ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Ганцэцэг: Бүх зүйлийг биш гэхэд ихэнхийг нь сэтгэлээрээ бүтээнэ шүү дээ

Ц.ЭНХТҮВШИН
2019-01-23

Олны нэрлэж заншсанаар 100 айл хэмээх хэсэг байрны баруунтайд байрлах хэдэн саарал байшингийн орцонд нэгэн бүсгүй үүрийн цагаан гэгээнээс  үдшийн бүрий унатал ажиллана. Түүнийг Цэрэндолгорын Ганцэцэг гэдэг.  “Уг гарвал минь Завхан аймгийн Алдархаан сумын хүн юм шүү дээ би чинь” хэмээн яриагаа эхлэх түүний амьдралын зам­нал эгэлээс эгэл атлаа бас ч гэж сонирхолтой. Хэдийгээр түүний аав, ээж хоёр нь Завханы Алдархааныхан боловч бүсгүй өөрөө нийслэлд төрсөн юм билээ. Аав Занын Баяраа нь Нийслэлийн нийтийн хоолны салбарт насаараа зүтгэсэн нэгэн бөгөөд 1951 онд гэргийгээ дагуулан нийслэлд ирж төвхнөжээ.

Бага насаа аав ээжийнхээ гар дээр эрхэлж өс­сөн Ц.Ганцэцэг нийслэл­ийн  48 дугаар сургуул­ийн найм­дугаар анг­ийг дүүргээд  Барилгын Техник мэргэж­лийн сургуулийг бетон арматурчны  мэргэж­лээр гурван жил сурч төгсчээ. Мэргэжлийн дагуу  бетон арматурын  үйлдвэрт  дөрвөн жил ажиллажээ. Залуу л хүн хойно амьдрал зохиож анхны үрээ өлгийдөн авсан ч тэр нь хүн болж чадсангүй. Эх хүнд үрээ алдах шиг уй гэж юу байх вэ. Гэсэн ч удалгүй  88, 91 онд ахиад хүүхдүүдээ төрүүлсэн. Зах зээлийн  эхэн үед гэртээ суугаад байхыг бодсонгүй. Хүүхдүүдээ өсгөх­ийн зэрэгцээ  орон сууцны тавдугаар конторт ажиллажээ. “Би ч хүүхдүүдээ ойр ойрхон алдаад бас ч гэж нэлээд зовлон үзсэн дээ. Эх хүнд үрээ алдахын зовлон шиг нь үгүй биз ээ” хэмээгээд газар ширтэх түүний сэтгэлийн харуусал одоо ч хэвээрээ нь ажиглагдана. Гэхдээ амьдралд хүн нугарна гэж юу байх вэ. Зовсны эцэст жаргал ирэх нь тодорхой” хэмээн ярихдаа Ганаа бүсгүй сэтгэлийн гунигаа сүлж л явна даа гэж хэлэх шиг санагдсаныг нуух юун.  “2005 онд отгон охиноо гаргачихаад түүнийгээ  хүн хийж авах гэж үнэхээр их хичээсэн шүү” гэсээр яриагаа үргэлжлүүлэнгээ шалаа цэвэрлэсээр л байлаа. Ц.Ганцэцэг бүсгүй одоо “Хилчин” сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажил­лаад 10 дахь жилийн нүүрийг үзэж байна. 

“Би 33 болон 35 дугаар байраа хариуцаж цэвэрлэдэг. Уг нь нэг байр хариуцах ёстой л доо. Гэхдээ бидний цалин чинь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 байдаг. Энэ нь амьдралд хүрэлцэхгүй байна шүү дээ.  Тиймээс удирдлагуудаасаа гуйгаад 50 хувиар нь цалинжаад нэмж байр авдаг юм. Ингээд 360.000 төгрөгийн цалин авна. 40.000 төгрөг нь нь суутгалдаа яваад, 320.000 төгрөгөө  хоёр хувааж авна. Ирэх  сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх сурагтай. Бага юм биш, бурхан минь. Түмний хишиг, хөдөлмөрийн минь үнэ цэнэ.  Харин цалин нэмснээ дагаад юмны үнэ өсчихвөл ч дүндээ дүн болох байх даа. Сайн мэдэхгүй л байна. Төр засгаас иймэрхүү зүйл дээрээ анхаарч болдоггүй л юм байх даа. Уг нь шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ч билүү хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг нэг газар бий биз дээ. За даа, мань ч юугаа мэдэх вэ. Гэхдээ мэдэх ёстой юм аа иргэн хүнийхээ хувьд мэдэж л байх ёстой юм шиг байгаа юм даа” хэмээгээд Ц.Ганцэцэг бүсгүй ажлаа үргэлжлүүлэн хийсээр л.

“Танай сууц өмчлөгчдийн холбоо цалин мөнгөө цаг тухайд нь өгч чадах юм уу” хэмээн асуухад “Бидний цалинг оршин суугчид өгдөг юм.  Гэтэл оршин суугчид маань байрны мөнгөө төлсөн ч СӨХ-ны мөнгөө ихэнхдээ өгдөггүй юм билээ. Тэгэхээр цалинг маань тавихын тулд СӨХ өнөөх түрээслүүлдэг хэдэн подвалын мөнгө энэ тэрээ нааш цааш нь гүйлгээд л өгдөг юм шиг байгаа юм. Бидний зүгээс цэвэрлэгээ үйлчилгээгээ хэрэндээ л сайн хийх гэж хичээдэг. Манай удирдлагууд ч тэр талаар хатуу шаардлага тавьдаг.  Яагаад иргэд СӨХ-ийн мөнгөө төлдөггүйг мэдэхгүй байна. 

-Орцны цэвэрлэгч нар ихэнхдээ тухайн хариуцсан орцондоо амьдардаг юм шиг байсан. Та харин эндээ байдаггүй юм уу? 

-Манай гэр Дарь-Эхэд байдаг юм аа. Өмнө нь тэр хавийг “Цагаан даваа” гэдэг байсан. Тэнд 1973 онд аав минь сэрүүн тунгалаг байхдаа хэр тааруу үнэтэй хашаа байшин авч байсан юм. Аав минь 1993 онд нас барсан. Хашаандаа хоёр жижгэвтэр байшинтай. Нэгэнд нь ээж минь, нөгөөд нь би охинтойгоо амьдардаг. Өглөө оройдоо ирж очих нь л гэхээс өөрийн орон шиг сайхан юм хаана байх вэ. Манай ажил өглөөдөө  09.00 цагт цуглана. Орой хэдэн байраа цэвэрлэж дуусгаад 18.00 цаг гээд харина даа. Эндээ жижүүрийн байранд хонож болно л доо. Охин минь намайг дагаж энд хичээлээ хийж, хонож, надад туслаж байсан. Одоо гэхдээ охиноо дулаахан гэр орондоо байг гээд гэртээ байдаг болсон. 

-Оршин суугчдын зүг­ээс бас хаа нэг хүндрэл учруулна биз?

-Олон хүн амьдарч байгаа болохоор олон янзын ааш авир гаргана гаргана. Зарим нь энэ муу орцны цэвэрлэгч юу вэ гэсэн байдлаар хандаж байхад зарим нь хүний ёсоор мэндлээд зөрнө. Ядаж л гэрээс гарсан хогоо шатаар буух замдаа буулгаад л орхидог бол бидэнд ч өөрсдөд нь ч амар баймаар санагддаг. “Хар нүднээс хөмсөг гадуур” гэдэг шиг дөнгөж өөрийн босгыг давуулаад гаргаад хаячихдаг хүмүүс мэр сэрээр тогтохгүй бий шүү.  Үнэндээ бид хог зөөж маш их цаг авдаг. Түүний оронд хог нь байх ёстой газраа байгаад, шууд хувин шүүрээ бариад цэвэрлэгээндээ ордог бол мөн ч их цаг хэмнэнэ дээ. Сүүлийн гудамж талбайн хог дийлдэхгүй болсон. Тамхины ишийг хэлэх ч юм биш. Зогсоолд байгаа машинууд хогоо гаргаад л хаячихна. Машин хөдөлсний дараа маш их хог үлддэг. Бид хэнийг нь аашилж загнах билээ. Ихэнх нь биднийг үл тооно. Ажлаа дуугүй хий гээд бараг загнах биз дээ. Ер нь тэгээд ажилдаа түүртэх, гомдоллох эрх бидэнд байдаггүй. Ачааллаа даах чадвартай байж л энэ ажлыг хийх ёстой учраас ядарлаа, зүдэрлээ гээд байхыг хүсдэггүй дээ. Гэхдээ л хүн гэдэг урмын амьтан шүү дээ. “Манай орц сайхан цэвэрхэн байдаг шүү. Танд баярлалаа” гэж хэлэх хүн олон бий. Тэр бүрийд сэтгэл хөөрч өдөртөө л баяртай өнждөг. Улам л сайхан байлгах­сан гэж хичээнэ шүү дээ.

“Угааж бай­хад нь гишгэчихлээ, уучлаарай, явах уу, яах вэ, эгч ээ” гээд л одооны залуусын зарим нь бас соёлтой сайхан болжээ. Одооны залуус  гээд бүгдийг үгүйсгэж болохгүй. Нэг үеэ бодвол хүмүүсийн зан харилцаа их сайжирсан. Бидний ажлыг ойлгож, бага ч гэсэн хүндэлж байгааг нь харахаар өөрийн эрхгүй баярладаг. Тэр хүмүүст талархмаар санагддаг шүү. Ер нь сая хүнтэй том хот биз дээ, манай Улаанбаатар чинь. Юм л бол дээшээ дарга нар болохгүй, төр засаг муу гээд бусдаас өө сэв хайгаад байхаар хүн бүр л дээр доргүй хичээчихвэл болохгүй юм ч байхгүй дээ. Ямар нялх хүүхэд биш, юу болох, юу болохгүйг бүгд л мэдэж байгаа. Гагц хувиа хичээсэн аминч үзлээсээ болоод л дээр доргүй бусдын ажилд хүндрэл учруулдаг гэж боддог. Ц.Ганцэцэг цэвэрлэгээний багажаа бариад дараагийн орц руу явлаа. Би ч мөн л хамт элдэв зүйл байцаасаар дараагийн орц руу орлоо. 

...Ц.Ганцэцэгийн хоёр том нь тусдаа гарч залуу улсын л адил амьдрах гээд зүтгэж, боломж бололцоогоороо ээждээ, дүүдээ нэмэр тус болж яваа гэнэ.Тэрбээр  2001 онд одоогийн нөхөртэйгөө гэр бүл болж дундаасаа хөөрхөн охинтой болсон хэмээгээд “Хань маань бас энэ СӨХ-д ажилладаг  юм. Намайг орой ажлаа тараад харьчихаар энэ хавьдаа арыг минь даагаад л үлддэг дээ”  гэв. Эдний хамт олон буюу СӨХ нь хорин хэдүүлээ гэнэ. Оршин суугчдын тав тух, аюулгүй байдлын төлөө хичээж л ажиллах юм. Харин та нар минь СӨХ-ны мөнгөө цаг тухайд нь өгчихөж байвал ядсан бид цаг тухайдаа цалин мөнгөө аваад сайхан л баймаар байх юм гэдэг үгийг Ц.Ганцэцэг бүсгүй хэд хэдэн удаа хэлээд авна билээ. Биднийг ярилцаж зогсох үеэр нэгэн бүлэмцүү нөхөр орж ирснээ Ц.Ганцэцэгийг хармагцаа толгой дохичихоод тэр дороо эргээд гараад явчихав. Тэгсэн Ц.Ганцэцэг инээгээд “Намайг харчихаад гараад явчихлаа” гэв. “Танай орцны хүн биш үү” гэсэнд “Өө биш биш. Манай 100 айл хавиар халамцсан бүлэмцсэн улс их явна. Өвлийн хүйтэнд хөлдөөд үхчих вий гээд орцондоо оруулчихаар элдэв үнэр танараас эхлээд оршин суугчдад таатай биш. Бид чинь оршин суугчдынхаа л тав тухыг бодохоос  энэ нөхдүүдийг эхэнд нь тавихгүй шүү дээ. Аятай хэлээд л гаргадаг юм. Заримдаа ч муухай хашгирч хөөнө шүү дээ. За даа одоо ч энэ хавийнхнаа бүү хэл орсон гарсныг нь ч андахаа байж дээ. Хилчин СӨХ-доо олон жил ажиллалаа.

Захирал н.Наранцэцэг, нягт­лан н.Золжаргал, байцаагч н.Хундага­цэцэг нар­таа болон ажлын хамт олондоо баярлаж явдгаа энэ боломж­ийг ашиглаад илэрхийлж авъя.  Аав, ээж, гэр бүл, үр хүүхэддээ хайртай шүү. Бүгдэд нь аз жаргал хүсч, юу санасан есөн хүсэл бүхэн нь биелэж яваг гэж ерөөе дөө” гээд “Мань мэтийн орцны жижүүрийг хэн тоож сонин хэвлэлд гаргах билээ дээ. Боломжийг ашиглалаа гэдэг шиг юм болж байна уу” гээд тас тас инээх нь хөгжилтэй. Нэлээдгүй хугацаанд хамт байж ярилцахад Ц.Ганцэцэг бүсгүй ганц удаа ч болов зовлон, гачигдал, бэрхшээл тоочихгүй байсан нь түүний хэн болохыг хэлэх мэт.  Хөндлөнгөөс харж ажиглаж буй хүний хувьд анзаарч байхад цэвэрлэгээ­ний багаж хэрэг­сэл, угаалгын бодис, ариутгагч, хамгаалалтын хувцаснууд гээд дутуу гачуу зүйл байж л харагдсан. Гэвч энэ тухайгаа ганц ч үг ганхийгээгүй.  Тэссэнгүй хэрэг болгон асуухад минь “СӨХ-оос ариун цэврийн бодис энэ тэрээ аваарай гэж хэдэн төгрөг өгдөг юм. Болоод л байдаг юм” гээд тоож ч байгаа юм алга. Сардаа хэдэн зуун мянгаар авдаг СӨХ-ны төлбөр авдаг газруудын цэвэрлэгч нарыг бодоход энэ эмэгтэйд шалны мод, алчуур, хувин гэх мэтээс өөр юм алга. Гэлээ ч хариуцсан орц нь гял цал, сэтгэл нь сайхан хүний бүхий л зүйл сэтгэл шигээ байдаг бололтой.  “Бүх зүйлийг сэтгэлээр болгохгүй ч ихэнхийг нь л бүтээнэ дээ” гэх түүний үгийг бодсоор буцлаа.