ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Асгатын мөнгөний ордыг гурван сая иргэний өмчид шилжүүллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-07

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс МГЛ” болон “Монголросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн аж. Мөн Ховд аймгийн Цэцэг сумын “Цагаан эрэг” хэмээх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр голын гольдролыг өөрчилж, байгаль орчин сүйтгэн хууль бусаар гянт болд олборлож байгааг таслан зогсоохоор болжээ.

Улсын тусгай хамгаалалттай газарт байх ордыг мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” компанид нэн даруй шилжүүлэх бэлтгэлээ хангахыг үүрэг болгов. Дээрх хоёр ордтой холбоотой асуудлыг Засгийн газрын ирэх лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэн албан ёсны шийдвэр гаргуулахаар болсон байна. Энэ долоо хоногт багтаан Асгат, Салхит, Цагаан эргийн ордыг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгөө танилцуулж, сар шинийн баяраас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхийг сануулжээ. Гурван сая иргэд нь ашиг хүртэх талаар идэвхи санаачилгатай ажиллахыг ч мөн үүрэг болгосон юм. Тэгвэл тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “Монголросцветмет” компанид нөхөн төлбөр буюу нийт долоон сая ам.долларын зардлыг төр нөхөн олгоно гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат онцолжээ.

Энэ талаар Г.Занданшатар сайд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр, “Асгатын мөнгөний ордыг төрийн мэдлийн компани буюу гурван сая иргэний өмчид шилжүүлж байна. “Эрдэнэс МГЛ” компанийн хувьцаа эзэмшигчид бол монголын ард түмэн юм. Мөн Ховд аймгийн “Цагаан эрэг” гэх газарт хууль бусаар гянт болд олборлож, бусад зөвшөөрөлтэй компанийн нэрээр хууль бусаар хил давуулж байсан хэргийг шалгаж байна. Энэ асуудлыг мөн шалгаж, тусгай зөвшөөрлийг цуцална. “Эрдэнэс МГЛ” компанид сарын хугацаатай үүрэг өглөө. Томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засагт өгөөжтэй, ард түмэнд үр ашгаа өгдөг болгох үүрэг өглөө” гэсэн юм. Харин Салхитын мөнгөний ордыг хэрхэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Өнөөдөр тус компани шүүхэд хандахаа мэдэгдсэн байна лээ. Шүүхийн маргаан эцэслэгдсэний дараа “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэх ажлыг хийнэ” гэсэн хариулт өглөө.