ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Баатархүү: Монголд төрийн ажил бүх шатанд мухардалд орчихлоо

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-10

Энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүүг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед НИТХ хуралдаж чадахгүй их удлаа. Хэзээ хуралдах бол?

-Нийслэлийн иргэдийн хурлаар УБ хотын хөгжлийн бодлого, төсөв санхүүтэй холбоотой гол гол шийдвэрүүд гардаг. Сүүлийн хоёр сарын хугацаанд  Нийслэлийн засаг даргын асуудлыг хэлэлцэхээс болоод эрх барьж байгаа МАН бүлгийн үл ойлголцол, эрх мэдлийн төлөөх тэмцлээс болоод НИТХ хуралдаж чадахгүй байна. Ер нь НИТХ-ын дийлэнх суудлыг буюу 34 суудал нь МАН бүрдүүлдэг. Тэдэнд нийслэл Улаанбаатар хотод, 2016 онд амлаж байсан томоохон реформ, шинэчлэлээ хийх бүрэн нөхцөл  боломж байгаа. Харамсалтай нь үүнийгээ хийж чадсангүй. Нийслэлийн төсөв анх удаагаа нэг их наяд төгрөгөөр батлагдлаа. Энэ бол нийслэл УБ хотод томоохон шинэчлэлүүдийг хийх боломж эдийн засгийн талаасаа байгаа гэсэн үг. Нөгөө талаас 45 суудлын 34 суудалтай нам бидэнтэй, бидэнгүй хуралдаад шийдвэрээ гаргаад явах улс төрийн бүрэн боломж байсан. Харамсалтай нь энэ боломжоо ерөөсөө ашиглаж чадсангүй. Иргэдийнхээ асуудлыг шийдсэнгүй. Өөрсдөө л асуудал болоод байж байна.

-Тэгээд хуралдах сураг байна уу?

-Эрх барьж байгаа намын бүлэг хоёр, гурав хуваагдчихлаа. Нэг өрөөнд суугаад хуралдаж чадахаа байчихсан. Нэг хэсэг нь ороод ирэхээр нөгөө хэсэг нь гараад явчихдаг. Гадуур хүмүүсийн ярьдгаар 60 тэрбумынхан ороод ирэхээр ЖДҮ-гийнхэн гараад явчихдаг, ЖДҮ нь ороод ирэхээр 60 тэрбумынхан гараад явчихдаг ийм байдалтай л байгаад байна. Үүнээсээ болоод хурлын ирц хүрэхгүй хуралдаж чадахгүй байна. 

-Ийм нөхцөл байдалд АН ямар байр суурьтай байна вэ? Танай нам хуралдуулах шахалт,  шаардлагаа тавьж байна уу?

-Улс төрийн нөхцөл байдал боломж талаасаа АН 11 төлөөлөгчтэй. МАН 34 төлөөлөгчтэй. Бидэнтэй, бидэнгүй бүх асуудлаа бүрэн шийдээд явах боломж байсан. Ардчилсан намын 11 төлөөлөгч хуралдаа ирэхгүй байсан ч асуудлаа шийдээд явах боломжтой байсан. Гэхдээ энэ боломжийг ашиглаж чадсангүй. Хоёрдугаарт Монголд төрийн ажил бүх шатанд мухардалд орчихлоо. Гацах биш мухардалд орсон. Мухардалд орно гэдэг бол ямар ч гарц гаргалгаа харагдахгүй нөхцөл байдалд орчихсон гэсэн үг. Гацсан бол энэ төрийн үйл ажил эргээд жигдрээд явчих ийм боломж цаг хугацаа бол байсан. Иргэд ч бас ийм хүлээлттэй байсан. Иргэд хувьд тулгамдаж буй асуудлуудыг шийдээсэй. Амласан амлалтаа биелүүлээсэй гэж л хүсэж байгаа. Хангалттай улс төржиж байна. Одоо дуусах байхаа гэсэн ийм хүлээлт олон сар боллоо. Харамсалтай нь үүнийгээ шийдэж чадсангүй. МАН-ын 2016 онд амлаж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэ үзэл баримтлалаар хөгжүүлэх, агаарын бохирдлыг жил бүр 20 хувиар бууруулах, нийтийн тээврийг бүрэн шинэчлэх гэх мэт томоохон амлалтуудыг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болчихлоо.  Ер нь бол Монгол төрийн ажил мухардалд орчихлоо. Тиймээс АН бүлгийн хувьд төрийн ажлаа хурдан явуулах бүхий л гарц боломжийг өөрсдийн зүгээс хайж байна.

-Ер нь хуралдаж чадахгүй байгаа гол асуудал нь юу юм бэ?

-2016 оноос хойш НИТХ-ын дүр зургийг харах юм бол бид төсвөө нэг баталж байна. Үүний дараа хурлын даргаа огцруулна, огцруулахгүй талаар нэг хэсэг маргалдсан. Тэгж тэгж нэг огцруулсан. Үүний дараа НИТХ-ын дарга хэн байх талаар баахан ярьсан. Нэг хэсэг маргалдсан. Эрх баригчид мөн л хоёр хуваагдсан. Мөн хурлаа хийхгүй хэдэн сар завсарласан. Үүний эцэст НИТХ-ын даргатай болсон. Дараа нь өнгөрсөн жил бас л хурлын дарга огцруулна огцруулахгүй талаар МАН-ын бүлэг хоёр хуваагдаж бас маргасан. Үүний дараа бас хэд хэдэн удаа завсарлага авсан.  Одоо эргээд Нийслэлийн засаг дарга хэн байх вэ гэдэг асуудал явж байна. Засаг даргад албан ёсоор МАН-ын бүлгээс НИТХын дарга С.Амарсайханы нэрийг өргөн барьчихсан байна. Тэгэхээр НИТХ-ын дарга хэн байх вэ гэдэг асуудал яригдах учраас дахиад энэ асуудал гацаанд орчихоод байна. Үнэндээ бол ард иргэдийн төлөө хуваагдаад байгаа юм нэг ч байхгүй шүү дээ. Зөвхөн албан тушаалын төлөө хуваагдаж байгаа юм. Энэ олон сандал суудлын асуудлыг гурван жил ээлжилж тойрч ярилаа. Нийслэлчүүд орой болгон энэ улс төржилтийн мэдээллийг хангалттай үзэж байна. Залхаж байна. Нөгөө үндсэн ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, 2016 онд амлаж байсан сайхан сайхан амлалтуудаа биелүүлээчээ гэдэг шаардлагуудыг иргэд янз бүрээр илэрхийлж байна.  Сөрөг хүчин АН-аас ч шаардлага тавьж байна. Үүнийг нэг ч удаа тоож харж байгаа юм алга. Зүгээр л энэ богино хугацаанд хэн дарга байх вэ, хэнийг даргын суудалд суулгах вэ гэдэг ийм л юмыг яриад байна.

-Нийслэлийн Засаг даргыг томилоход болон НИТХ-ын даргыг сонгоход АН бүлгээс энэ хүнийг дэмжинэ гэсэн нэгдсэн байр суурь байна уу?

-Одоогийн байдлаар засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханы нэр тодорчихоод, өрсөлдөгчдийн нэр тодорч өгөхгүй байна. Учир юу вэ гэхээр олонхын бүлэг хуралдахгүй байна. Эндээс бид юу гэж дүгнэж байна гэхээр бол МАН нийслэлд үнэхээрийн засаглаж чадахгүй юм байна. Яг үнэндээ нэр дэвшигчээ ч дотруулж чадахгүй байна. Хуралдахгүй байгаа шалтгаан нь нэг талдаа нэр дэвшигчээ тодруулж чадахгүй байна. Нэг санаатай орж ирж чадахгүй байна. Мэдээж  өрсөлдөөн байхыг үгүйсгэхгүй. Хэдэн ч нэр дэвшигч гарч болно шүү дээ, хуулиараа. Тиймээс АН бүлэг саналаа нэгтгэх гэхээр нэр дэвшигчид нь тодорч өгөхгүй байна л даа.

-Хэдийгээр нэр дэвшигч нь тодроогүй ч яригдаж буй хүмүүсийн нэр бий биздээ?

-Засаг даргын орлогч П.Баярхүү, Р.Дагва, С.Мөнхчулуун, Ж.Батбаясгаланийн нэр яригдаж байна. Ер нь энэ МАН-ын 34 бүгдээрээ л засаг дарга болчихмоор байх шиг байгаа юм. Цаашдаа нутгийн удирдлагын байгууллага шийдэл ярьдаг байгууллага болохгүй бол хэтэрхий улс төрийнх нь байдал давамгайлаад байна. Ийм балиар муухай соёлтой болчихлоо.

-Өчигдөр АН-аас УИХ тараах байр суурьтай байгаа илэрхийлсэн. Үүнтэй адил НИТХ-ыг хугацаанаас нь өмнө тараах байр суурьтай байгаа юу. Тийм хууль эрхзүйн орчин байдаг уу?

-Нутгийн өөрөө удирдах байгууллага үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол тарах хууль эрхзүйн орчин бий. Өөрсдийн шийдвэрээр тарж болно. Мөн сонгогчдын гарын цуглуулж, тарааж ээлжит бус сонгууль хийж болно. Ер нь манай бүлгийн зүгээс юу гэж дүгнэж байна гэхээр одоо энэ засаг даргаа тодруулах үйл явцыг харж байна. Үнэхээр шийдэж чадахгүй бол бид бас дараагийн алхамдаа орно. Нэгдүгээрт, 60 тэрбумын гэх төрийн албыг наймаалдаг, төрийн албыг хууль бусаар авах гэж оролдсон оролдлого, хоёрдугаарт, иргэдэд очих ёстой, ажлын байрыг бий болгох ёстой ЖДҮХС-гийн зээл тойрсон авлигын хэргийг НИТХ дахь АН-ын бүлэг бол анхнаасаа эвлэрч байгаагүй. Тийм учраас бид аль нэгнийх нь талд нь орохгүй гэдэг мэдэгдлийг удаа дараа хийж байгаа. Тиймээс Нийслэлийн засаг даргыг сонгох хуралд орохдоо үнэхээр энэ хүмүүс хэн нь ямар мөрийн хөтөлбөртэй орох юм гэдгийг нэлээд сайн тодруулна. Нийслэлийн өмнө тулгамдсан ямар асуудлыг ямар арга замаар шийдэх гэж байгаа юм. Бодит шийдвэр байна уу гэдгийг харж байгаад АН-ын бүлэг шийдвэрээ гаргана гэж бодож байгаа.

-Жаахан сэдвээсээ хазайхад саяхан нийслэлийн нэг хариуцлагатай албан тушаалтан Улаанбаатар хотын утаа 20 хувь буурсан гэж ярьсан байна лээ. Мөн агаарын чанарын индекс урьд жилүүдийнхээс их буурсан мэдээлэл гардаг болж?

-Агаарын бохирдлыг чанарыг хэмжээд бодит мэдээлэл гаргадаг байх хэрэгтэй. Харамсалтай нь түүнийг илэрхийлж буй мэдээллийг түгээхдээ буурч байгаа мэтээр харуулахын тулд хүчээр өөрчлөлт оруулаад байгаа юм. Яг амьдрал дээр агаар орчны бохирдол буураагүй.  Ер нь өнгөрсөн жилүүдэд явагдсан төсөл хөтөлбөрүүд аль нь үр дүнгээ өгөөд, аль нь үр дүнгээ өгөөгүй юм бэ гэдэг дээр бодитой дүгнэлт гаргаж чадахгүй байгаа юм. Нийтдээ 800 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан юм билээ. Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг жил болгон 20 хувиар бууруулна гэж эрх баригч нам 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Төрийн эрх бариад одоо гурав дахь жилдээ явж байна. Агаар орчны бохирдол 20 хувиар буурах нь битгий хэл нэмэгдчихээд байна. Ер нь Монголын төр агаар орчны бохирдлыг бууруулах ажил дээр ялагдчихаад байгаа. Агаар орчны бохирдлыг бууруулах ажилтай тэнгэр, хангай л тэмцэж байна шүү дээ. Салхи гарвал нэг, цас орвол нэг багасаж байна.

-Та агаар орчны бохирдлыг мэдээлэлд засвар оруулдаг гэлээ?

-Агаар орчны бохирдлыг иргэдэд мэдээлж буй аппелкэйшинд хариуцлагагүйгээр засвар оруулж байгаа юм. Тийм ураас манай бүлэг шаардлага тавьж, хариуцдаг хүмүүст нь бичиг явуулаад байна.

-Таны хувьд засвар оруулдаг гэдгийг таагаад хэлээд байна уу, мэдээд хэлээд байна уу?

Зөвхөн нийслэлээс гадна Байгаль орчны яамны үндэсний хорооны хурал дээр яригдсан асуудал л даа. Өөрөөр хэлбэл тооцох аргачлалаа өөрчилчихөөд байгаа юм. Тиймээс АНУ-ын элчин сайдын яамны гадна байдаг хэмжилтийн станцын цэг дээр гарч байгаа мэдээлэл манай мэдээлэл хоёр зөрөөд байгаа хэрэг. Түүнийгээ нөхдүүд юу гэж тайлбарлаад байна вэ гэхээр олон улсын жишигт нийцүүлэхийн тулд аргачлалаа өөрчилж байгаа юм аа гэж хэлээд байгаа юм. Гэтэл аргачлал өөрчлөгдөх, дохио өгөх ажил бүрэн хийгдэж дуусаагүй байгаа. Тэгсэн мөртлөө одоо байгаа мэдээллийг гар аргаар хувиргаад байгаа юм байна лээ. Тэгээд мэдээлэл болгож оруулаад байгаа хэрэг. Тэр аппелкейшин бүрэн ажилд орсны дараа өөрөө агаарын бохирдлыг яг өнөөдрийн цагт нь хэмжээд, технологи гаргаж ирж байх юмыг гар аргаар засвар оруулж байгаа хэрэг. Энэ бол Үндсэний хорооны хурал дээр яригдсан зүйл. Энэ маш их хариуцлагагүй үйлдэл.