тоглолт тань хэдэн сар хүртэл үргэлжлэх вэ.  Таньд нэмж хэлэх зүйл байна уу?

-Өвлийн улирлын тоглолт маань  4 сар дуустал тоглоно. Одоо сурагчид, хүүхдүүд маань удаан хугацаагаар амрах боллоо. Та бүхэн маань хүүхдүүдээ дагуулаад манай “Цагаан лавай” чуулгыг зорин  ирэж, үндэсний урлагийн тоглолт үзүүлээрэй хэмээн уриж байна. Манайх долоо хоног бүр тогтмол хоёр тоглож байгаа.    Ернь багадаа үзсэн, ээж аавтайгаа үзсэн тоглолт хэзээ ч мартагддаггүй. Сайхан дурсамжыг үлдээж чаддаг юм.