ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Батболд: МАНАН-г аврах гэсэн л жагсаал болох гэж байна

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-08

Өчигдөр “Үнэн ба зөв нам”-аас МАН-ыг ард түмэнд амласан амлалтаа биелүүлж,  мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардаж, амлалтдаа хүрдэггүй намуудад хариуцлага тооцдог хуультай болгох саналыг Ерөнхийлөгчид хүргэж байгаагаа зарлаж хэвлэлийн хурал хийсэн билээ. Энэ  талаар тус намын Өвөрхангай аймгийн намын хорооны дарга Ц.Батболдтой ярилцлаа.

-Өнөөдөр “Үнэн ба зөв нам” олон нийтэд хандаж хэвлэлийн хурал хийлээ. Ямар асуудлыг хөндөж хурал хийв?

-“Үнэн ба зөв” нам энэ жил улс төрийн үйл явцыг нэлээд удаан ажиглалаа. Төрд эрх барьж буй намын дотоод зөрчил, үймээн, эрх мэдлийн төлөөх тэмцэл нь улс төрийн тогтворгүй байдал бий болгож, ард түмний амьдралыг хүнд байдалд оруулаад байна. Тиймээс бидний зүгээс дорвитой арга хэмжээ авъя, өөрсдийн хэмжээнд хийх ёстой зүйл юу байна гэдгээ дүгнэсэн хэрэг. УИХ-ын 2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгч, олонх болгосон. Олонх болсон улс төрийн хүчин гэдэг гаргасан бодлогоо төрийн эрхэнд гарч, түүнийгээ хэрэгжүүлэх л зорилготой байдаг. Бодлого гэдэг нь сонгуулиар дэвшүүлдэг мөрийн хөтөлбөр шүү дээ. Өнөөдөр МАН-д мөрийн хөтөлбөрөө хийж хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг олгочихсон байхад, нэгэн нэгнийгээ хулгайч, нохойгоор нь дуудаад, эвдрэлцээд ч байгаа юм шиг эвлэрээд байгаа юм шиг ийм байдалтай энэ өвлийг авчихлаа. УИХ ч тэр, засгийн газар ч тэр ажлаа хийх ёстой. Хийхгүй байгаа учраас бидний зүгээс ажлаа хийхийг сануулж, 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө, ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлээч гэж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Мөн манай намын зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан эрх барьж буй нам бүрэн эрхийнхээ хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө 60-аас доош хувь буюу биелүүлээгүй байх юм бол улс төрийн намыг татан буулгадаг юм уу, эсвэл дараагийн сонгуульд оруулдаггүй хуулийн төсөл санаачлан, хэлэлцүүлээч гэдэг хүсэлтийг тавьж байгаа юм. Үнэнийг хэлэхэд, 1992 оноос хойш эрх барьж буй энэ хоёр намуудын хэрэгжсэн мөрийн хөтөлбөр гэж бараг алга. Маш цөөхөн байна. Сонгуулиас сонгуулийн хооронд ингэж шоу хийдгээ больё гэж байгаа юм. Үүнээс болж, бидний үр хүүхдийн ирээдүй, улс орны ирээдүй гэж зүйл байхгүй болж байна. Монгол гэдэг улс хөгжих боломжтой юу боломжтой, бүх боломж бололцоо нь бидэнд байна. Ганц болохгүй байгаа юм нь намууд бодлогоо хэрэгжүүлэхгүй байна. Төрийн эрхэнд гарчихаад дарга нар хувийн эрх ашгаа боддог ийм л асуудал байна.

-Эрх барьж буй нам хоёр тал болж хуваагдаад байна. Танай нам аль талд нь байгаа вэ?

-Эрх барьж буй намын дотор болж буй үйл явдал гэвэл хуучин даргаа огцруулаад, шинэ дарга гарч ирээд, Засгийн газар толгойлоод, үргэлжлүүлээд ЖДҮХС-гийн зээлийн асуудал босож ирж, Засгаа унагаах гэж оролдоод хоорондоо алалцаж эхэлж байна. Үүний үр дүнд нэг тал нь ард түмэнд МАНАН-гийн толгойлогч гэж нэг аймшигтай зүйл байна. Тэрийг огцруулчих юм бол бүх юм сайхан болчих гээд байна гэдэг ойлголт төрүүлэхийг оролдож байгаа хэрэг. Тэр бүлэглэлийн толгойлогч нь  М.Энхболд юм гэдэг ойлголтыг төрүүлчихсэн. Толгойлогчийг жагсаал хийгээд буулгачих юм байна гэсэн ойлголт ард түмэнд өгсөн. Гэтэл 12 дугаар сарын 27-ны өдөр хоёр цагийн турш дуулж, хуурдан, телевизээр ярьдаг зүйлээ талбай  дээрээс орилоод л ард түмний зоригийг мохоочихсон. Ингэж тоглолт хийсэн гол шалтгаан нь МАН 2020 оны сонгуульд амьд үлдэх гэж ийм акцыг зохион байгуулж, өвлийг өнтэй давах маркетингаа хийсэн юм.

-Өвлийг өнтэй давна гэдгийг тодруулаач?     

-2020 оны сонгуульд одоо байгаа нөхцөл байдлаараа МАН, АН хоёрын аль нь ч ирээдүйгүй болж байгаа. Ард түмэн тэдэнд дүнгээ тавьчихлаа. Бүтэн 28 жил тэднийг тэвчиж ирлээ. Мөрийн хөтөлбөрүүдээ алийг нь ч биелүүлээгүй гэдгийг ард түмэн мэдэж байгаа. 2020 оны сонгуульд М.Энхболд болон бусад оффшорчин, ЖДҮ-чидтэйгээ байвал МАН Монголын төрд дахиж гарч ирж чадахгүйд хүрнэ. Үүнээс сэргийлж МАН 2020 оны сонгуульд ард түмний саналыг авахын тулд шударга болж жүжиглэх хэрэгтэй болчихсон. МАН-ын шинэ удирдлагууд гарч ирээд тэртээ тэргүй нэр нь уначихсан байсан М.Энхболдод бүх зүйлийг үүрүүлэхээр шийдсэн. МАН-ын бусад гишүүдийн бүхий л муу муухай зүйлсийг намынхаа нэг хүнд үүрүүлээд, 2020 онд шинэ, шударга МАН гарч ирж байна гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлэх зорилготой. Энэ зорилгодоо хүрэхийн тулд л элдэв жүжиг найруулаад байгаа юм. Энэ сарын 10-ны өдрийн жагсаалыг бид МАН-ыг аврах зорилготой жагсаал гэж харж байгаа. Яг л өмнөх жагсаалтайгаа адилхан.

-Таны хэлж байгаагаар МАН-ынхан хоёр тал болж харагдаад,  өөрсдийнхөө дундаас нэг дайсан босгож ирэн, түүнийгээ дарж байгаа мэт зохиомол үйл ажиллагаа явуулаад байна гэсэн үг үү. Үүгээрээ ард түмний өмнө тулгамдаад байгаа утаа болон бусад асуудлуудыг мартагнуулж, 2020 оны сонгуульд орох бэлтгэлээ хийж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Улс төрийн тоглолт гэдэг нь харагдаж байгаа. Өчигдөр таван гишүүн хэвлэлийн бага хурал хийж, Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхэд бүх зүйл тодорхой болсон. Л.Оюун-Эрдэнийн хэлснээр М.Энхболд хонгилын толгойлогч биш бүлэглэл, хонгилд барьцаалагдсан хүн болчихсон явж байна лээ. Өмнө нь түүнийг толгойлогч, түүнийг л устгачихвал бүлэглэл устана, хонгил устана гэж байсан. Гэтэл одоо толгойлогч биш барьцаалагдсан хүн гэж байна. Зөөлрөөд байгаа биз. Зөөлөрсөөр 2020 он гэхэд М.Энхболдыгоо авч үлдээд, элчин сайдаар ч юм уу явуулчихна шүү дээ. С.Баярыг явуулсан шигээ. Хамаг муу муухайгаа ард түмний дургүй байсан нэг хүн рүүгээ чихээд, сүүлд нь тэр хүнээ эвтэйхэн аргалаад үлдчихдэг туршлагатай.

-МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөр хэр хэмжээнд биелсэн гэж танай намын зүгээс үзэж байгаа вэ. АН бол 100 хувь биелээгүй гэж үзээд УИХ-ыг тарах нь зөв хэмээн үзэж байгаа шүү дээ?

-Энэ бол сөрөг хүчин гэдэг утгаараа АН-ын хийж буй нэг акц л даа. АН 2012-2016 онд МАН-тай хамтран төр барьж байхдаа мөрийн хөтөлбөрөө биелүүлчихсэн бол бид өнөөдөр ингээд сууж байхгүй. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг шиг нэгнийхээ алдаанд дөрөөлж, улс төрийн тоглолт хийж, оноо авах гэсэн л үйлдэл. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр биелээгүй. Харин ч эсрэгээрээ явж байгаа.

-АН-ынхан УИХ-ыг тарах ёстой гээд байгаа. Танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ ажлаа хийхгүй бол тарах ёстой. Тар гэхээсээ өмнө бид ажлаа хий гэдэг шаардлагыг тавьж байгаа. УИХ тарснаар хуульд зааснаар ээлжит бус сонгууль явуулах ёстой. Сонгууль явуулах хугацааг тарж байгаа УИХ өөрсдөө тодорхойлно. Ард түмэн сонгуульд оролцохдоо таньдаггүй сайн хүнийг биш таньдаг муу хүнээ сонгодог. Тиймээс АН УИХ тарвал МАН-ын 65 унаад ээлжит бус сонгуулиар өөрсдөө ялалт байгуулна гэж үзээд ийм юм ярьж байгаа байх.

-Асуултаа жаахан өөрч­лөөд танай намын талаар зарим зүйлийг тодруулъя. “Үнэн ба зөв” нам хэзээ байгуулагдсан, ямар үзэл баримтлалтай нам бэ?

-Манай нам 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд анх үүсгэн байгуулагчдынхаа хурлыг хийж байсан юм. 2016 оны сонгуулиас өмнө бидний хэдэн залуучууд нэгдэн нам байгуулах нь зөв юм гээд нам байгуулахаар шийдсэн байсан. Яагаад гэвэл дэлхий дахинд ч тэр, Монгол Улсад ч ялгаагүй улс төрийн түвшинд төр барихад оролцохын тулд улс төрийн намыг заавал дамжих ёстой байдаг. Сайхан улс орныг бий болгоё гэдэг мөрөөдлийг биелүүлэхийн тулд тодорхой хэмжээний арга зам, бодлого байх ёстой. Түүнийг улс төрийн намаар дамжиж төрийн эрх мэдэлд хүрч, дараа нь улс орноо хөгжүүлэх намын бодлогоо хэрэгжүүлэх ёстой.
-“Үнэн ба зөв” намын бодлого юу вэ?
-Хүн бүр улс орноо хөгжөөсэй, сайн сайхан байгаасай гэж мөрөөдөж байгаа. Засаж, сайжруулах зүйлийг нь засах юм сан гэж бодож байгаа. Энэ хүслийг хэрэгжүүлэхийн тулд “Үнэн ба зөв” нам мөрийн хөтөлбөртөө таван бүлэгтэй бодлогыг дэвшүүлсэн. Улс орны ерөнхий зорилго, бодлого гэж байх ёстой. Өнөөдөр Монгол Улсын ямар ч иргэнээс манай улсын зорилго, бодлого юу вэ гэж асуухад энэ манай зорилго гээд хэлчих тодорхой зүйл байхгүй байгаа. Тиймээс бид шинжлэх ухаанд суурилсан хүчирхэг Монгол Улсыг бүтээе гэсэн нэгдсэн бодлого гаргасан.
-Монголд 31 намтай боллоо. Нам бүрт л улс орноо сайн сайхан болгоно гэсэн зорилго байгаа байх. Гэтэл сүүлийн 27 жилийн хугацаанд ээлжлэн төр барьсан хоёр намаа бид “Шагдар” хэмээн дуудах боллоо. Танай намыг дараагийн “Шагдар” биш гэдгийг бид яаж мэдэх юм бэ?
-Бид энэ намуудаас ялгаатай гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Бид намын зорилго бодлогодоо ард түмнийг оролцуулъя гэж байгаа. Бүх шатны сонгуульд оролцох 14 мянган хүмүүсийг бэлдэе гэж байгаа юм.
-Яагаад заавал 14 мянга гэж?
-Энэ тоо бол бүх шатны сонгуульд нэр дэвших хүний тоо юм. Бүх шатны  сонгуульд “Үнэн ба зөв” намаас нэр дэвшихэд ямар ч мөнгө төгрөг бид авахгүй. Нэр дэвших хүнээ тухайн сум, баг, хороонд байгаа ард иргэд өөрсдийнхөө саналаар гаргаж ирэх ёстой. Хүлээн зөвшөөрөгдсөн хүнээ иргэд өөрсдөө нэр дэвшүүлэх ёстой. Нэр дэвшихээр сонгогдсон хүн эргээд ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж, ажлаа шударга хийнэ гэж харж байгаа. Мэдээж ард түмэн урваж, шарвахгүй үнэнч, шударгыг нь мэддэг хүнээ л сонгоно шүү дээ.
-Танай нам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 14 мянган хүнээ бэлдчихсэн байгаа юу?
-Бэлдээд л явж байна. Энэ 14 мянган хүний нэг та ч байж болно. Одоогоор гурван мянга гаруй хүн хүсэлтээ илэрхийлээд явж байна. Биднийг дэмжиж, бидэнтэй холбогдон улс орноо хөгжүүлэхэд чадах, чадахаараа дэмжье гэсэн хүмүүс 40 мянга гаруй байгаа. Энэ тоо мэдээж цаашид өснө.
-14 мянган хүнээс ямар нэг татвар, шимтгэл авахгүйгээр намын санхүүжилт яаж бүрдэх юм бэ.
-Бид улс төрийн сонгуулийг мөнгөөр хийдэг жишгийг байхгүй болгохыг зорьж байгаа. Ер нь намаас бараг санхүүжилт гарах шаардлагагүй. 14 мянган хүнээ ард түмэн өөрсдөө эхлээд сонгочих.
-2020 оны сонгуулиас өмнө нэр дэвших 14 мянган хүнээ бэлдэх юм байна гэж ойлголоо? 
-Нам байгуулагдсан цагаасаа хойш яаж намаа цааш нь авч явах вэ, ямар бодлого баримтлах, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ямар тактик ашиглах вэ гэдгээ тодорхойлчихсон. Энэ хүрээнд 2020 он гэхэд 14 мянган хүнийг бүрдүүлнэ гэж зорьж байгаа.