ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бүргэдээр ан хийдэг 14 настай охин

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-25

“Нью-Йорк таймс” сонины арванхоёрдугаар сарын 22-ны дугаарт Баян-Өлгий аймгийн 14 настай Заманбол гэх бүргэдтэй ан хийдэг казах охины тухай нийтлэл гарчээ. Тэрхүү нийтлэлд “Заманбол бол 14 настай бүргэдтэй анчин охин. Тэрбээр техник технологийн хөгжлийн энэ эрин үед зэрлэг амьтадтай холбоо тогтоох уламжлалаа өвлөн авч үлдэж буй Монголын баруун хязгаарын нүүдэлчин залуусын нэгэн төлөөлөл юм. Залуу анчин охин долоо хоногийн таван өдөр сумынхаа сургуульд суралцаад амралтын өдрүү­дэд гэртээ харьж, бүргэдээ сургана. Бүргэдтэй ан хийх аргачлалыг түүний өвөө Матей зааж сургажээ. Охин бүргэдийнхээ хамт чоныг хүртэл авлаж байв. Түүний өвөө нь тэнгэрийн шувууг хэрхэн дуудах, түүнийг сургаж, хэрхэн ан хийж болох талаарх бүх л мэдлэг туршлагаа ач охиндоо зааж өгчээ. Харин өвөөгөө тэнгэрийн оронд залрах үед гаршуулсан шувууг нь Заманбол өвлөн авсан байна. 

“Өвөөг нас барсны дараа түүний үйл хэргийг нь үргэлжлүүлэхийг хүссэн” хэмээн тэрбээр ярив. Заманбол бага наснаасаа л ан ав хийхэд суралцжээ. Өндөр уулс руу авирч, шувууг үүрнээс нь барьж авсныхаа дараа гаршуулж, ан ав хийхэд сургадаг байна.  Анчин бүргэд хоёр ойртон нөхөрлөхөд хэдэн жилийн хугацаа зарцуулагдах нь ч бий. Анчид мөн өөрсдийн дуу хоолойгоо бүргэддээ таниулж, ойлголцдог. Түүнчлэн, эм бүргэд эр бүргэдээсээ илүү хүчтэй том байдаг учир ихэвчлэн эм бүргэдийг ан авд сургадаг гэнэ. 

Аюулгүй ажиллагаа ч чухал. Анчид ан хийхдээ өөрийн аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй бөгөөд ингэж чадаагүй тохиолдолд амиа ч алдах эрсдэлтэй. Тэр утгаар өнгөрсөн зуунд бүргэдтэй ан бараг л устжээ. Монголын Баян-Өлгий аймгийн Алтайн хязгаарт орших казах үндэстнүүд л энэхүү уламжлалыг хадгалан үлдсэн бөгөөд албан ёсны баримтаар бүргэдтэй ан хийдэг 400 казах анчин байдаг аж. 

Баян-Өлгий бол Монголын казах иргэд хүн амын ихэнхийг эзлэх, басхүү мусальман шашинтай ирдэг амьдардаг цорын ганц аймаг юм. Харин эдүгээ түүхэндээ анх удаагаа Алтайн казах үндэсний соёл, урлагийг гадныханд таниулах чухал үүргийг гүйцэтгэж байна. 

Тэнд “Бүргэдийн фести­валь” зохион байгуулагддаг бөгөөд хоёр өдрийн туршид жуулчдад нээлттэйгээр бүргэдтэй анчид өөр хоорондоо өрсөлддөг. 2014 оны бүргэдийн фестивалд түрүүлсэн Айшолпан охины тухай 2016 онд гарсан алдартай баримтат кино ч Алтайн казахчуудын соёлыг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тогтсон емэйл хаяггүй, зарим нь гар утасгүй ч, олон нүүдэлчин малчид, анчид цугларах нь логистик чадвар гэлтэй. Тэд олуулаа үнэг, чонын арьсан хувцас өмсч, морио унан шороон замд хатируулсаар цугларна. Улмаар наадмын үеэр хуучин ЗХУ-ын үед үйлдвэрлэгдсэн машинуудыг тал хээрт эгнэн зогсч, харин орон нутгийн худалдаачид арьсан хавтастай ном, аж амьдралын онцлогийг харуулсан бараа бүтээгдэхүүн худалдаалдаг. Харин хүүхдүүд нь зүлэг дээр суугаад, шагай нясалж тоглоно. Бүргэдийн фестивалийг зорих жуулчдын тоо ч жилээс жилд өсөн нэмэгдэж буй бөгөөд энэ жил л гэхэд албан ёсны тоон баримтаар 1000 гаруй жуулчин үзэж сонирхжээ. Энэ жилийн наадамд 120 анчин оролцож, хоёр үе шаттайгаар авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна. 
Харин Заманболын хувьд өвөг эцгийнхээ үйл хэргийг гүйцээхийн тулд бүргэдтэй ан хийж сурчээ. Гэхдээ одоогийн шувуу нь өвөөгийнх нь түүнд өвлүүлэн үлдээсэн шувуу биш юм. Учир нь бүргэдийг эцэст нь эх байгальд тавьдаг аж. Одоогоос нэг жилийн өмнө буюу 13 настайдаа Заманбол өвөөгийнхөө үлдээсэн бүргэдийг байгальд нь буцаан тавьж, өөрийн гараар анхныхаа бүргэдийг сургаж эхэлсэн байна. 

Бүргэдээ буцаан тавихдаа хонь төхөөрөх бөгөөд дараа нь шувууныхаа өрөөсөн хөлөнд улаан даавуу уяж, ууланд очин шувуутайгаа салах ёс гүйцэтгэдэг гэнэ. Заманбол “Надад мэдээж гунигтай байсан. Гэхдээ тэрнийг өөрийн дураар дүүлэн нисээсэй гэж хүссэн юм” хэмээн ярив” гэжээ.