ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хогоо гудамжинд, орцонд гаргаж хаядаг хувиа бодсон зангаа засъя

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-16

Монголчууд бид жилээс жилд суурин амьдралд дасаж, хотын соёлд суралцаж байгаа.  Нэг үеэ бодвол замын хөдөлгөөний дүрмээ барьдаг жолооч нар олон болж. Бусдыгаа хүндэтгэдэг, инээж чаддаг болсон.  Хөдөө гадаа явахдаа хогоо хаа хамаагүй хаядаг хүн ч цөөрсөн. Гэсэн ч бидэнд илүү их соёлжих, хотжих шаардлага байна. Хогоо хашаанаасаа гаргаад, гудамжиндаа хаячихна. Өөрийнх нь хашаа л цэвэрхэн байвал бусад нь хамаагүй гэдэг жижигхэн сэтгэлгээгээр хандаж болохгүй ээ.

Гудамжинд байгаа хог, үнс буцаад л хашаа руу орно. Үүдээрээ гараад л өөрийнхөө асгасан хог дээр гишгээд л, бужигнаж байгаа үнсээр нь амьсгалаад явж байгаагаа ойлгох хэрэгтэй. Орон сууцанд орсон иргэд ч орчиндоо цэвэрхэн, тухтай амьдрахад суралцаж өгөхгүй л байна.  Ууттай хогоо орцонд гаргаад тавьчихдаг. Өнөө цагт байрнууд дотроо хогын том савтай байхаа больсон. Хуучны байрууд бол том савтай, давхартаа байгаа хоолойгоор хогоо шидчихдэг байсан. Одоо арай өөр л дөө. Ерөөс байран дотроо шахуу хогийн савтай байхаар үнэр танараас авахуулаад тийм ч сайхан биш. Зайтай байсан нь дээр.

Гэтэл зарим иргэд орон сууцанд орсон, цэвэр цэмцгэр орчинд амьдрах ёстой гэдгээ ухамсарлахгүй хогоо үүдэндээ гаргаад л хаячихна. Яг ч хаалганыхаа хажууд тавихгүй байгаа юм. Шат хавьд аваачаад тавьчихдаг. Гэрт нь л хог байхгүй бол орцонд нь байх хамаагүй гэж боддог юм байлгүй.  Ингэж ухамсаргүй байж болохгүй ээ. Дор бүрнээ л хичээгээд, байгаа байгаа орчиндоо цэвэрхэн амьдрах хэрэгтэй. Хогтой хотыг, гудамжийг, орцыг, орчныг бид өөрсдөө л бий болгож байна.