ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хальж давсан харамгүй сэтгэлтэн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-27

Гэрэл цацарсан жаахан охин. Хараад л хайр хүрмээр хэвлүүхэн амьтан. “Мөнгөө цуглуулаад зөндөө их болохоор өнчин хүүхдүүдэд гоё юм авч өгнө хэмээн ярих” тэр бяцхан охиныг Гантөмөрийн Анхзаяа гэдэг. Одоо Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа цогцолбор” 54 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг жаахан охин. Насандаа баймгүй урт холын бодол өвөртөлсөн тэр одоо дөнгөж л есхөн настай.

Мөөмөө хөхөх дүүгээ хараад битүүхэн атаархдаг насандаа яваа тэрбээр өнчин хүүхдүүдэд туслах мөрөөдлөө биелүүлэх гэж “Анхзаяа сан”-г санаачлаад байгаа юм. “Анхзаяа” сангийн хамгийн эхний ажил цугласан мөнгөөрөө хүүхдүүдэд, хүүхэд төрүүлэх гэж байгаа ээжүүдэд утааны маск авч өгөхөд зориулагдах аж.

Анх нэгэн сангаас хоёр нялх хүүхэдтэй ганц бие ээжид тусалсан тухай нэвтрүүлэг үзэж, бяцхан зүрхэнд нь хөндүүр төрүүлж, өр өвтгөдөг өнчин хүүхдүүдэд туслахсан гэсэн биедээ баймгүй “том” бодлоо биелүүлэх энэ санааг олжээ. Одоогоор “Анхзаяа” санд 100 гаруй мянган төгрөг цуглаад байгаа юм. Тэрбээр, энэ мөнгөөр дүү шигээ жаахан хүүхдүүдэд утааны маск авч өгөхөөр зэхэж байгаа гэнэ. Орж ирсэн хүмүүсээс “Та миний санд мөнгө нэмэрлэх үү. Би ийм зүйл хийх гэж байгаа” хэмээн хичээнгүйлэн тайлбарлана. Тэр ч байтугай сургууль дээр нь хүмүүнлэгийн хандивын арга хэмжээ болоход өөрөө ч тоглохгүй шахам хадгалж байсан тоглоомоо бүгдийг нь хүргэж өгсөн гэнэ лээ.

Тийм сайхан сэтгэл томчууд биднээс тэр болгон гарах болов уу гэх асуулт тавихад хүрснээ нуух юун. Үеийн хүүхдүүд нь аав, ээжийнхээ өгсөн мөнгөөр чихэр, жимс авч идэн “тансаглаж” байхад, халаасны мөнгөө өөрөөсөө харамлан, гэгээн мөрөөдөл өвөрлөн “тас гүрийх” энэ жаахан охины сэтгэл үнэхээр том юм. Хамгийн үнэн, хамгийн хиргүй тунгалаг гэж үүнийг л хэлнэ. Мөрөөдлийнхөө тухай, өрөвдөж хайрладаг хүүхдүүдийнхээ тухай, өөрийн санаачилсан сангийнхаа тухай ярихдаа цаанаа хэвлүүхэн болж ирээд, их л нухацтай царай гарган ярив.

“Улстөрчид их муу хүмүүс юм шиг байна билээ“ гэж ирээд л элдвийг ярьж, элэг авах нь эгдүүтэй. Улс төр яриад л төв царай гарган цэмцийж суусан эгч дэргэдүүр дүү нь дэгдээд өнгөрөхөд огло үсрэн босоод хойноос нь харайлгачихна. Хормын дотор мөнөөх санаа зовнисон, бодсон, ойлгож ядсан, дүгнэлт хийсэн нухацтай царай үгүй болж, үсэрч дэгдсэн дэггүй охин болчих нь шидийн мэт. Хүүхэд нас ийм л сайхан гэсэн бодол түүнтэй уулзсан богинохон хугацаанд хором бүр бүр эргэлдэн байв.

Инээлдэн, хөөцөлдөх жаахан охидыг харж суухад дүүгээ хөтлөн дэгдэж асан хүүхэд нас минь үе үе бодогдож суув. Г.Анхзаяа үнэхээр гэрэл цацруулсан сайхан охин. Хальж давсан харамгүй сэтгэлтэн. Өөрөөсөө илүү өрөөлийг гэх чин үнэн сэтгэл нартад хэчнээн ч байдаг билээ. Ярьж хэлж, аашилж аяглаж байгаа нь цаанаа л гэгээ татуулсан. Түүний насан дээр сан байгуулж, сайн үйлс хийх нь бүү хэл алив сайхныг өөртөө л гэж эрхлэн, чихэр жимснээс хальж давах зорилго, төлөвлөгөө гэж байдаггүйсэн.

Түүнээс өнчин хүүхдүүдэд яагаад туслахаар болсныг асуухад “Зайрмаг идмээр санагдсан ч тэдэнд зайрмаг авч өгөх аав, ээж байхгүй. Хүүхдийн баяраар парк дагуулж явах ч хүн байхгүй. Дандаа эрхлүүлж, дуртай юмыг нь авч өгөх, хайрлах хүн байхгүй болохоор өрөвдмөөр. Ээж, ааваараа хайрлуулж, дуртай зүйлээ авахуулж, эрхэлдэг хүүхдүүд тэдний оронд өөрсдийгөө тавьж, чадах зүйлээрээ тусалж байвал өнчин хүүхдүүд ганцаардах нь багасна. Бага ч гэсэн баярлана шүү дээ” хэмээн хариулахдаа хөмсөг зангидан, царайгаа төв болгоод энэ бодлоо үнэн сэтгэлээсээ надад ойлгуулах гэсэн шиг өөдөөс нүд салгалгүй ширтэн тайлбарласан юм. Түүнтэй ярилцсан богинохон хугацаанд хорвоо ертөнцийг хүүхдийн нүдээр харах шиг болов.

Г.Анхзаяа анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй. Түүнийхээр Ерөнхийлөгч хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн шударга хүн байх ёстой гэнэ. Бас бүхий л хүнийг жаргалтай байхад нь тусалж чадах тийм сайхан сэтгэлтэн байх ёстой аж. Тэрбээр, зургийнхаа дэвтэр дээр Ерөнхийлөгч болоод биелүүлэх олон мөрөөдлөө зуржээ. Тэр дэвтрийг нь би мөрөөдлийн дэвтэр гэж нэрлэсэн юм. “Мөрөөдлийн дэвтэр”-ийн эхний хуудсанд гар, гараасаа хөтлөлцсөн нэгэн гэр бүл цэцэгт талд зугаалж явах юм. Энэ бол Г.Анхзаяагийн гэр бүл ажээ.

Тэр Ерөнхийлөгч болоод аав, ээж, хоёр дүүгээ дэлхийгээр аялуулахыг хүсдэг гэнэ. Дараагийн хуудсанд олон давхар том байшин руу хүүхдүүд яаран гүйж яваа зураг байна. Учрыг асуувал, Г.Анхзаяа Ерөнхийлөгчийн өнчин хүүхдүүдэд зориулж байгуулсан “Их дэлгүүр” гэнэ. Энэ дэлгүүр дуртай зүйлээ авмаар байгаа ч авч чаддаггүй хүүхдүүдэд хэрэгцээтэй зүйлийг нь өгдөг дэлгүүр байх гэнэ. Мөн маш олон барилга барьж, хөнгөлөлттэй үнээр зарж утаанаас салгах төлөвлөгөө боловсруулснаа ярив.

Мөрөөдлийн дэвтрийг үзэж суутал гараа алдалсан охиныг их л хичээж зурсан байхыг харлаа. Түүнээс учрыг нь асуувал энэ охин гавьяат дуучин, Г.Анхзаяа юмсанж. Тэр бас дуучин болохыг мөрөөддөг ажээ. Гэхдээ Ерөнхийлөгч болбол дуучнаас илүү эрх мэдэлтэй учраас хүмүүсийг сайхан амьдрахад нь тусалж чадна хэмээн ярьсан шүү. Тийм учраас Ерөнхийлөгч болох мөрөөдлөө нэгдүгээрт тавьжээ. Хуудас бүрээс нь хайр, гэгээн мөрөөдөл цацарсан тэр дэвтэрт амьтны дүрстэй гэмээр содон титэм зүүсэн бас нэгэн охин байв.

Энэ хэн бэ гэж асуухад “Энэ бол сахиусан тэнгэр. Хамгийн сайхан сэтгэлтэй хүн сахиусан тэнгэр болдог. Би өөрийгөө сахиусан тэнгэр гэж бодож зурсан юм” гээд гэнэн инээх нь хайр хүргэмээр. Мөрөөдлийн дэвтэрт түүний оюун бодолд буусан санаанд оромгүй содон утга агуулгатай зургууд дүүрэн байх аж. Түүн дунд аливаа үйл явдал болоод хүмүүсийг шоглож зурсан “шог” зургууд ч цөөнгүй байлаа.

Улаан, цэнхэр, саарал өнгийн даашинзтай гурван охиныг зэрэгцүүлэн зурсан зураг бол “Гал охин, тэнгэр охин, төмөр охин” гурав. Үлгэрийн баатрууд юм байх гэж бодоод асуутал “Үлгэр биш ээ. Би өөрөө зохиочихсон юм. Зөвхөн эрэгтэй хүүхдүүд биш охид ч гэсэн мундаг хүчтэй” гэсэн санаанд оромгүй тайлбарыг өглөө. Энэ мэт үлгэрийн гэмээр санаанууд мөрөөдлийн дэвтрийн хуудсанд хөвөрчээ. Айлын том охин учраас бага дүүгээ унтуулах, унтаж байгаа дүүгээ сэрээлгэхгүйн тулд том дүүгээ саатуулах гээд түүний ажил, хүлээсэн үүрэг мундахгүй.

Хааяа хариуцлага алдаж, дүүгээ дагаад хашхичин дэгдчихдэг томоогүй занг эс тооцвол тэр “мундаг” эгч. Энэ “мундаг” эгч ирээдүйн төрийн тэргүүн, гавьяат дуучин бас бусдад сайн сайхныг түгээгч “сахиусан тэнгэр”. Тийм ээ, тэр үнэхээр өргөн дэлхийг өөртөө багтааж хайрласан өр нимгэн  мөрөөдлийн эзэн юм байна. Далавчаа дэлгэн дураар дүүлэх бяцхан дагина юм байна. Сайхан охин минь мөрөөдлөө заавал биелүүлээрэй. Чинийх шиг хүсэл мөрөөдөлтэй олон мянган хойч үе, ирээдүй биднийг тосож байгаа учраас илүү итгэлтэйгээр эх орон чинь  урагшаа тэмүүлж, хөгжиж явна. Бусдыг гэсэн сайхан сэтгэл чинь чамайг илүү өндөрт хүргэг. Мөрөөдлийнхөө дэвтэрт бичсэн тэр олон хүсэл чинь бодит болон биелэх цагт хоёулаа энэхүү сурвалжилгаа эргэж сөхөн заавал дахиад уулзах юм шүү.