ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ши Жиньпин: Авлигын эсрэг дайнд нэг алхам урагшилсан

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-13

Тэрбээр энэ талаар Бээжингийн Тагнуулын төв газрын 19 дүгээр их хурлын гуравдугаар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн байна. 

Ши Жиньпин БНХАУ-ын дарга болсон үеэсээ л авлигатай хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан юм. Тэгвэл эдүгээ түүний тэмцэл аль хэдийнэ үр дүнгээ өгч, дэлхий нийтэд үлгэр дуурайлал болж буйг шинжээчид онцолж байгаа юм. Зөвхөн 2018 оны байдлаар л гэхэд тус улсад авлигын хэргээр 621 мянган хүн шүүхэд дуудагдаж, ямар нэг байдлаар хариуцлага хүлээсэн байна. 

Тэдний 51 нь төрийн өндөр албан тушаалтан байсан бол 1335 этгээдийг гадаадын орнуудаас эрэн сурвалжилж илрүүлэн баривчилжээ. Гадаадаас баривчлагдсан хүмүүсийн 307 нь өмнө нь Хятадын Коммунист намын гишүүн байсан бол тав нь Интерполын улаан жагсаалтад багтсан албан тушаалтнууд байсан аж. Тэд өнгөрсөн онд нийт 519 сая ам.долларын хөрөнгийг хууль бусаар олсон нь нотлогдсон байдаг. Харин холбогдох байгууллагад 2018 онд 3.4 сая гомдол болон нууц мэдээлэл ирсний дагуу 341 мянга гаруй удаа байцаалт явуулж, 638 гаруй хэрэг үүсгэжээ.  

Ши Жиньпиний авлигын талаар баримталж буй бодлого нь “бар ялааг ялгалгүй барих” буюу өндөр албан тушаалтнуудын халдашгүй эрхийг үл харгалзан бүх шатанд хяналт шалгалтыг явуулах юм. Түүнийг төрийн эрхэнд гарснаас хойш нийт 1.5 сая төрийн түшмэд авлига болон намын дүрэм зөрчсөн хэргээр хариуцлага хүлээжээ. Чуулганд үг хэлэхдээ Ши Жиньпин цаашдаа санхүүгийн салбар дахь авлигатай тууштай тэмцэж, улсын хөгжил аюулгүй байдалд чиглэсэн төслийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна.

Улмаар “Авлигын эсрэг дайнд тус улс нэг алхам урагшилсан” гэдгийг албан ёсоор зарлажээ. Тэрбээр нэн тэргүүнд хэрэгжүүлж буй шинэчлэл, бодлогын хамгийн гол үндэс нь авлигатай тэмцэх явдал байсан юм. Ингэхийн тулд эхлээд хэмнэлт хийж эхэлсэн байдаг. Тодруулбал, улаан хивс дэвссэн, тансаг хүлээн авалт, тууз хайчлах ёслол, гадаад аялалаа цөөлж, олон хүн дагуулах явдлыг болиулжээ.

Мөн төрийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгаж, хэмнэлт хийхийг уриалж, санхүүгийн сахилга батыг сайжруулахыг уриалж байв. Эхэндээ түүний зарчмыг төрийн өндөр албан тушаалтнууд тоглоом мэтээр хүлээн авч байсан гэдэг. Гэвч, жил өнгөрөх тусам авлигын эсрэг тэмцэл, санал санаачилга нь үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд сая гаруй хүн авлигын хэргээр шалгагдаж, цөөнгүй иргэдэд цаазын ял ногдуулсан юм. Энэ бодлого цаашид ч үргэлжилнэ гэдгийг БНХАУ-ын дарга онцолсоор байна.