ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ши Жиньпинийг Пхеньянд айлчлахыг урьжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-10

Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Уны Хятадад хийсэн айлчлал өчигдөр өндөрлөлөө. Тэрбээр өнгөрсөн жил дайсагнасан харилцаатай байсан бүс нутгийн харилцаанд цэг тавьж, БНСУ, АНУ-ын Ерөнхийлөгчидтэй түүхэн уулзалт хийсэн юм. Гэхдээ түүний анхны гадаад айлчлал нь хамгийн ойрын түнш БНХАУ байсан удаатай. Ким энэ удаа дөрөв дэх удаагаа Ши Жиньпиний урилгаар Хятадад айлчилсан бөгөөд энэ оны эхний айлчлалаа 35 насны төрсөн өдрөөрөө хийсэн нь олны анхаарлыг татсан юм. Тэрбээр тусгай хуягласан галт тэргээрээ гэргий Ри Сол Жу, бусад төлөөлөгчдийн хамт Бээжинд даваа гарагийн шөнө хүрч, өчигдрийг хүртэл гурван өдөр саатжээ. Харин өчигдөр 14.08 цагийн галт тэрэг Бээжинг орхисон байна. Ингэснээр Ким өнөөдөр 10.00 цагт нутагтаа очих юм. 

Тэрбээр явахынхаа өмнө Хятадын дарга Ши Жиньпинтэй өдрийн зоог барьсан бөгөөд үүний өмнөхөн уулзалт хийсэн байна. Гэхдээ хэн нь ч уулзалтаар чухам юу ярьсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. Харин “Шинхуа” агентлагийн мэдээллээр Ши Жиньпин  Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн АНУ, БНАСАУ хоёр улс нэг нэгийгээ нөхөж, ойртон нөхөрлөөсэй гэж хүсч буйгаа мэдэгджээ. Мөн уулзалтын дараа Ши Ким Жон Унд төрсөн өдрийн бэлэг гардуулсан байна. Хятад бол Умард Солонгосын худалдааны гол түнш юм. Тэгвэл Ши дарга мөн Солонгосын хойгт энх тайванг тогтооход эерэг, бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Ким Жон Ун ч түүнийг Пхеньянд айлчлахыг урьсан байна.  

Ким БНСУ, АНУ-ын Ерөнхийлөгч нартай уулзахын өмнө БНХАУ-д айлчилдаг. Энэ удаагийнх нь айлчлал ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хийх хоёр дахь удаагийнх нь уулзалтын өмнө болж буй гэдгээрээ онцлог билээ. Тиймээс шинжээчид тэднийг стратеги ярилцсан гэж таамаглаж байгаа юм. Кимийн эцэг өндөрт нисэхээс айдаг нэгэн байсан бөгөөд гадаадын улс орнод айлчлал хийхдээ төмөр замыг хамгийн аюулгүй тээврээр сонгон тусгай хуягласан гарт тэргээр зорчдог байсан гэдэг. Тэрээр 1994-2011 онд улсаа удирдах хугацаандаа БНХАУ-д долоо, ОХУ-д гурван удаагийн айлчлал хийж байжээ.  Мөн 2011 онд зүрхний шигдээсээр насан эцэслэхдээ галт тэргээр зорчиж явсан гэдэг. Тус галт тэрэг нь Пхеньянд үйлдвэрлэсэн тусгай тоног­лол, хамгаалалттай. Хоёр хөдөлгүүртэй, цагт 60 км хурдлах хүчин чадалтай. Мөн яаралтай нөхцөлд жижиг нисдэг тэрэг, хуягт машиныг тээвэрлэн явах боломжтой гэнэ. Хойд Солонгосын удирдагч өмнө нь өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 25-28-нд албан ёсны бус айлчлал хийсэн нь 2011 онд төрийн эрхэнд гарснаас хойшхи анхны айлчлал болжээ. Дараа нь тавдугаар сарын 7, 8-нд, гурав дахь айлчлал нь өнгөрсөн зургадугаар сарын 19, 20 байлаа.