ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Баатарсайхан: Хууль эргэж үйлчлэхгүй учраас нэг ч Төрийн нарийн бичгийн дарга ажлаасаа халагдахгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-30

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайханыг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.

-Төрийн албаны шинэ хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хуульд ямар гол өөрчлөлтүүд орсон бэ.  Энэ талаар мэдээлэл өгөөч?

-2017 оны арванхоёрдугаар сард төрийн албаны хууль шинэчилсэн найруулгаар батлагдсан. Ирэх оны эхний өдрөөс мөрдөгдөх гэж байна. Сүүлийн 6.5 жил Төрийн албаны хуулийг шинэчилье, нэмэлт өөрчлөлт оруулъя, бүр өөр хууль болгоё гэсэн олон янзын санал гарч, маргаан үүсгэж байлаа. Харин Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017 оны хоёрдугаар сард УИХ-д Төрийн албаны хуулийг шинэчилсэн найруулгаар батлах төслийг өргөн барьсан. Ингээд 6.5 жилийн хугацаанд ярьж байсан ажил биеллээ олж, хууль өргөн барьснаас хойш удалгүй батлагдсан. Монгол Улсын төрийн алба тогтворгүй, халаа сэлгээ ихтэй байна гэж маш их ярьсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байдаг орнуудын хууль тогтоомжоос ч суралцах шаардлага байлаа. Тухайлбал, Канад, Солонгос, Японы, Гүржийн туршлагаас суралцаж, багагүй мэдээллийг цуглууллаа. Түүнээсээ ч хуульд тодорхой хэмжээнд тусгаж өгсөн. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын ажлын байрыг тогтвортой болгох шаардлагатай байна гэж их ярьсан. Шинэ хуульд тусгаж өглөө. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаанд анхааръя гэж олон жил ярьсан. Бас л шинэ хуульд нийгмийн баталгааг хангахтай холбоотой заал­тууд орууллаа. Шинэ хуульд орсон нэг шинэлэг зүйл нь төрийн албан хаагчийг дотроос нь шатлан дэвшүүлдэг тогтолцоог бий болгож байгаа юм. Үүнтэй холбогдуулаад төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлдэг, дүгнэдэг аргачлалыг сайжруулах нь зөв гэж үзэж, хуульд тусгасан. Мөн төрийн албан хаагчийг давтан сургадаг, мэргэшүүлдэг сургалтын багц хөтөлбөртэй болгоно. Зарим зүйлийг энд орхигдуулсан байхыг үгүйсгэхгүй шүү. 

-Шатлан дэвшүүлнэ маш чухал. Насаараа нэг салбарт ажиллаж байгаа хүнд тогтвортой ажилласныхаа төлөө ахиж дэвших боломжийг олгож байгаа хэрэг биз дээ?

-Төрийн захиргааны албан хаагчдын хамгийн дээд албан тушаал Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах алба байдаг. Төрийн албанд он удаан жил ажилласан, шаардлага хангасан хүнд энэ албан тушаалд хүрэх боломж бий. Гэхдээ төрийн захиргааны албанд тусгай шаардлага тавихаар хуульчилж өгсөн. Өнөөдөр 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга 13 өөр туршлагатай, мэргэжилтэй, боловсролтой байгаа. Харин шинэ хуулиар арай өөрөөр зохицуулж өгсөн. Мэргэжлийн хувьд өөр байхыг үгүйсгэхгүй, салбар болгон өөр юм чинь. Туршлагын хувьд ижил байлгахаар хуульчиллаа. Төрийн албанд 16 жил ажилласан, тэгэхдээ эрхэлсэн түшмэлээр найман жил ажилласан хүнийг Төрийн нарийн бичгийн дарга болгоё гэж хуульчилж өгч байгаа юм. Харин эрхэлсэн түшмэлийн алба буюу яамны газрын дарга, агентлагийн дэд дарга, аймаг, нийслэлийн Тамгын газрын дарга, Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга гэх мэт албан тушаалд ажиллах хүмүүс төрийн албанд 12 жил ажилласан байя. Ахлах түшмэлийн албанд очих бол төрийн албанд дөрвөн жил ажилласан байя гэх мэтээр шатлуулаад, хуульчлаад өгчихсөн. Энэ бол албан тушаалд очих хүмүүс төрийн албаны тодорхой туршлагатай байх шаардлагыг бий болгож байгаагаараа онцлог. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүн өмнө нь эрхэлсэн болон ахлах, дэс түшмэлээр тодорхой хугацаанд ажилласан байх шаардлагыг бий болгож гэсэн үг. 

-Салбараа сайд мэддэг хүнийг удирдлагаар томилох нь ээ дээ?

-Нэг талаараа тийм.  Нөгөө талд нь төрийн албанд хувийн хэвшил, Төрийн бус байгууллагаас хүн орж ажиллаж болохгүй юм уу гэдэг шүүмжлэл гарч байгаа.  Бид төрийн албаны 24 жилийн түүхэнд хувийн хэвшлээс, ТББ-аас ч хүн авч ажиллуулсан. Төрийн алба дотроосоо ч хүмүүсийг дэвшүүлж ажиллуулж үзсэн.  Энэ хугацааны туршлагаас харахад, цаашид төрийн албандаа ажиллаж байсан, мэргэжилтнээс нь авахуулаад удирдлагаа хүртэл ажилласан, дадлагажсан хүнийг ажиллуулах нь дээр юм байна гэж үзэж, тийм заалтыг хуульд тусгаж өгсөн юм. Түүнээс гадна, мерит тогтолцоог бий болгоно. Мерит тогтолцоо гэхээр хүмүүс зөвхөн ажилд томилох тогтолцоо гэж ойлгоод байгаа юм. Доод албан тушаалаас нь дээш нь аваад тавьчихдаг л тогтолцоо юм байна гэсэн ойлголт түгээмэл болсон. Харин бид шинэ хуульд мерит тогтолцоог цогцоор нь оруулж өгсөн. Ажилд томилохдоо, ажлыг нь дүгнэхэд, ажлаас чөлөөлөхөд, шагнаж урамшуулахдаа мерит тогтолцоог барихаар оруулж өгсөн байгаа.  Харин мерит тогтолцоо зөрчилтэй байгаа эсэхийг хянадаг Хүний нөөцийн аудиттай байхаар хуульд тусгаж өгсөн. Меритийн тогтолцоо хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг хянана. Тэгэхээр төрийн албан хаагч үнэхээр чадвартай, мэдлэгтэй бол төрийн албанд ахиж, дэвшээд ажиллах боломж нь улам нэмэгдэж байна гэсэн үг. Түрүүнд би цухас дурдсан даа, төрийн албан хаагчийг байнга сургадаг, мэргэшүүлдэг болно гэж. Төрийн албан хаагч жилдээ 2, 3, 5 ч юм уу кредит цагийн сургалтыг заавал авдаг байна. Сургалтад хамрагдах бололцоог бай­гууллага нь хангаж өгнө. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд төрийн албан хаагчдыг сургадаг сургалтын байгууллага байгуулна.  Удирдлагын академийн бүрэлдэхүүн сургууль болгож сургалтын байгууллагаа байгуулж байна. Энэ байгууллага зөвхөн төрийн албан хаагчдад, туслах, ахлах, эрхэлсэн, тэргүүн түшмэл гэх мэт ангилал ангиллаар сургана. Мөн салбараар нь ангилж сургана. Эрүүл мэнд, банк санхүү, боловсрол, хяналт шинжилгээ, үнэлгээ­гээр нь гэх мэт. Цаашлаад ёс зүй сахиулахтай хол­боо­той сургалт ч бас байна. Сур­галтын агуулга, хөтөл­бөрийг Засгийн газар, Төрийн албаны зөвлөл хамтарч батална гээд хуульчлаад өгчихсөн. Удахгүй батална, хөтөлбөрөө боловсруулчихсан байгаа. 

-Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаатай хол­боотой заалтууд хуульд ор­сон гэсэн. Жаахан дэлгэ­рэнгүй мэдээлэл өгвөл. Төрийн албан хаагчид маш их сонирхож байгаа нь тодорхой?

-ТҮ гэдэг ангиллаар ажилладаг албан хаагч тэтгэвэрт гарахдаа 36 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа авах эрхийг үүсгэж байгаа. Төрийн албанд ТҮ гэдэг ангиллаар ажиллаж байгаа албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно гэж хуульчилж өгсөн. Төрийн захиргааны албан хаагчдад илүү цагийн хөлс олгох зохицуулалтыг хийж байгаа. Гэхдээ урамшуулал олгож эхлэх хугацаа ирэх оноос хэрэгжихгүй. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж энэ заалтууд мөрдөгдөнө.  Хуульд орсон гол өөрчлөлтийн нэг нь төрийн албан хаагчдаас шалгалт авдаг тогтолцоо арай өөр болсон. Өнөөдөр нэг шалгалт өгчихөөд нөөцөд ордог, тэгж байгаад дарга болоод дэвшдэг тохиолдол бий. Үүнийг өөрчилж, төрийн албан хаагчдын ерөнхий шалгалтыг нэг авна. Ерөнхий шалгалтад орсон хүн шууд ажилд орохгүй. Албан тушаалын шалгалт гэж авахаар болсон. Тэгэхээр хоёр шалгалт өгч байж ажилд орох нь.  Мэргэжилтнээр ажиллаж Дорж тасгийн дарга болбол тусгай шалгалт буюу албан тушаалын шалгалт өгнө. Хэлтсийн дарга болбол дахиад өгнө. Гэх мэтээр албан тушаал ахих болгондоо шалгалт өгөхөөр болж байгаа.  Өнөөдөр төрийн албанд ажилд орох гэсэн хүмүүсээсээ сорилын болон ярилцлагын шалгалт  гэж өгдөг. Шинэ хуульд долоон шалгалттай гэсэн заалт оруулж өгсөн байгаа. Удирдах ур чадвар, манлайлах ур чадвар, сэтгэн бодох чадварыг тодорхойлох шалгалт. Үндэсний хэл, бичиг буюу монгол бичгийн шалгалт авна. Бусад гэж бас нэг ангилал бий. Гэх мэтээр долоон шалгалт авна. Төрийн албанд орох босгыг өндөрсгөсөн, уншуулж судлуулах зүйлийг нь нэмж байгаа юм. 

-Шинэ хууль мөрдөгдөөд эхлэхээр одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас шаардлага хан­гахгүй нь ажлаа өгөх үү. Тухайлбал, яамдын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа хүмүүс 16 жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг хангахгүй биз дээ?

-Төрийн албаны шинэ хууль буцаж үйлчлэхгүй. Тийм болохоор хууль журмын дагуу ажилд орсон, томилогдсон хүмүүс үргэлжлүүлээд ажлаа хийнэ. Харин хууль үйлчилж эхэлснээс хойш тодорхой хугацаанд салбар яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга гэх мэт төрийн захиргааны дээд албан тушаалд ажилладаг хүмүүс ямар нэг байдлаар ажлаа өглөө гэж бодъё. Тэгвэл оронд нь нэг хүн томилогдож таарна. Тэр хүн шинэ хуулийн зохицуулалтаар, шаардлагыг хангасан байх ёстой гэсэн үг.  Гэхдээ 2020 он гэхэд  аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг зайлшгүй чөлөөлнө гэж хуульд заасан байгаа. Хэдийгээр сая дурдсан албан тушаал хашиж байгаа хүмүүс шинэ хууль мөрдөгдөж эхлэхээр ажлаа өгөхгүй ч гэсэн 2020 оны гурав байна уу, тавдугаар сард заавал өөрчлөгдөнө. 

-Сонгууль болгоны дараа төрийн албан хаагчдыг бөөн бөөнөөр нь ажлаас халдаг. Шинэ хуульд энэ асуудлыг болиулах ямар нэг заалт орсон уу?

-Сонгууль болгоны дараа бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халдаг. Шинэ хуулиар үүнийг хориг­лосон. Ажлын байрны тодорхойлолтыг өнөөдрийн байдлаар томилох эрх бүхий байгууллагын албан тушаалтан өөрөө баталдаг. Дорж гэдэг хүнийг гурван жил төрийн албанд ажилласан, хүний их эмч мэргэжилтэй гэж бичээд ажилд авах боломж өнөөдрийн хуульд байгаа. Шинэ хуулиар тийм боломж байхгүй. Байгууллага стратеги төлөвлөгөөтэй байна гэдэг заалт орсон. Өмнө нь хуульд ийм заалт байгаагүй. Тэгээд стратеги төлөвлөгөөг төсвийн ерөн­хийлөн захирагч дөрвөн жилийн хугацаатай батална гэж хуульд зааж өгсөн. Дөрвөн жилийн хугацаагаар батлагдсан стратеги төлөв­лөгөөнд тулгуурлаж тухайн байгууллагын төс­вийн ерөнхийлөн захирагч жилийн гүйцэтгэлийн төлөв­лөгөөг батална. Гүйцэт­гэлийн төлөвлөгөөнд тул­гуур­лаж ажлын байрны тодор­хойлолт батлагдана.  Тэгэхээр хууль тогтоомжид өөрчлөлт ороогүй л дөрвөн жилдээ хамаагүй хүн халж, солиод байх боломж бага. Хоёрдугаарт, ажлын байрны тодорхойлолтыг байгууллагаа өөрсдөө боловсруулаад, баталдаг байсан. Шинэ хуулиар албан тушаалын тодорхойлолт болгож өөрчилсөн. Албан тушаалын тодорхойлолтыг байгууллага өөрсдөө боловсруулна. Харин батлахдаа Төрийн албаны зөвлөл, түүний эрх шилжүүлсэн байгууллагын зөвшөөрлийг авах ёстой. Өөрөөр хэлбэл, яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл зөвшөөрөл өгөөгүй байхад батлах боломжгүй гэсэн үг.  

-Төрийн албан хаагчдын хариуцлагын тогтолцоог шинэ хуульд хэрхэн тусгав?

-Хариуцлагын тогтолцоог чангатгасан. Өнөөдөр Төрийн албаны хуулийг зөрчсөн албан тушаалтан төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдаж байгаа. Тэгвэл шинэ хуулиар төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдана. Өнөөдрийн хуульд ганцхан л тохиолдолд жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдах заалт бий. Шинэ хуульд хэдэн зохицуулалтыг оруулж өгсөн. Бүгдэд нь гурван жилийн хугацаанд эргэж төрд ажиллах эрхгүйгээр халагдана. Нэг жишээ хэлье. Ямар нэг улс төрийн албан тушаалтан байгууллага, төрийн албанд нөлөөлөөд байвал, ингэж ингэж нөлөөлж байна гэдэг нотолгоог нь гаргаад. Улмаар ингэж нөлөөлж байгаа учраас албан тушаалаас нь чөлөөлж өгнө үү гэдэг мэдэгдлийг Төрийн албан төв байгууллагаас Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид хүргүүлэх боломжтой болсон.

Хариуцлагыг нэлээд хатуу тооцдог болно гэж ойлгох хэрэгтэй. Зөвшөөрөл, лиценз олгодог албан тушаалтнууд байна. Гарын үсэг зурдаг нөхдүүд гэсэн. Тийм албан тушаал хашдаг нөхдүүд хууль бусаар зөвшөөрөл өгсөн. Эсвэл хугацааг нь худлаа тооцож гаргаж өгсөн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн албанд гурван жил ажилласан байна гэдэг тодорхойлолт гаргаж өгөх боллоо гэж бодъё. Хоёр жил, 10 сар ажилласан хүнд гурван жил ажилласан байна гээд тодорхойлолт гаргаад өгчихсөн байвал хариуцлага тооцно. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, хэрэг нь шүүхээр шийдэгдсэн иргэн төрийн жинхэнэ албанд эргэж орох боломжгүй болсон. Шинэ хуульд орсон нэг гол зохицуулалт энэ.  

-Төрийн албанд цөөнгүй жил ажиллаж байгаа хүн дэвшиж чадаагүй байтал их, дээд сургууль төгсөөд удаагүй нэг залуу томилогоогоор дарга болчихдог. Эсвэл нэг дуучин агентлагийн дарга болдог гэдэг хэл ам байдаг. Шинэ хууль мөрдөгдөөд ирэхээр яг ийм маягаар дарга болсон хүмүүсээс ядаж шалгалт ч болов авахгүй юм уу?

-Би түрүүнд хэлсэн, хууль эргэж үйлчлэхгүй гэж. Түүнээс гадна, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга гээд том албан тушаалтнуудыг жишээ татаж яриад байна даа, хоёулаа. Түүнээс доогуур, менежерийн үүрэг гүйцэтгэдэг газар, хэлтэс, агентлагийн дарга гээд хүмүүс бий. Тэднээс шалгалт авах боломж байхгүй. Тэр хүмүүс ажлаа хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байгаа тохиолдолд шалгалт авна, тэнцэхгүй бол хална гэж хэлэх боломжгүй. Дараа нь ажилд орох хүмүүсийг л шинэ хуулийн зохицуулалтын дагуу шалгуур тавьж авна. Нэгэнт ажлаа хийж байгаа хүмүүсийн эрхийг хамаагүй хөндөж болохгүй биз дээ. Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийнхаа эрх ашгийг хамгаалж байх ёстой. 

-Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хүнд суртал гаргадаг гэдэг хэл ам огт тасардаггүй. Харилцаа хандлагын доголдол ч их байна гэж иргэд байнга гомдолдог. Тэгвэл шинэ хуульд энэ бүхнийг засаж, сайжруулах ямар заалт орсон бэ?

-Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын ажилчдын ёс зүйтэй холбоотой асуудалд Төрийн албаны төв байгууллага хяналт тавьж ажиллана. Өнөөдрийн байдлаар зөвхөн төрийн захиргааны байгууллагын ажилчдад хяналт тавьдаг юм. Шинэ хуулиар үүнийг өөрчилж, үйлчилгээний байгууллагын ажилчдын ёс зүйд ч хяналт тавина гэсэн үг.  Хүнд суртал, харилцаа хандлага гэдэг өөрөө хоёр талтай. Манай иргэд өөрсдөө хууль эрхзүйн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай. Юм л бол төрийн алба болохгүй байна гэж хэлэмгүй байна. Тухайлбал, нэг иргэн төрийн аль нэг байгууллагад өргөдөл, гомдол гаргана. Монгол Улс өргөдөл, гомдлын хуультай. 30 хоногийн дотор өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ёстой. Шаардлагатай бол дахиад 30 хоногоор сунгаж болдог. Гэтэл манай иргэд бичиг хэрэгт нь өргөдөл, гомдлоо өгчихөөд, доошоо буухдаа даргынх нь өрөөнд ороод “Би танайд өргөдөл, гомдол өгсөн. Өргөдлийнхөө хариуг хурдан авмаар байна” гэж маргаан үүсгэдэг. Тэгээд төрийн албаныхан хүнд суртал гаргалаа гэж уурлана. Ингэж болохгүй биз дээ. 

-Төрийн албаны шалгалт хуудуутай, улстөрчид хүнээ шахдаг. Бүх шалгалтыг нь сайн өгөөд, нэгээр гарсан ч ярилцлагынхаа дараа өөр хүнийг авдаг гэдэг гомдол маш их гардаг. Тэгвэл долоон шалгалт авдаг болсноор эрх мэдэлтэн өөрийнхөө хүнийг төрийн албанд шахдаг буруу тогтолцоо алга болох уу?

-Үүнийг л өөрчлөхийн төлөө бид эрхзүйн шинэтгэл хийж байгаа гэж ойлгож байгаа.  Үнэхээр ажил хийж чадахгүй, албан тушаалыг бөглөсөн, орон тоо хаасан нөхдүүд төрийн албанд ажиллаж байгаа гэвэл ажиллаж л байна. Нуугаад байх юм алга. Үүнийг л бид алга болох ёстой. Улстөрчид ч гэсэн эх орныхоо төлөө л ажиллаж байгаа юм бол мэдлэгтэй, чадвартай, боловсролтой, тэр ажлыг хийж чадах хүнд ажиллах боломжийг нь олгодог байх хэрэгтэй.  Бидэнд өнөөдөр тулгарч байгаа хамгийн хүнд асуудал энэ. Улстөрчийн нөлөөллөөс болж ажлаа хийж байсан албан хаагчид тогтворгүй байдалд ордог, цаашид ажиллах итгэл найдваргүй болдог. Би энэ шалгалтыг өгөөд байгаа ч болохгүй байна гэж иогэл найдвараа алддаг байхгүй юу.  Тэгээд л биднийг буруутгадаг. Тэр битгий УИХ-ын гишүүд хүртэл биднийг загнадаг. “Та нар Япон, Солонгос, Хятад шиг шалгалт авч яагаад чаддаггүй юм” гэж. Гадаад орнуудын төрийн албанд ажилд авахдаа авч буй шалгалтын 90 хувь нь ярилцлага байгаад байна. Монголд ярилцлагаар тодруулж авах гэхээр сонин байдалд орчихдог. Тэгэхээр гадаадын туршлагаас авчих боломж алга. Тиймээс л төрөлжүүлж байна. Долоон шалгалтын зарим нь тест, бодлого байх юм.

-Шинэ хуульд нэг анхаарал татах заалт орсон байна. Хэрвээ тухайн хүний ур чадвар, мэдлэг, туршлага  хангалттай гэж үзвэл албан тушаалд томилоход ажилласан жилийн шаардлагыг 50 хувиар бууруулж болно гэдэг заалт. Яагаад ийм заалт оруулсан юм бэ. Энэ чинь өнөөх улстөрчдийн нөлөөллийг оруулах хуулийн цоорхойг бий болгоод байгаа юм биш үү?

-Хэвлэлийнхэн, иргэд, төрийн албан хаагчид өөрсдөө хүртэл яг ийм байр суурийг илэрхийлж, асууж байгаа. Төрийн албаны шинэтгэлийг хийе гэж хуульд өөрчлөлт оруулсан. Ахиж, дэвшиж ажиллах, албан тушаалд томилогдоход 4, 8, 12, 16 жил ажилласан байх ёстой гэсэн хугацаа зааж өгчихөөд яагаад ийм заалт оруулав гээд байгаа. Төрийн албанд гэнэтхэн огцом өөрчлөлт оруулахад үнэхээр эрсдэлтэй байна. Тэр утгаараа хуульд ийм заалт оруулж өгсөн. Нөгөө талаас, зөвхөн хугацааны шаардлага хангаад л дарга болчих юм биш. Хугацааны 50 хувийг хангасан хүн байлаа гэж бодъё. Тэр хүн ямар нэг байгууллага, хамт олонтой байж таарна, тэднээрээ ёс зүйн дүгнэлт гаргуулна. Хоёрдугаарт, багц сургалтын шаардлагыг хангасан байна. Гуравдугаарт, албан тушаалын шалгалтаа өгнө. Хугацааг 50 хувиар татаж болно гэдэг бол дөрвөн шалгуурын зөвхөн нэгийг л бууруулсан хэрэг.  Ийм л зохицуулалт.  Тэгэхээр хугацааны 50 хувийг хангачихаад шууд дарга болдог, улстөрчид өөрийнхөө хүнийг шахах боломж үүснэ гэж ойлгож болохгүй. 

-Нэг дарга томилогдож очоод ажилчдаа халдаг, чөлөөлдөг. Өнөөх нь намайг хууль бусаар халсан гэж заргалдаад, баахан тэтгэмж, мөнгө төрөөс авдаг гэдэг хэл ам бас бий. Тэр ч битгий хэл “Шинэ дарга ирээсэй. Халагдчихаад, шүүхдээд буцаж ажилдаа ороод, мөнгө авах юмсан” гэж яриад сууж байдаг хүмүүс ч бий гэдэг үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа байдаг.  Энэ асуудлыг шинэ хуулиар яаж зохицуулж байгаа вэ?

-Яг тийм хүмүүс байдаг гэж би хэлэхгүй. Ер нь бол дөрвөн жилийн циклтэйгээр төрийн албан хаагчид бужигнадаг уу гэвэл тийм. Халаа, сэлгээ болдог. Дараа нь бүтцийн өөрчлөлт нэрээ бас баахан бужигнуулсан. Мөн баг бүрдүүлэх гэдэг нэрийдлээр ч олон хүнийг халж, сольж байсан. Одоо бүтцийн өөрчлөлт гэдэг аргыг илүү ашиглаж байгаа. Нэг яамны нэрийн дунд нь ганц үг нэмж оруулаад, бүтцийн өөрчлөлт гэж хэлээд байдаг. Бүтцийн өөрчлөлт гэдэг тухайн байгууллагын чиг үүрэгт өөрчлөлт орсныг хэлэх ёстой байх. Тэгэхгүй Барилгын яам гэж байсныг барилга, хот байгуулалтын яам болгохоор бүтцийн өөрчлөлт болчихгүй гэдгийг манай эрдэмтэн, судлаачид хэлдэг. Өөрийн чинь асуусан асуулттай холбоотой зохицуулалтыг шинэ хуульд оруулж өгсөн. Төрийн албан хаагчийн эрх нь зөрчигдсөн, шүүхээр шийдвэрлэгдсэн асуудалтай холбоотой асуудлыг Төрийн албаны  зөвлөл  хууль, хяналтын байгууллагатай хамтарч бүртгэл хөтөлнө. Дорж гэдэг албан хаагчийн эрх зөрчигдөж, ажлаас халагдсан юм байна. Шүүхээр шийдвэрлэгдээд, буцаад ажилдаа орох болж. Ажилдаа орсон уу, нөхөн олговрыг нь олгосон уу гэдгийг төрийн албаны төв байгууллага бүртгэж, хөтөлнө. Хоёрдугаарт, төрийг төлөөлж Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргана. Нэхэмжлэл гаргахдаа, “Буруутай  шийдвэр гаргасан танаас болж энэ албан хаагч хохирсон байна. Хохирол нь тэдэн төгрөг боллоо. Шүүхийн шийдвэрийг биелүүл” гэсэн нэхэмжлэлийг Төрийн албаны зөвлөл гаргахаар шинэ хуульд тусгасан. Халсан хүнээс нь мөнгөө нэхэмжилнэ. Одоо ч уг нь тийм тогтолцоо байгаа. Тэр болгон хэрэгжихгүй байгаа болохоос биш. Захиргааны ерөнхий хуульд буруутай шийдвэр гаргасан нь шүүхээр тогтоогдвол эхлээд тухайн хүнийг хохиролгүй болгох мөнгийг байгууллага гаргаж өгнө. Дараа нь байгууллага, төрийн хохирлыг буруутай шийдвэр гаргасан хүнээс нь гаргуулж авна гэсэн заалттай. Энэ зохицуулалт Төрийн албан шинэ хуульд ч бас бий.  Тийм болохоор хэн нэгэн улстөрчийн нөлөөгөөр буруутай шийдвэр гаргачихаад, өөрөөсөө мөнгө гаргаж төлөөд байх толгой нь эргэсэн дарга байхгүй байлгүй дээ. Тэгээд эцэст нь хэлэхэд, төрийн бүх шатны албан хаагчид хуулийг хэрэгжүүлээд, хууль тогтоох зарчмыг дээдэлж ажиллаасай гэж хүсэх байна.