ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Цогзолмаа: Удирдах ажилтны томилгоог мэргэжлийн байгууллага гаргадаг байх ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-17

Үргэлжлүүлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал дүгнэлтээ илэрхийлж байна.

М.Оюунчимэг: Аливаа улс үндэстний хувьд боловсролын салбар эрүүл мэндийн салбар хоёр хамгийн чухал салбар байдаг. Гэтэл манай улсад энэ хоёр салбар хамгийн их асуудалтай байна. Энэ хуулийн хугацааг 2020 он хүртэл хойшлуулж байгааг дэмжиж байна. Боловсролын салбар, сургууль цэцэрлэг бол бизнес биш гэдгийг хэлмээр байна. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирнэ гэж нэлээд удаан ярилаа. Багш эмч нарыг салбартаа тогтвортой сайн ажиллах үндэс нь хууль юм. Шинэчилсэн найруулгын төслийг хэзээ оруулж ирэх вэ?

Ц.Цогзолмаа: Сайн засаглалын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бид дэлхийн боловсролтой монгол иргэнийг бэлтгэх ёстой. Олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсон. Үүнд салбарын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар шинэчилсэн багц хуулийн төслийг намрын чуулганд оруулах төлөвтэй байгаа. Энэ салбарыг удирдаж нэг жил болоход сайн багш нарыг тогтвортой ажиллуулж байж энэ салбар хөгжих боломжтой гэж харлаа.

Л.Оюун-Эрдэнэ: Дундаж давхаргын хувь хэмжээ бүрдэх хамгийн гол тулгуур нь боловсролын салбар юм. Тиймээс энэ хуулийг багц хэлбэрээр нь оруулж ирж болохгүй юу. Монголынхоо түүхийг мэдэхгүй байж гадны түүхийг судалж, гадны түүхээр бахархах хандлага залуу үед байна. Үүнийг юу гэж бодож байна вэ. Монгол хэлний мэдлэг ч сүүлийн үеийн хүүхдүүдэд муу байгаа. Ямар, ямар мэргэжлүүд манай оронд хэрэгтэй байгаа вэ. Бид үүнийг хангаж чадаж байна уу.

Ц.Цогзолмаа: Таны харж байгаагаар Монголын нийгэм иргэд ямар боловсрол авч байгаагаар тогтооно. Олон улсын боловсролын менежментийг эх орныхоо хөрсөн буулгах талаар ажиллаж байна. Олон улсын хөтөлбөртэй сургуулиуд нийтээр амарч байхад амрахгүй байгаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол хууль дүрмийн дагуу л явах ёстой. Үндэсний чадавх дээр суурилсан зөвлөгөөг гаргахгүй бол дандаа гадны зөвлөгөөний дагуу явж иржээ.

Л.Оюун-Эрдэнэ: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа ямар байгаа вэ. Ойрын 10-15 жилд энэ асуудлыг хэрхэн төсөөлж байгаа вэ. Эдийн засаг тоо гэсээр хүнээ орхигдуулаад байгаа шүү дээ.

Ц.Цогзолмаа: Хот хөдөөгийн боловсрол ялгаатай байгаа нь бодит үнэн. Үүнийг арилгахын тулд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.

Д.Тогтохсүрэн: Хуулийн төслийг дэмжиж байна. Боловсролын хуулийн өөрчлөлтөд энэ салбарын удирдах ажилтныг томилох шаардлагыг өндөрсгөж өгөх ёстой. Томилгоог улс төрийн оролцоогоос ангид байлгах журмаар мэргэжлийн байгууллага нь хийдэг болох нь зүйтэй. Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хурааж уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 80 хувь нь дэмжив. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУ-ы байнгын хороонд шилжүүллээ.