ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Удам дамжсан багш

Ц.ЭНХТҮВШИН
2018-12-26

“Эгэл амьдрал” буландаа Ховд аймгийн Дарви сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн багш Чулуунбаатарын Аюурзаныг урьж ярилцлаа. 

-Холын хүнээс үг сонс гэдэгсэн. Ховд нутгаар өвөлжилт хэр байна вэ?
-Өвөлжилт тавтай сайхан байна. Манай энэ нутаг тал хангай хосолсон сайхан нутаг даа.
-Өөрөө яг энэ нутгийн хүн үү?
-Үгүй ээ. Би чинь Архангай аймгийн Ихтамир сумын хүн шүү дээ. Ханиа дагаад энэ сайхан нутгийн бэр болж ирсэн юм. Нэг л мэдэхэд таван жил болчихож. 2013 онд МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгсөөд  Ховдод ирээд багшилсан. 
-Хүүхэдтэй, тэр тусмаа цэцэрлэгийн хүүхэдтэй ажиллах гэдэг амаргүй биз. Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгов?
-Ухаан орох цагаасаа л багш гэдэг үгийг аав, ээж гэдэг үгтэй хамт сонсож, дуулж өсчээ. Ээж минь цэцэрлэгийн багш. Миний өссөн орчин гэр хэдий ч ихэнх цагаа цэцэрлэг дээр өнгөрөөдөг байсан нь намайг их багаасаа цэцэрлэгийн багш хэмээх эрхэм мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гэж боддог. Хүүхдүүд сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болох вэ гэсэн олон сонголтын өмнө ирдэг бол надад тийм зүйл байгаагүй. Би цэцэрлэгийн багш, тэр тусмаа ээж шигээ сайн багш болно гээд хүүхэд байхаасаа шийдчихсэн байсан. Хүүхэд багачуудын цангинасан дуу хоолой, инээд уйлаан сүлэлдсэн тэр л халуун дулаан орчноос өөр сайхан газар хаа ч үгүй мэт сэтгэгдэл намайг өнөөдөр ч тэр л орчинд ажиллуулж байна. Багш хүний хөдөлмөр, тэр дундаа  сургуулийн өмнөх боловсрол олгодог нандин цаг мөчийг нь хуваалцдаг цэцэрлэгийн багшийн ажил сайхны дээр хамгийн хариуцлагатай, үнэ цэнтэй ажил гэж боддог. Хүүхэд нялхсыг хүн болоход, нийгэм рүү хөл гишгэхэд анхны зам мөрийг нь заадаг цэцэрлэгийн багшийн ажлаараа үргэлж бахархдаг. Би хүний нялх үрсийн халуун гарыг өглөө бүр эцэг эхээс нь атгаж авахдаа “Өнөөдөр энэ хүүхдэд хэрэгтэй зүйл юу заах вэ,  яавал энэ өдрийг энэ хүүхдэд мартагдашгүй, аз жаргалтай байлгах вэ” хэмээн санаж,  бодож, сэтгэж ажилладаг. Тэр хэрээрээ хөдөлмөрлөж, бяцхан шавь нартаа үлгэрлэж гэмээн нь тэднийг дараагийн өглөө цэцэрлэг өөдөө яаран ирдэг, жинхэнэ баяр хөөрийг эндээс л олдог, багш нараа үгүйлэн санадаг жинхэнэ аз жаргалын эзэн болгоно хэмээн ойлгож, хичээж явна
-“Ээж минь багш” гэлээ. Та чинь удам дамжсан багш хүн байна шүү дээ. 
-Тийм ээ. Одоо ч миний ээж нас өндөр болсон ч багшийнхаа ажлыг хийсээр, бидний төдийгүй багачууд хүүхдүүдийн бахархал болсоор явна. Ээж минь одоо Архангай аймгийн Их тамир сумандаа багшилж байгаа.  Донхорын Эрдэнэцэцэг гэдэг. Нээрээ удам дамжсан багш гэснээс эгч минь багш, бас хоёр ах багш, бэр эгч багш гээд бид чинь гэр бүлээрээ шахам багш юм байна. Миний том нагац ах Донхорын Ганболд гэж Монгол Улсын гавъяат багш бий.  
-Хүний олон нялх хүүхэдтэй ажиллахад тийм амар биш байх. Тэр тусмаа одоо цагийн залуу ээж аав нар “Миний хүү, охиныг багш нь зодсон уу” гэсээр орой хүүхдээ авдаг гэж нэг ахмад багш ярьж байхыг сонссон. Ер нь эцэг эхийн харьцаа бас чухал биз?
-Тэгэлгүй яах вэ. Хүн хүний хүмүүжил, боловсролын түв­шин харилцан адилгүй байна.  Боловсрол, ахуй, орчин гээд хоорондоо өөр өөр гэр бүлийн өөр өөр зан араншинтай бяцхан багачуудад хүн байхын суурийг зөв тавьж гэмээн цэцэрлэгийн багш бидний хөдөлмөрийн үр шим болох буй за. Өглөө сэрээд цэцэрлэгтээ явна гэхээр дургүйцэж, уйлдаггүй харин ч баяр хөөртэйгөөр цэцэрлэгээ, багшаа зорин ирэх тэр бяцхан ертөнцийн зүрх нь баяртай, сэтгэл нь жаргалтай байлгахыг хичээж, зорьж зүтгэж яваа жирийн нэг багш хүн.
-Сайхан хүсэл мөрөөдөлтэй залуухан багшийн цалин хөлс амьдрал ахуйд нь хүрч байна уу?
-Хөдөө болохоор цалин боломжийн. Хүний л амьдрал хойно зарим үед хүрэхгүй тохиолдол гарна шүү дээ. Тэр үед нь урьдчилаад л дэлгүүрээс зээл аваад цалин буухаар л өгчихдөг юм. Зээлгүй бол хуримтлал үүсгээд амьдрахад боломж байна аа. Цалин бага зэрэг нэмэгдсэн болохоор амьдралд нэмэртэй зээлээ төлөөд үлдсэнээр нь хүргэж л байна. Гурван сард нэг удаа үр дүнгийн шагнал, хааяа бага зэрэг ур чадварын нэмэгдэл. Тэгээд орон нутагт ажилласан гээд 60 гаруй мянган төгрөг нэмээд авчихна.  Хань минь уурхайд том тэрэгний жолооч ажилтай. Боломжийн хэдэн төгрөг авна. Ингээд болоод л байгаа. Угаас хүн гэдэг амьтан сэтгэлийн амьтан. Болж байна гэвэл болж л байна. Болохгүй байна гэвэл болохгүй шүү дээ. Хүний хэрэглээ, шунал хоёр хязгааргүй.  Хотынхонтой адил унаа тэргэнд өгнө гэх юмгүй болохоор болчихдог. Гэхдээ нэг их хуримтлал бас бий болгож чадахгүй байгаа. Гэвч хичээж байгаа болохоор болно биз дээ. 
-Төрсөн нутгаа, гэрээ их санана биз?
-Саналгүй яах вэ. Ээжийгээ хачин их санадаг. Гээд яалтай билээ. Энэ нутгийн зон олон, хадмууд минь түшигтэй сайхан хүмүүсийн дунд амьдарч байгаа болохоор дутуугаа дүүргэж явна.  Анх ирснийхээ дараахан таних мэдэх хүнгүй, ах дүү амраг садан, ээжээсээ хол “нутаг гүйдэг адуу” шиг гүйгээд л явчихмаар санагддаг байсан үе олон бий. Хайр сэтгэлээ дагаад өөрөө ирсэн болохоор яалтай вэ гэж өөрийгөө тайвшруулдаг байсан. Одоо ч энэ нутгийн хүн болж дээ.
-Ховдыг олон ястны өлгий нутаг гэдэг. Дарвичууд чинь ер ямар ястанууд зонхилж байна вэ?
-Манай Дарвийнхан чинь  халхууд.  Энэ нутгаас эрдэмтэн докторууд олон төрсөн, оюун ухааны алдартнуудын нутаг. 
-Хязгаар нутагт ч гэлээ сайхан л амьдарч байгаа юм байна. Залуу хүний хувьд төв суурин бараадахсан гэж бодогдоно биз?
-Тэр бол мэдээж. Гэхдээ би Эрдэнэт юм уу Дарханд очиж амьдрах юмсан гэж нөхөртөө хэлдэг юм.  Хань минь нутагтаа байх дуртай. Бид хоёр сайхан хүүхэдтэй. Тэднийгээ жаахан томрохоор  сурч мэдэхийнх нь төлөө суурин газар бараадах байх.  Ер нь  залуу хүн хөгжил дэвшлийг дагадаг нь жам юм хойно би ч бас төв суурин бараадмаар байна гэж нөхөртөө хааяа хэлдэг юм. Одоогоор хань маань бас ажлаа бараадаж байх шиг байна. Гэхдээ эмэгтэй хүн болохоор бас наанатай цаанатай бодоод байх шиг. Таван жил гэдэг нэг бодлын бага юм шиг боловч нөгөө бодлын бас ч гэж хугацаа шүү. Бид айл орон болж тулгын галаа асааснаас хойш энэ таван жилд их л зүйл амжуулжээ гэж заримдаа бас бяцхан “хөөрнө” өө. Энэ хугацаанд зээл аваад байшин барьсан, цөөн тооны хэдэн малтай болсон. Бас хөл дүүжлэх өөрийн гэсэн унаатай болсон гээд  их юм амжуулж дээ. Амьдрал сайхан шүү.