ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэтхэг орно оо, аав аа

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-17

Аав аа, би таныгаа зүүдэлж сэрлээ. Сэрсэн дээ гэмшиж, бүтэхгүйг нь мэдсээр байж, эргэн эргэн унтах гэж баахан оролдлоо. Таны дүрийг аль эрт, багадаа л харж байсан болохоор эдүгээ бараг л мартаж орхиж. Гэхдээ хааяа хардаг зурган дээрх шигээ тодоос тодоор та зүүдэнд минь ирлээ. Ахиад та хэзээ ирэх вэ, аав аа.

Хүн гэдэг амьтан муухай даа. Үргэлж дэргэд минь байсан ээжийгээ хайрлаж чадаагүй байж, үдээд хар эрт явсан, цуг байж үзээгүй аавыгаа л их санах юм. Өөрт байгаагаа хайрлаж чадахгүй байж, өөрийг чинь хайрлана гэж юу байх вэ дээ, аав аа. Үнэн нь л энэ. Тэгэхдээ л тэрлэг дээл чинь таардаг болсон энэ л насан дээр их санах юм. Магадгүй тань шиг хүүтэй болчихоод, өөрөөсөө таныг олж харж буй болохоор тэр биз.

Эцэг хүн байх ямар сайхныг, эцэг хүн байх ямар хэцүүг, үр хүүхдийнхээ төлөө яаж эмтэрдгийг мэддэг болсон болохоор их үгүйлдэг юм болов уу. Сэтгэлийн гэмшил өөрийгөө өмгөөлөх ухааныг дагуулдаг хойно. Таныгаа санаж өөрийгөө өрөвдөж, хэсэг баахан уйллаа. Таныг амьд сэрүүн байгаагаар төсөөлөх гэж нэг оролдлоо. Орчлонг орхихдоо та өнөөдрийн миний насан дээр, яг л ийм тэнгэр газар нийлсэн өдөр явсан гэсэн. Магадгүй урагшаа нүүсэн шувуудтай цуг нисээ биз. Тэгээд та тэнгэрт байгаа юу? Энэтхэгт байгаа юу?
Тийм бол би зүүдэнд тантай уулзсан Энэтхэг орно оо аав аа.