ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-06

Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл өглөө. Томуу, томуу төст өвчний дэгдэлт энэ сарын 4-нөөс нэмэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 97-98 хувь нь амьсгалын замын өвчлөл буюу ханиад, бронхит, хатгаа гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж. Томуу, томуу төст өвчнөөр 0-4 насныхан илүү өвчилж байгаа бол үүн дотроо 0-6 сартай хүүхдүүд 50-60 хувийг эзэлж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байгаа аж.

Нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4,  13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарч хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна.

Нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн зургадугаар дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл тус, тус ажиллах юм.