ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирэх онд дэлхийн улс төр, эдийн засагт өрнөх үйл явдлууд

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-30

2018 он улирч, 2019 он гарах нь. Өнгөрөгч онд дэлхий дахины улс төр, эдийн засагт өөрчлөлт авчирсан олон үйл явдал болсон билээ. Аль эртнээс дайсагнасан харилцаатай байсан хоёр Солонгос хэлэлцээрийн ширээний ард сууж, долоон жил төрийн тэргүүний албыг хашсан Ким Жон Ун анхны гадаад айлчлалаа Хятадад хийсэн гэх мэтээр үйл явдал өрнөсөн юм. Он улирч буй энэ үед манай сонин өнгөрөгч онд болсон үйл явдлыг хураангуйлах бус, ирж буй шинэ онд дэлхий ертөнцийг юу хүлээж байгааг уншигчид даа сонирхуулахаар бэлтгэлээ. 

Худалдааны дайн

Ирэх онд дэлхий дахины улс төр, эдийн засаг, нийгэмд өрнөх үйл явцыг урьдчилан таамаглана гэдэг бэрх. Тэгэх ч боломжгүй билээ. Гэхдээ эдүгээ аль хэдийнэ тодорхой болсон зарим асуудал ирж буй шинэ онд хэрхэн өрнөх нь олны анхаарлыг татсан хэвээр байна. Үүний нэгдүгээрт АНУ-БНХАУ-ын худалдааны дайн. Улирч буй онд нэг нэгэндээ импортын өндөр татвар ногдуулж, худалдааны дайн эхлүүлсэн дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улс энэ сарын эхээр зохион байгуулагдсан ИХ-20-ын бүлгийн орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр түр зөвшилцөлд хүрсэн. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Хятадын зарим нэр төрлийн барааны импортын татварыг 25 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэрээ 90 хоногоор хойшлуулсан  юм. Харин эл дайн хэрхэн өрнөж басхүү, яаж төгсөх нь ирэх онд шийдэгдэнэ. Зарим шинжээчдийн үзэж буйгаар АНУ-Хятадын худалдааны дайн Бээжингийн шийдвэрээс хамаарч том өөрчлөлт авчирч болзошгүй аж.  Номхон далайн  нөгөө талд Ши Жинпин дэлхий дахин дахь нөлөөллөө улам бэхжүүлж буй энэ үед хоёр улс нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй бол худалдааны дайн дэлхийн эдийн засагт томоохон эрсдэл дагуулах магадлалтай. Хэдий “Их-20” бүлгийн орнууд эв нэгдэлтэй байгаа ч, эцэстээ дэлхийн эдийн засгийн хүйтэн дайныг эхлүүлж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Д.Трамп Хятадын барааны татварыг нэмэгдүүлэх шийдвэрээ хэрэгжүүлбэл БНХАУ-ын ДНБ-ний өсөлт 1.5 хувиар буурах гэнэ. Гэхдээ Бээжингийн тал эл асуудалд илүүтэй зөөлөн бодлого баримтална гэж шинжээчид таамаглаж байгаа юм. 

БРЕКСИК

Их Британи Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах асуудал ирэх онд ч дэлхийн улс төрийн анхаарал татсан сэдвийн нэг байх нь ээ. Угтаа ирэх оны гуравдугаар сарын 29-нд  тус улс Европын холбоог албан ёсоор орхих учиртай. Гэхдээ ингэхийн тулд маш олон бэрхшээл тулгарах бөгөөд Лондон, Брюссель хоёр Брекситийн эдийн засгийн сөрөг үр дагаврыг хамгийн бага хэмжээнд байлгахыг оролдоно гэдгийг хэвлэлүүд онцолжээ. Мөн Ерөнхий сайдаас эхлээд Засгийн газрын бүрэлдэхүүн нь  өөрчлөгдөж  ч болзошгүй нөхцөл байдалтай байгаа юм. Лондонгийн эрх баригчдын ЕХ-г орхин гарах гэрээг Британийн парламент батламжилсан тохиолдолд тус улс 2019 онд ЕХ-ны нэгдсэн зах зээлд шинээр үлдэх юм. Харин гэрээг батлаагүй тохиолдолд 2030 онд Их Британийн эдийн засаг  ЕХ-ны бүрэлдэхүүнд байх үеийнхээс долоон хувиар буурах төсөөлөлтэй байна. Гэхдээ эдийн засгийн эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд хоёр тал түр хугацаанд хэлэлцээр байгуулж, гэрээний 50 дугаар зүйлд заасны дагуу Брекситийн явцыг сунгаж болзошгүй аж. Гэхдээ хэлэлцээр үргэлжилж байхад Их Британийн Засгийн газар огцорч, шинээр сонгууль явуулахаар болсон тохиолдолд  ЕХ-ноос гарах асуудал улам эгзэгтэй болох юм. Энэ тохиолдолд Брексит ирэх онд  нэг талдаа шийдэгдэхгүй нь лавтай. 

Сонгуулиуд

Ирэх жил хэд хэдэн томоохон эдийн засагтай улсад улс төрийн сонгууль болно. Сонгуулийн дүн хэрхэхээс хамаарч, дэлхийн гадаад бодлого, зах зээлийн тогтвортой байдал өөрчлөгдөж болзошгүй байна. Тодруулбал, Аргентин, Энэтхэг, Индонез, Өмнөд Африк, Нигерид бүх нийтийн сонгууль явагдана. Мөн дэлхийн эдийн засгийн гол тоглогчид болох Канад, Австралид ч сонгууль болох юм. 

Газрын тос

Ираны газрын тосны олборлолт буурсны улмаас нефт экспортлогч ОПЕК-ийн олборлолт ч буурсан үзүүлэлттэй гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ойрх Дорнодын улс төр дэлхийн анхаарлын төвд байх нь. Учир нь АНУ-Ираны харилцаа ОПЕК болон бусад холбоотон улс орны эдийн засгийн харилцааны гол хөшүүрэг болох юм. АНУ-ын Саудын Арабтай харилцах харилцаа ч тэр анхаарал татаж байна. 
Өнгөрөгч арваннэгдүгээр сард ОПЕК-ийн газрын тосны олборлолт өдөрт ойролцоогоор 11 мянган баррелиар буурсан юм. Тус сард Ираны газрын тосны олборлолт өдөрт 380 мянган баррелиар буурч, гурван сая баррелиас бага хэмжээнд хүрсэн нь 2016 оны эхэн үеэс хойших хамгийн бага олборлолттой сар болсон байна. Харин энэ хугацаанд Саудын Арабын газрын тосны олборлолт нэмэгдсэн дүнтэй гарчээ. ОПЕК-ийн томоохон нефть олборлогчдын нэг болох Иран улс нь хэдэн сарын турш АНУ-ын хориг арга хэмжээнд байгаа билээ. Харин ирэх онд Иран-АНУ-ын гадаад харилцаа ямар байхаас ОПЕК-ын газрын тосны олборлолт хамаарах бололтой. 

Дайн дэгдэж болзошгүй бүс нутгууд

2019 онд Өмнөд Хятадын тэнгис, Украин, Персийн булан, Солонгосын хойгт дайн эхэлж болзошгүй хэмээн олон улсын судлаачид онцолжээ. Тодруулбал, “The National Interest”  сэтгүүлд АНУ-ын цэргийн сургуулийн профессор Ричард Фарли нийтлэл бичиж хэвлүүлсэн байх бөгөөд тэрбээр  хамгийн эхний халуун цэгийг  Өмнөд Хятадын тэнгис гэж үзсэн байна. Тухайн хэсэгт  АНУ, Хятад сөргөлдөөнтэй байгаа юм. Харин дайн дэгдэж болзошгүй хоёр дахь цэг нь Украин аж. Тэрбээр “Керчийн хоолойд болсон үйл явдал нь бүс нутгийн хэмжээнд хурцадмал байдал үүсгэж байна. Украинд ирэх ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиар тодорхой бус байдал үүсэх болно. Персийн булан нь АНУ-аас Иран улсад үзүүлж буй эдийн засгийн дарамт, Йемен, Сирийн зөрчилдөөнөөс үүдэлтэй зөрчилдөөнөөс болж “халуун” бүс нутаг хэвээр байна. Тогтворгүй байдлын илрэл нь АНУ, Орос, тэр ч бүү хэл Хятад улс хооронд нээлттэй маргаан үүсгэж болно. “Халуун бүс”-ийн рейтингэд Солонгосын хойг мөн багтаж байна. Вашингтон, Пхеньян хоёрын харилцаа нь ямар ч үед доройтож болох бол, Хятад, Япон зэрэг бусад чухал тоглогчид Солонгосын асуудал дээр ялгаатай байр суурьтай хэвээр байна. Мөн “халуун цэгүүд” үе үе бусад бүс нутагт үүсч болох юм” хэмээн бичжээ.