ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын хүн амын өсөлт 2030 онд зогсоно

O.Admin
2019-01-06

Манай гаригийн хамгийн их хүн амтай улс бол Бүгд найрамдах Хятад ард улс. Тус улсын өнөөгийн хүн амын тоо 1.4 тэрбум юм. Тэгвэл эдүгээ ийм тооны ард иргэдтэй улсын хүн ам ирэх жилүүдэд буурч, зогсох төлөвтэй байгааг шинжээчид онцолжээ. 

Хятад хэдэн арван жилийн турш хүн амын өсөлтийг хязгаарлах бодлого баримталж, нэг өрх зөвхөн нэг хүүхэдтэй байхыг хуульчилсан байдаг. Гэвч, энэ нь өнөөгийн Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж, ажил хийх насны залуусын тоо буурч, тэтгэврийн насныхан нэмэгдэх  болсноор 2016 онд цуцалж буйгаа зарласан юм. Улмаар өрхүүд хоёр хүүхэдтэй болох боломж нээгдсэн.

Гэсэн хэдий ч, энэ нь урт хугацаандаа гэхээс бус ойрын ирээдүйд ямар ч өөрчлөлт авчрахгүй харин ч хүн амын тоо нь буурах төлөв ажиглагдаж байна. АНУ-ын Висконсин Мадисон их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар 2018 онд тус улсын хүн ам 2.5 саяар анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарчээ. Судлаачид өмнө нь 2018 онд тус улсын хүн амыг 790 мянгаар өснө хэмээн таамаглаж байсан ч, судалгааны үр дүн эсрэгээрээ гарсан нь олны анхаарлыг татсан юм.

Мөн Хятадын хүн ам 2029 онд тэрбум 44 сая хүрч өсөх боловч, үүнээс хойш өсөлт нь зогсч, буурах төлөвтэй байгааг албаныхан мэдэгдэв. Хятадын нийгмийн судалгааны академийн мэдээлснээр, тус улсын Засгийн газраас ажилах хүчний тоо багасч, ахмад настнуудын тоо нэмэгдэж буйг бодолцож, тохирох бодлого боловсруулах шаардлагатай болсон байна. НҮБ-ын тооцооллоор Хятадын хүн ам өдгөө тэрбум 41 сая хүрчээ.

Судлаачдын үзэж буйгаар төрөлт энэ хэвээр үргэлжилбэл энэ зууны дунд үе гэхэд Хятадын хүн ам тэрбум 36 сая болж буурах бөгөөд  ажиллах хүчний тоо 200 саяд хүрэх гэнэ. Улмаар 2065 он гэхэд Хятадын хүн ам тэрбум 17 сая болж буурах төлөвтэй байна.

Одоогоор хөдөлмөрийн насны хүн амын өсөлт зогсонги байдалтай байгаа юм. Ирэх жилүүдэд ч энэ байдал хэвээр хадгалагдаж, төрөлт буурч, ахмад настнуудын тоо нэмэгдэх нь   Хятад улсын эдийн засаг, нийгмийн байдалд сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа аж.  

Тус улс 2016 онд төрөлтийн хатуу бодлого болох “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогоо цуцалсан. Үүний үр дүнд айл өрхүүд хоёр хүүхэдтэй болох боломж бүрдсэн билээ. Гэвч, эл бодлогыг цуцалсан ч, төрөлт нэмэгдээгүй байна. 2017 онд төрөлт 3.5 хувиар буурсан бол 2018 онд ч гэсэн буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ. Тухайлбал, Хятадын хамгийн их хүнтэй Жиансу мужид шинээр төрсөн хүүхдийн тоо 2018 оны эхний байдлаар 12,8 хувиар доошилсон үзүүлэлттэй гарчээ. Сичуан мужид ч бас хүн амын өсөлт өмнөх жилийнхтэй харьцуулахад маш их буурсан аж.

Харин эсрэгээр ахмад настнуудын тоо 2011 онд 30 жилийн дараа анх удаагаа өссөн үзүүлэлттэй гарч байсан бол ирэх жилүүдэд улам нэмэгдэх төлөвтэй байна. Мөн тэтгэвэрт гарсан хүмүүсийн хүн амд эзлэх хувь 2060 оныг хүртэл нэмэгдэх аж. Энэ жилийн байдлаар 240 сая хөгшин хүмүүс амьдарч байгаа бол 2035 он гэхэд энэ тоо 400 саяд хүрнэ гэсэн тооцоо бий. Хүн амын хөгшрөлтийн асуудал нь эрүүл мэндийн үйлчилгээний болон тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг асар ихээр нэмэгдүүлж байгааг судалгаа, тооцоогоор нотолсон юм.