ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зөвхөн тоолууртай, ялгах өнгөтэй таксиг л үйлчилгээнд явуулах ёстой гэв

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-05

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар танилцуулсан байна. Хурлаар шинээр барьж, ашиглалтад оруулж буй хорооллуудад автомашин ороод гацах нөхцөл үүсээд тул ямар байгууллага хашаатай байж болохыг журамласан журмын төслийг улам боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн байна. 

Мөн  ирэх хоёрдугаар сараас Энхтайваны өргөн чөлөөнд хүүхдийн автобусны шинэ чиглэл турших зэрэг олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцсэн асуудалтай холбогдуулан зарим үүрэг, чиглэлийг өгчээ.

Тухайлбал, Газар чөлөөлөх журмыг нийслэлийн ИТХ-д оруулан хэлэлцүүлж, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг нийслэлийн Газрын албаныханд, замын засвар, бүтээн байгуулалтыг мөн гуравдугаар сараас эхлүүлэхийг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт үүрэг болгосон байна.

Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төв болон цагдаагийн байгууллагад боломжтой бүх хувилбараар хөдөлгөөний зохицуулалт хийх, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашинуудын тоон судалгааг гаргаж,  шинээр автомашин бүртгэхдээ аюулгүй байдлыг хүрээнд ямар зохицуулалт хийж болох юм гэдгийг судлах үүрэг өглөө.

Харин нийслэлийн Тээврийн газарт таксины үйлчилгээг цэгцэнд оруулах үүрэг өгсөн байна. Замын хөдөлгөөний зохиомол түгжрэл нэмэгдэхэд таксины нөлөөлж буйгаас гадна таксинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж буй учраас үйл ажиллагааг нь цэгцэлж, зөвхөн тоолуур, тэмдэгтэй, ялгах өнгөтэй таксийг хотод явуулах ёстой гэж нийслэлийн ИТХ-ын дарга үзсэн байна. Энэ тухайд санал боловсруулж, нэгдүгээр сарын 15-ны дотор танилцуулахыг нийслэлийн Тээврийн газрынханд үүрэг болгожээ.