ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: А4-ийн цаасаар ард түмний баялаг зарагдаж байна

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-16

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож, үг хэлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг “Монголын мэдээ” сонин хүргэж байна.

Эрхэм прокурорууд та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Миний бие прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд хоёр дахь удаагаа оролцож байна. Нэг жилийн өмнө яг энд та бүхэнд хандаж өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Зарим зүйлийг дахин сануулъя гэж бодож байна. Албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож, хуулийн хариуцлага хүлээхгүй байна гэдэг шүүмжлэлийг та бүхэнд сануулж, оффшор данстай төрийн албан хаагчдыг илрүүлэн шалгах, төрийн албыг 60 тэрбумаар үнэлж, наймаалцах хэргийг хянан шийдвэрлэх тухай хэлж байсан. Энэ талаар бүтэн нэг жилийн хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн гарсангүй. Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой маш тодорхой мэдээллүүд нийгэмд гараад, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад удаж байна. Энэ талаар хөдөлгөөн хийгдсэнгүй. С.Зоргийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтэй холбоотой  маш  олон  буруу мэдээлэл,  хардалт,  таамаг нийгэмд байгаад  байхад иргэдийн хүлээлтийг зөв бодит  болгох  ажил  хийгдсэнгүй. Ингээд  харахаар  жилийн  өмнө  яригдсан  асуудлууд  шийдэгдээгүй гэж хэлнэ. Та бүхэн  надтай санал  нэг  байгаа байх. Монголын прокурорын  байгууллага эрх  мэдэл  дутаагүй. Гэтэл  олны анхаарал татсан хэргүүдийг мэдүүлэх  асуудал яригдсаар  байна.

Ерөнхийлөгч болсноос хойш прокурорын  байгууллагатай хамтын  ажиллагааг  хэрэгжүүлж,  нийгэмд  тархсан  томоохон хэргүүдийг илрүүлье  гэдэг  дээр  өнөөдрийг  хүртэл  чармайн  ажиллаа. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан  ЖДҮХС-гаас зээл  авсан  УИХ-ын гишүүд,  сайд  нарын  асуудлыг чуулганы хуралдаанаар  оруулах үедээ “Шударга ёс энэ танхимаас эхлэх  ёстой.  Хаана  байна  тэр  шударга ёс” гэж зарлаж байсан. Яг энэ асуултыг энэ танхимд  давтмаар  байна. ЖДҮХС-тай холбоотой бас нэг тодорхой асуудал нь Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар тус сангаас хоёр  жил дараалан  зээл  авсан  нь тогтоогдсон. Өөрөө ч үнэнээ хүлээсэн. Гэтэл  ямар ч хариуцлага хүлээлгэлгүйгээр  ажлаа хийгээд  сууж байна. Өргөдлөө өг гэсэн ч ажил болсонгүй. Гишүүд  ч Б.Амгаланбаатартай барьцаж байна гэж яригдаж байна. Ерөнхий аудитор  яг ийм  асуудалтай холбогдсон ч ажлаа өгөөд шалгуулж байгаа. Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн  албаны дарга мөн  жижиг  дунд  үйлдвэрлэлийн  сангаас зээл  авсан  гэгдээд мөн  ажлаа өгсөн. Мөн л  шалгуулж байгаа. Тиймээс орлогчийнхоо  асуудлыг шийдэж байж  цааш  нь  ажлаа үргэлжлүүлэхгүй бол  болохгүй. Мөн 60 тэрбумын  хэрэгт  холбогдсон төрийн албан хаагч, гишүүдийн  асуудлыг  УИХ-д  дахин  оруулах шаардлагатай байна. Тагнуулын Ерөнхий газарт Төрийн албыг арилжсан хэрэг дахин  сэргээгдсэн  байгаа. Эвлүүлэг хийсэн  албан  тушаалтнууд  одоо  болтол ажлаа хийгээд явж  байна. Хууль  тэгш  үйлчилдэггүй,  шударга бус байгаад ард  иргэд  их  бухимдаж байна. Эрх  баригчдаас шударга ёсыг шаардаж жагсаж байгаа болохоос хоол, цалин  нэхэхгүй  байгааг  хар.

Олон жил  бид  утаатай тэмцлээ. Жил бүр  ярилаа. Олон зуун тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулсан. Олон  эзэнтэй мөртлөө,  үр дүнгүй ажлын мөнгөний хариуцлагыг яагаад  нэхэхгүй байгаа юм. Үүнээс болж бид  хамгийн  бохирдолтой орон гэж дэлхий даяараа зарлагдаад сууж байна.  Зарцуулсан мөнгийг нь  харахаар  утаагүй болох  боломж харагддаг. Үүнээс болж олон  зуун  хүн  эрүүл  мэндээрээ хохирч байна. Төмөр  зам бариад  нэг  улсаас хараат  биш  болгоё гээд УИХ-аар  бодлогоо батлуулахаар, эрүү  үүсгээд шоронд хорьчихдог. Шинэ хөдөөгөө хөгжүүлье гэхээр  хоёрхон  суманд  хэрүүл уруултай  сургууль  бариад, үлдсэн төсөл,  хөтөлбөрүүдийг  зогсоочихдог. Ийм жишиг тогтоод  удаж байгаа. Үүнийг тогтоохгүй,  зогсоохгүй гацааж, зохион байгуулалттай үйлдэж байгаа нь нам дамнасан хэт цөөнхийн  бүлэг  буюу МАНАН бүлэглэл юм. Өнөөдөр та бүхэнд ярихгүй бол  өөр хэнд ярих вэ. Та бүхэн  тэмцээч,  шударга бусын  хонгил  гэдэг  зүйл  чинь  үүнд  байна. Утаатай холбоотой асуудлыг  би  баримттай энэ долоо хоногт хүлээлгэж өгнө. 2014 оноос хүдрийн  баяжмалыг  гадагш нь зөөсөн. Баяжмалыг хилийн  цаана боловсруулаад буцаагаад бидэнд худалдаж  мөнгөн  эдлэл болгоод худалдаж байна. Сайншандын  боловсруулах үйлдвэрийг  явуулсан  бол бид ядаж  дархчуудын  урладаг  мөнгөө хийгээд, мөнгөн  аягаа нэмүү өртөггүй  хийх  байсан. МУ-ын Ерөнхийлөгчөөр ийм юм яриулж, сууж байгаа даа та бүхэн ичих хэрэгтэй. Ордод хяналтаа тогтоосон гадаадын хөрөнгө оруулагч нэртэй хүмүүс нь азаар хоорондоо муудалцсанаар  энэ хэрэг ил болж цагдаад  очсон. Маш  тодорхой зүйлүүдийг баримттайгаар  би хэлж байна. Хуулиар  хүлээсэн үүргээ гүйцэтгэж,  өргөсөн тангарагтаа үнэнч байхыг та бүхнээс хүсье.

Мэргэжлийн  ур чадвартай ажиллаж,  бүлэглэлийн төлөө бус, шударга ёсыг тогтоохын  төлөө ажиллах  ёстой.  Шударга ёсыг  энэ танхимаас эхлүүл. Миний дээр  дурдсан  хэргүүд  бол  шинэ хэргүүд  биш  даамжраад удсан  хэрэг. Та нар  үүнийг  анхаарч таслан зогсоох ёстой. Та бүхэн нийгэмд байгаа шударга бус явдалтай тэмцэх,  хууль  бус ашиглалттай тэмцэх ажлыг эрчимжүүлж,  хууль  ёсыг  хэрэгжүүлж ажиллана гэж найдаж байна. Ингээд албан ёсныхоо яриаг өндөрлөе. Харин одоо МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс биш хувь иргэнийхээ зүгээс хэдэн үг хэлье. Бид бүхний мэддэг нэгэн ордын тухай яръя. Бидний мэддэг таван толгойн орд газрыг гэрээгээр халхавчлан саяхан 60 жилээр тэгээд дахин дахин 40 жилээр сунгагдах нөхцөлтэйгөөр үнэгүй өгөх оролдлого гарсан. 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар ийм гэрээ байгуулах гэж байсныг тухайн үеийн УИХ-ын дарга, 40 гишүүний хамтаар зогсоосон юм. Таван толгойн ордыг авч үлдсэнээс хойш юу болсныг мэдээлэл хийлгэхээр би Эрдэнэс Тавантолгой ХК-ны санхүү хариуцсан захирал н.Жаргалсайханыг урьж авч ирсэн байгаа (энэ үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-ны санхүү хариуцсан захирал н.Жаргалсайхан мэдээлэл хийв.) Эрдэнэс Тавантолгой ХК-ны сүүлийн долоон жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Өнгөрсөн жил гэхэд 510 тэрбум төгрөгийн татвар төлж, Монгол Улсын хамгийн том татвар төлөгч болсон байна. Эдийн засгийн асар их боломжтой ийм компанийг гадныханд 100 жилийн хугацаатай үнэгүй өгөх үйл ажиллагааг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан байна. Тухайлбал, Монгол улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд байсан М.Энхсайханаар гардан гүйцэлдүүлэхээр зохион байгуулсан нь бүгд баримттай байгаа. Би тодорхой эзэнтэй ярьж байна шүү.

Энэ бол 60 тэрбумтай адил гэмт хэрэг мөн. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байгаа юм бэ гэдгийг та бүхнээс асууж байгаа юм. Гэмт хэргийн үр дагавар нь тодорхой. Энэ бол нэг л орд. Таван толгойн ордуудын бүх баримтууд нь байна. Би өргөдлийн хамт өгч байна. Төрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон. Гэтэл хувийн компани хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон гэж худал баримт бүрдүүлэн гадныхантай нийлж авах гэсэн оролдлого удаа дараа гарсан. Төрийн өмчөөр хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон том ордыг хууль бусаар хэн нэгэнд өгч болохгүй гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Үндсэн хуулиа хэрэгжүүлж, жинхэнэ эзэд болох ард түмэн үр шимийг нь хүртэх ёстой. Ингэж 2015 онд дайрсан дайралт бүтэлгүйтээд, 2016 онд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болоод дахиад таван толгойг авах гэж зүтгэсэн. Би баримтыг нь та бүхэнд өгье (Баримтыг өгөв). Энд дахин хэлэхэд Монгол Төрд өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс улс орны эрх ашгийг умартаж, орд газрыг гадныханд өгөх гэсэн оролдлогууд, өмч хөрөнгийг хууль бусаар бусдад шилжүүлж завших гэсэн оролдлого бүрийг та бүхэн хэрэг үүсгэн шалгах ёстой.

Гэм буруу нь илэрсэн бүлэглэл хүмүүст шүүхээр  зохих хариуцлагыг ногдуулахын төлөө ажиллах ёстой гэдгийг иргэн хүний хуваарь хэлж байна. Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Ерөнхий прокурорт би хууль зөрчсөн үйлдлийг шалгаж өгөөч гэж өргөдөл гаргаж байна. Холбогдох баримтуудын хамт өгье. Өнөөдөр яагаад Ерөнхийлөгчийн болон иргэний хуваарь та бүхэнтэй яриад байна гэхээр Монголын ард түмний баялаг А4-ийн цаасаар зарагддаг болсон. Гар дамжин зарагддаг болсон. Энэ байдлыг цааш нь даамжруулаад явах юм уу. Тэмцэх юм уу, үгүй юм уу гэдгээ та бүхэн минь өнөөдөр удирдах ажилтныхаа зөвлөгөөнөөр дотроо яриарай. УИХ-ын чуулган дээр Ерөнхий прокурор М.Энхамгалангийн хэлсэн үгээр би үгээ өндөрлөе. Шударга ёс энэ зөвлөгөөнөөс, энэ танхимаас дэлгэрэх ёстой.