ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрийн алба ээлжтэй ч сайн ажиллаж байгаа багийг бутаргах нь сайн сонголт биш

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-16

Үүцээрээ оролдвол хоосон хонохын цондон гэсэн үг байдаг. Монголчууд эрт дээр үед өвлийн эхэн сард идэш бэлтгээд ширэнд нь боож, хөр цасан дор булаж орхидог байжээ. Түүнийгээ хавар цас сэмжирэх үед гаргаж ирэхээр яг л шинэ гаргасан үхрийн мах шиг байдаг байв. Хэрэв хавар болохоос өмнө үүцээ задлах, цасыг нь ухаж үзвэл тэр нь муудчихдаг байжээ. Хэрэв үүцээ муутгавал хаврын тарчиг цагт ходоод хоосон байхаас өөр сонголт тэр хот айлд үлдэхгүй. Яг л үүн шиг байдлыг төр гаргах гээд байна уу гэх хар дарсан бодол сүүлийн үед сүүмэлзэх боллоо. Хот айлтай адилтгаж үзэх юм бол Монгол Улсын үүц нь татварын газар гэхэд маргах хүн нэг их гарахгүй байх аа. Улс орон татвар дээр л тогтож байна. Иргэдийн болон аж ахуйн нэгж, байгууллагаас татан төвлөрүүлж байгаа татварын орлого нь төрийн албан хаагч, эрхэм түшээд нарын амьдарч, тансаглаж, монгол төрийн нүүр царайг илтгэж нэрийн хуудас нь болдог. Гэхдээ татвар гэдэг зүгээр л нэг улсын болон орон нутгийн төсөвт урсаад ороод ирдэг гол мөрөн биш.

Үүнийг төвлөрүүлэх, сурталчлах гэх мэт өдөр тутмын үйл ажиллагааг гардан зохион байгуулж байдаг анхан шатны байгууллага нь татварын алба. Энэ байгууллага хэрхэн ажиллахаас шалтгаалж улсын төсвийн “халаас” нимгэн байх уу, зузаан байх уу гэдэг нь шийдэгдэнэ. Үүнд өөр ямар нэг хүчин зүйл нөлөөлнө ч гэх юм уу, эсвэл татварын хэмжээ их бага байхаас үл хамаарна. Тэгэхээр энэ байгууллага бол монгол төрийн үүц яах аргагүй мөн байгаа биз. Харин энэ үүцээрээ оролдох гээд байгаа нь сайны ёр уу муугийн ёр уу гэдгийг одоохондоо хэн ч мэдэхгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Татварын ерөнхий газар сайн ажилласан нь татварын татан төвлөрүүлэлтийн мэдээлэлээс харагдаж байна. Зөвхөн өнгөрсөн онд улсын төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 3.4 их наяд төгрөг төвлөрүүлж, улсын төсвийг 1.1 их наяд төгрөгөөр давуулан, орлогын төлөвлөгөөг 144.5 хувиар биелүүлсэн байна. Татварын орлого ийнхүү өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 577.9 тэрбум буюу 35.7 хувь, орлогын албан татвар 473.2 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 299.5 тэрбум төгрөг, онцгой албан татвар 234.7 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 170.1 тэрбум төгрөг бусад татвар хураамжийн орлого 125.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн гаргасан мэдээлэлд дурджээ. Улсын төсвийн орлогын 81.5 хувийг татварын орлого бүрдүүлсэн гэсэн мэдээлэл байна.

Тэгэхээр энэ хэдэн тоо баримт л Татварын ерөнхий газрын удирдлагын багийн өнгөрсөн жилийн ажлын үзүүлэлт дүн нь гэхэд болно. Ийм амжилт гаргаж сэтгэлээ зориулж ажиллаж байхад ямар дүн тавьдгийг ард түмэн сайн мэдэх байх. Гэтэл төр харин эсрэгээр нь үнэлж тус удирдлагын багийг ажлаас нь чөлөөлөх гэж байгаа сураг чихний хажуугаар өнгөрөх боллоо. Үүнд харин итгэх хүн ховор байв. Гэхдээ л үнэн бололтой юм. Татвараа сайн төвлөрүүлж, улсын төсвийг бүрдүүлсний шан харамж нь албан тушаалаа өгөх гэнэ. Энэ ариун үйл үү. Ёстой л зүү орох зайгүй нягтарч нэгдэж, гар нийлэн ажиллаж байж дээрх амжилтыг авчирсан багаа солино гэдэг унаж яваа морио голоод уулын бугад гологдов гэдэг шиг юм болох вий дээ. Сахил хүртээд улам дордов гэдэг шиг тачигнатал ажиллаж байгаа Татварын ерөнхий газрынхаа удирдлагыг солиод улам сайжирна гэж би лав бодохгүй байна. Арай гэж эвлэж, гар нийлж байгаа нэгэн хамт олныг бутаргачихаад дахин нэг шинэ дарга ирээд хамт олонтойгоо дөнгөж танилцаж байтал сонгуулийн үр дүнд суудлаа өгөх хэрэг гарахгүй гэх баталгаа алга. Тэгэхээр төрийн алба гэдэг ээлжтэй ч сайн ажиллаж байгаа нэг хамт олныг бутаргах нь тийм ч сайн сонголт биш байх аа.