ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хоёр” Ерөнхийлөгчтэй Венесуэл АНУ-аас харилцаагаа тасаллаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-24

Эдийн засгийн хямралд орж, өлсгөлөн ядууралд нэрвэгдсэн Венесуэл эдүгээ улс төрийн хямралд идэгдэж, хоёр төрийн тэргүүнтэй болжээ. Өнгөрсөн оны тавдугаар сард тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж, Николас Мадуро өрсөлдөгчөөсөө дөрвөн сая илүү санал авч, дахин сонгогдсон. Гэвч, тус сонгуулийн дүнг сөрөг хүчнийхэн ч, АНУ болон бусад улс орнууд ч хүлээн зөв­шөөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Улмаар Мадурог эсэр­гүүцсэн, огцрохыг шаардсан жагсаал удаа дараа болж, Венесуэлийн Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн зарлан, тангараг өргөв. Ингэснээр, Венесуэл албан хийгээд албан бус хоёр ч Ерөнхийлөгчтэй болох нь тэр. 

Түр Ерөнхийлөгч Гуайдо Каракас хотод болсон Ерөнхийлөгч Н.Мадурогийн эсрэг жагсаалд оролцогчдын өмнө үг хэлэхдээ “Эрх баригчдын хүчээр хяналтаа тогтоох явдлыг дуусгавар болгож, шилжилтийн Засгийн газрыг эмхлэн байгуулах, шударга сонгууль явуулахын тулд Ерөнхийлөгчийн үүр­гийн авч байна” хэмээн мэ­дэгд­жээ. Өөрийгөө Ерөн­хий­лөгч хэмээн зарла­сан түүнийг ч АНУ-ын Ерөн­хий­лөгч Д.Трамп, латин Америкийн зарим орнууд ч хүлээн зөвшөөрч буйгаа зарласан байх юм. Тэгвэл үүнд эгдүүцсэн Н.Мадуро АНУ-аас дипломат харилцаагаа тасалж байгаагаа зарлаж, дипломат ажилтнуудыг нь 72 цагийн дотор Венесуэлийг орхихыг шаарджээ. 

Венесуэл улс төр, эдийн засгийн гүн хямралд нэрвэгдэж, хоол хүнс, эм тарианы хомсдол бий болсноос сүүлийн хэдхэн жилийн хугацаанд манай улсын нийт хүн амтай тэнцэх хэмжээний буюу гурван сая орчим хүн эх орноо орхин дүрвэсэн гэсэн тоон баримт байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Венесуэлтэй холбоотой мэдэгдэл хийхдээ Үндэсний ассамблейг ард түмнээс сонгогдсон бүрэн эрхт Засгийн газар, улс орны удирдлага болохыг хүлээн зөвшөөрч буйгаа онцолсон байдаг. Улмаар Гуайдог түр Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрч, бусад орнуудыг ч түүнтэй санал нэгдэхийг уриалжээ. Харин үүний эсрэг Н.Мадуро “Би юунаас ч айхгүй. АНУ манай улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож, дурын хүнээ Ерөнхийлөгч хэмээн зөвшөөрч, Венесуэл улсын өөрсдийнхөө утсан хүүхэлдэй болгохыг санаархаж байна” гэжээ. 

Өөрийгөө Венесуэлийн Ерөн­хийлөгч хэмээн зарла­сан Хуан Гуайдо эдүгээ 35 настай. Тэрбээр Үндэсний ассамблейг тэргүүлэх хүртлээ Венесуэлийн улс төрд төдийлөн танигдаагүй нэгэн байсан аж. Үндэсний ассамблей нь Венесуэлийн парламент бөгөөд эдүгээ сөрөг хүчний хяналтад байдаг юм. Гуайдо парламентад байх хугацаандаа Мадурогийн Засаг захиргаатай холбоотой хэд хэдэн авлигын хэр­гийг мөрдөн шалгах санаа­чил­гыг гаргаж байсан гэдэг. Харин өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Мадурог хууль ёсны дагуу сонгогдсон эсэх асуудлыг хөндөж, өөрийгөө дараагийн сонгууль хүртэл Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх эрхтэй гэж мэдэгдсэн байгаа юм. 

Юутай ч, сонгуулиар иргэдийн дийлэнх саналыг авч улиран сонгогдсон гэх Мадуро АНУ-тай дипломат харилцаагаа тасалж, дипло­мат ажилтнуудыг нь нутгаасаа хөөх шийдвэр гаргалаа. Эсрэгээр түүний үүргийг түр гүйцэтгэгч сайн дурын Ерөнхийлөгч Гуайдог Колумб, Бразил, Перугийн эрх баригчид хүлээн зөвшөөрсөн бол Мексик үл зөвшөөрчээ.