ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Мөнхтуяа: Орон нутагт байгаа зайны сургалтын төвийг хөгжүүлэх талаар нэгдсэн бодлого хэрэгжүүлж байна

Д.Нэргүй
2018-12-26

МУБИС- ийн  Зайны сургалтын төвд хоёр долоо хоногийн хугацаанд “Цахим хичээлийн бэлтгэл” практик сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Салбар яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд зохион байгуулагдах цуврал сургалтуудын эхлэл юм. Энэ талаар МУБИС-ийн Мэдээллийн Технологи, Зайны сургалтын Албаны дарга, доктор /Рh.D/ Л.Мөнхтуяатай ярилцлаа.  

-Танай сургууль  байс­хийгээд л оюутан залуучуудаа хөгжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл олго­ход   хүртээмжтэй аж­луудыг зохион байгуулдаг. Үүний нэг “Цахим хичээлийн бэлтгэл” сургалт юм. Энэ талаар яриагаа эхэлье?

-Манай орны боловсролын тухай багц хуульд (2016) “... боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна” хэмээн заасан байдаг. Нөгөө талаас зайны, цахим, онлайн сургалтын тогтолцоог бий болгох талаар Зайны сургалтын үндэсний хөтөлбөр (2002), Цахим монгол үндэсний хөтөлбөр (2005) гэх мэт бодлогын олон баримт бичигт тусгасан байна. Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах хэрэгцээ, эдгээр баримт бичгүүдийг хэрэгжүүлэхийн тулд төр засгаас тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийсээр ирсэн. Тухайлбал, 2017 онд БСШУСЯ-наас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд МУБИС-ийг түшиглэн Дорнод их сургууль, МУБИС-ийн бүрэлдэхүүний Архангай аймаг дахь Багшийн сургууль, МУИС-ийн Завхан сургууль болон Ховд их сургуульд зайны сургалтын төв байгуулагдаж хамтын үйл ажиллагааг явуулж байна. Уг төслийн хүрээнд зайны сургалтын төвөөр дамжуулан орон нутгийн багш нарын чадавхийг дээшлүүлэх цуврал сургалт зохион байгуулагдана. 

-Энэхүү  бэлтгэл сургалт­ын гол зорилго юунд оршиж байна вэ?

-Энэ нь танхимын, зайны болон онлайн хэлбэрээр орон нутгийн их, дээд сургуулийн 2000 гаруй багшийн арга зүй, оюутны хөгжлийг дэмжин дээд боловсролын хөтөлбөрийн чанар, тэгш, хүртээмж­тэй байдлыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм. Дээрх сургалтын эхлэл болж, энэ сарын 10-наас хоёр долоо хоногийн хугацаанд “Цахим хичээлийн бэлтгэл” практик сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтын онцлог нь дээрх төсөлд хамрагдсан таван сургуулийн багш нар тодорхой судлагдахуун сонгон, МУБИС-ийн Мэдээллийн технологи зайны сургалтын алба, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Е-институт, МУИС-ийн мультимедиа студийн техник, технологи, тоног төхөөрөмжийг ашиглан цахим хичээл бэлтгэх дадлага хийж, туршлагажсан явдал юм. Багш нар энэ хугацаанд багийн хамтын ажиллагаагаар цахим хичээл бэлтгэх арга зүйд суралцаж, туршлагаа хуваалцаж, тулгарсан бэрхшээл, асуудлыг шийдвэрлэж, сургал­тын нэгдсэн платформд хичээлээ байршуулсан. 

-Сургалтын төслийн зөв­лөхүүд, их, дээд сургуулийн багш нар онлайнаар хичээл заах гэлээ. Энэ нь оюутан сурагчдад хэрхэн ач холбогдлоо өгөх бол?

-Сургалтын явцад төслийн зөвлөхүүд болон их, дээд сургуулийн профессорууд арга зүйн зөвлөгөө өгч, чиглүүлэг хийсэн бөгөөд “Цахим хичээлийн бэлтгэл” сургалтад оролцсон багш нар сонгосон нэр бүхий хичээлүүдийг 2018-2019 оны хичээлийн жилийн II улирлаас онлайнаар заах юм. Ингэснээр суралцагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах, нөгөө талаас багш нар танхимын болон онлайн хосолсон холимог хэлбэрийн сургалтын арга зүйгээ дээшлүүлэх боломж нэмэгдэнэ.     

-Хөдөө орон нутгийн сургуулиудтай хэрхэн хамт­ран ажиллаж байгаа вэ?

-Бид орон нутагт байгаа зайны сургалтын төвийг хөгжүүлэх талаар нэгдсэн бодлого, арга зүйгээр хангах стратеги төлөвлөгөө хийх, хэрэгжүүлэх, багшийн сургалт, судалгааны арга зүйг хөгжүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх, багш нарын олон талт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, онлайн, зайны сургалтын цахим материалын санг баяжуулах, ашиглах, цаг хугацаанаас үл хамааран мэдээллийг түргэн шуурхай хүргэх, ашиглах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байна. 2018-2019 оны хичээлийн жилд зайны сургалтын төвүүдийн нэгдсэн төлөвлөгөө гаргаж, МУБИС болон орон нутгийн сургуулийн санаачилгаар олон, үр дүнтэй ажлууд зохион байгуулагдаад байгаа. Тухайлбал, гадаад, дотоодын эрдэмтдийн онлайн лекц, уулзалт, хамтарсан төслийн багийн уулзалт, багш нар болон хөтөлбөрийн албаны мэргэжилтнүүдийн мэргэжлийг дээшлүүлэх онлайн сургалт, оюутнуудад зориулсан англи хэлний онлайн сургалт гэх мэт. 

-Төслийн үр дүнгээс (Цуврал сургалт болон бусад үйл ажиллагаа) ямар үр дүн хүлээж байгаа бол? 

-Энэ сургалт нь 2000 багшийг чадавхжуулах цуврал сургалтын эхлэл гэж өмнө нь дурдсан. Сургалтын үр дүнд хэрэгцээнд суурилсан онлайн болон танхимын сургалт (холимог) зохион байгуулах олон талт оролцоо бүхий хамтын ажиллагааны туршлага бий болж, багшийн арга зүй, оюутны сурах арга барил хөгжинө гэж үзэж байгаа. Жишээ нь, “Тусгай хэрэгцээт боловсролын онол, арга зүй” сургалтаар багш бэлтгэдэг их сургуулийн багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөг­жилд дэмжлэг үзүүлэх ган­цаарчилсан сургалтын хөтөл­бөр боловсруулах арга зүйд  суралцана. 

МУБИС-ийг түшиглэсэн “Зайны сургалтын төв” нь их, дээд сургуулийн багшийн арга зүйг хөгжүүлэх зайны сургалт зохион байгуулахаас гадна арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгаа, арга зүйн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, харилцан суралцах, мэдлэг, туршлагаа солилцох, хэлэлцэх үндсэн талбар болж хөгжинө гэж харж байгаа. Түүнээс гадна  ЕБС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, оюутан, их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан хөтөлбөр, сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах үйл явц нь төвүүдийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг болон өргөжинө. Дүгнээд хэлэхэд, дээрх зайны сургалтын төвүүд нь төслийн хүрээнд хязгаарлагдахгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг, бүс нутгийн сургалт, судалгааны төв болно гэсэн өөдрөг итгэлтэй байна.