ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан: Ард түмэн шаардлагатай бол хуульгүйгээр өмч хөрөнгөө буцааж авна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-16

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

М.Билэгт: Монгол залуучууд Монголдоо бизнес эрхэлж чадахгүй байна. Тиймээс харийн орныг зориод байна. Тиймээс бид ЖДҮХС-тай холбоотойгоор түр хороог байгуулах ёстой. Төрөөс иргэдээ ажилтай орлоготой болгоход түлхэц болох асуудал яригдаж байна. Хуулиндаа ч гэсэн өөрчлөлт оруулмаар юм байна билээ.

Н.Номтойбаяр: Хуулинд өөрчлөлт оруулах нь чухал асуудал юм. Бусад сангуудын бодлого менежментийг ЖДҮХС-гийн бодлоготой уялдуулах ёстой. Сан бүр тус тусдаа менежменттэй байна. энэ асуудал ил гарч байгаа нь сайн хэрэг гэж Ерөнхий сайд хэлсэн. Өөрөө ч ЖДҮ-ийн анхдагч нь. Гишүүдийг түр хороо байгуулахыг дэмжинэ гэж бодож байна.

Ж.Ганбаатар: Манай дэд хороо ажлаа сайн хийж байгаа. Хуулиудаа оруулаад ирсэн. Н.Номтойбаяр та харин чуулганы хурлуудад суусан бол мэдэх ёстой байсан. Түр хороо байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Манай дэд хороогоор дамжуулаад л яв л даа. Эсвэл манай дэд хороог татан буулга л дээ. Би хуулиа санаачлаад анхан шатны хэлэлцүүлгийг нь хийчихсэн л явж байгаа. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлье. Таны яриад байгаа бүх зүйл уг хуулинд тусгагдсан байгаа. Хуультайгаа сайн танилц:

Б.Пүрэвдорж: ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хяналт тавих, шалгах зорилготой түр хороог байгуулахыг би дэмжинэ. Харин Н.Номтойбаяр энэ хороог удирдана гэвэл би дэмжихгүй. Тиймээс сөрөг хүчнээсээ энэ хороог ахлуулаад явах нь зөв. Тэгвэл би дэмжинэ.

Ж.Батзандан: ЖДҮ-г шалгах түр хороо байгуулах саналыг Н.Номтойбаяр тэргүүтэй гишүүд оруулж ирсэн юм байна. ЖДҮ-ийн луйвар сүүлийн 10 жилд болж байгаа. Эднийг шалгах ёстой гэдэгтэй 100 хувь санал нэгдэж байна. гэхдээ ном журмаараа явах ёстой. Танай нам МАНАН, ЖДҮ-гээрээ хуваагдчихаад төрийн ажлыг гацаах ёсгүй. Би өмнө нь хулгайч, луйварчдыг шалгуулах түр хороо байгуулах гээд чадаагүй. Иргэд МАНАН-г дарж өгөөч гэж л талбай дээр жагсаж байгаа юм. Ард түмэн надаар хуульгүйгээр тэмц гэж надаар хэлүүлж байгаа юм. Монголын ард түмэн шаардлагатай бол хуульгүйгээр өмч хөрөнгөө буцааж авна гэдгийг л би хэлье.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.