ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Цэрэндэжид: Монгол хэл, Математикийн хичээлийг цахимаар заана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-01-23

Сурагчдын амралтад зориулсан цахим хичээл явах талаар мэдээлэл гарч байгаа. Тэгвэл энэ талаар БСШУСЯ-ны харъяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан аргазүйч П.Цэрэндэжидээс тодрууллаа. 

-Сурагчдын амралтад зориул­сан цахим хичээл эхэлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-2018 оны сүүлээр улс орон даяар ханиад томууны дэгдэлт  ихэссэний улмаас Эрүүл мэндийн сайд  БСШУС-ын яаманд хүсэлт  гаргасан  байдаг. Энэ хүсэлтийн  дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 2018 оны арванхоёрдугаар сарын 25-аас 2019 оны хоёрдугаар сарын 10-ний өдрийг хүртэл  амраахаар шийдвэрлэсэн. Үндсэн амралтын хугацаа дуусч, одоо сунгасан  амралтын хугацаа үргэлжилж байгаа учраас бид 1-12-р ангийн сурагчдын Монгол хэл, Математикийн хичээлийг цахим хэлбэрээр цацаж эхэллээ. Зарим эцэг эхчүүд яагаад амралтын дундуур зааж байгаа юм бэ гэж асууж байгаа. Энэ нь амралтын үндсэн биш, хүүхдүүд хичээллэж байх  ёстой хугацаа  учир энэ хооронд зааж байгааг ойлгох хэрэгтэй. Цахим хичээлийг манай Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион  байгуулж, БСШУСЯ, МУБИС, Боловсролын хүрээлэн хамтран ажиллаж байгаа. 

-Цахимаар хичээл үзэх боломжгүй хүүхдүүд хэрхэн үзэх вэ. Телевизээр цаг авч цацах боломж байхгүй юу?

-Цахим орчинд нэвтрэх боломжгүй эцэг эхчүүд, сурагчид үзэх боломжгүй гэсэн үг. Гэхдээ өнөөгийн нийгэмд том бага гэлтгүй фэйсбүүк хуудас ашигладаг болсон. фэйсбүүк хуудсаар дамжуулан  манай институт болон, БСШУСЯ -ны холбоосуудаар үзэж болно. Өнгөрсөн оны  арванхоёрдугаар сард телевизээр цахим хичээлээ цацах хүсэлт гаргасан ч хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан шийдүүлж чадаагүй. Цахим хичээлийг “Пинк киви” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн тоног төхөөрөмжөө гаргаж бичлэгээ хийсэн. Улмаар www.dolgion.mn  веб сайтад үнэгүй байршуулж ивээн тэтгэж байгаа. 

-Цахим хичээлийг албан бус хичээл гэж ойлгож болох уу? 

-Албан бус гэж ойлгож болно. Бидний зүгээс сурагчдын амралтын хугацаа урт  байгаа учир,  тэдний үндсэн хичээл болох Монгол хэл, Математикийн хичээлээ бататгаж аваасай гэдэг утгаар  цахим хэлбэрээр цацаж байгаа юм. Сурагчдыг хичээлд нь орохоор цахим хичээл үзсэн үү гэж тэднээс шаардах зүйл байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Эцэг эхчүүд,  зарим багш нар мэдээлэлгүй байгаа учир лавлаж асуудаг.  Хичээл зааж буй багш нарын хувьд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн болон Боловсролын хүрээлээгийн аргазүйчид, МУБИС-ын сургуулийн багш нар ажиллаж байна. Хичээлийг хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл долоо хоногт хоёр удаа шинээр оруулна. 96 удаагийн видео бичлэг буюу 1800 минутын контент бэлтгээд явж байгаа. Ингэхдээ бага анги буюу 1-3 дугаар ангид Монгол хэл, Математикийн  хичээлийг  тус бүр 15 минутаар, харин 4-12 дугаар ангийн сурагчдад тус хоёр хичээл 20 минутаар орж байгаа гэж ойлгож болно. Www.dolgion.mn вебсайт руу хандах үед маш ойлгомжтой хэлбэрээр байршсан.