ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-ын нууц албаныхан Венесуэлийг зорьжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-27

Өмнөд Америкийн Венесуэл улсын дарангуйлагч гэгдэх Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэж, тус улсын үндэсний ассамблейн тэргүүн өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан билээ. Ингэснээр эдийн засгийн хямралд өртсөн Венесуэлийн улс төрийн хямрал улам гүнзгийрч, хоёр Ерөнхийлөгчтэй болсон юм.

Хуучин буюу өнгөрсөн жилийн тавдугаар сард явагдсан сонгуулиар улиран сонгогдсон Николас Мадурог ОХУ тэргүүтэй хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд дэмжин, хүлээн зөвшөөрч байгаа бол эсрэгээр өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн энэ сарын 23-нд зарласан үндэсний ассамблейн дарга Хуан Гуайдог АНУ тэргүүтэй Латин Америкийн орнууд Венесуэлийн төрийн тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрөх болов. Үүгээр зогсохгүй нийслэл Каракас хотноо Н.Мадурогийн эсрэг томоохон хэмжээний жагсаал болж, цагдаа жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, 20 хүн амиа алджээ. Мөн 500 орчим хүнийг саатуулсан гэх мэдээлэл байгаа юм.

Улс орных нь улс төр, нийгмийн байдал өөрийнх нь эсрэг чиглэж буй энэ үед Н.Мадуро цэргийнхнээс өөртөө үнэнч байхыг шаардаж, басхүү ОХУ-аас ч тусламж хүссэн бололтой. Тодруулбал, “Globalnews” агентлагийн мэдээлснээр сүүлийн хоёр өдрийн хугацаанд ОХУ-ын нууц албаны хэд хэдэн албан хаагч Николас Мадурог хамгаалах зорилгоор Венесуэлийг зорьсон хэмээн ойрын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн дамжуулсан байв.

Тэдний зорилго болон нууц албаны хэчнээн алба хаагч очсон нь тодорхойгүй байгаа ч, эх сурвалж 400 хэмээн мэдээлжээ. Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан аж. Тэд Кубын нийслэл Гавана хотод газардаж, тэндээсээ Венесуэл хүрэх бизнес ангилалын нисэх онгоцоор ниссэн байна.  

ОХУ-ын тал  Н.Мадурогийн социалист Засгийн газарт хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, дэмжиж ирсэн. Харин сөрөг хүчний Хуан Гуайдо өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дэмжлэгтэйгээр өөрийгөө түр Ерөнхийлөгчид өргөмжилсөн билээ. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэмжиж буйгаа ил тодоор илэрхийлсэн бол ОХУ, БНХАУ-ын тал Венесуэлийн дотоод асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, бусад улс орныг ч уриалсан байна. 

“Д.Трамп бол худал мэдээлэл тараагч”

Сөрөг хүчний лидерийг нь дэмжиж, Венесуэлийн хууль ёсны түр Ерөнхийлөгч хэмээн АНУ-ын тал хүлээн зөвшөөрсний дараа Николас Мадуро АНУ-аас дипломат харилцаагаа тасалж буйгаа зарлаж, “72 цагийн дотор Венесуэлээс зайлцгаа” хэмээн мэдэгдсэн билээ. Улмаар өөрийнх нь эсрэг жагсаалын үеэр 20 хүн амиа алдсаны дараа хэвлэлийн бага хурал хийж, энэ үеэрээ “Би Америкт хүндэтгэлтэй ханддаг. Гагцхүү Ерөнхийлөгч Д.Трампыг л үл тоомсорлох болно. Тэр бол дэлхий даяар худал хуурмаг мэдээлэл тараагч. Одоо Венесуэлийг болон намайг харлуулж, муу муухайгаар харагдуулахыг оролдож байна” гэжээ. Юутай ч, Н.Мадурогийн мэдэгдлийн дараа АНУ тус улсаас зарим дипломат ажилтнуудаа татаж эхэлжээ. АНУ-ын Төрийн департментын төлөөлөгч “Манай улс Каракас дахь Элчин сайдын яамнаасаа онцгой байдлын үед ажиллах үүрэг хүлээгээгүй зарим дипломат ажилтнаа эргүүлэн татаж байгаа. Гэхдээ Дипломат төлөөлөгчийн газар урьдын хэвээр үйл ажиллагаагаа явуулах болно” гэж мэдэгдсэн байна. 

Н.Мадурогоос хэн, хэн нүүр буруулав

Инфляци өсч, ард иргэд нь ядуурал, өлсгөлөнд нэрвэгдэн, эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулаад буй Венесуэл улсаас хэдэн сая иргэн орон гэрээ орхин, гадны улсыг зорьж дүрвэсэн. Улмаар Мадуро дотоодын эсэргүүцэлтэй тулгарч, олон улсын зүгээс эдийн засаг, хүний эрхийн зөрчилд түүнийг буруутгах болсон юм. Харин Гуайдо хуулийн дагуу Ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэх эрхтэй хэмээж, өөрийгээ түр Ерөнхийлөгчөөр зарласан бөгөөд ард иргэдэд шилжилтийн Засгийн газар, чөлөөт сонгуулийг удирдан явуулахаа амласан байдаг. Үүний дараа түүнийг АНУ, Латин Америкийн орнууд, Канад, Их Британи хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн юм. Харин Франц, Герман, Испани найман өдрийн дотор сонгууль болохгүй бол Хуан Гуайдог дэмжинэ гэдгээ илэрхийлээд буй.

Нөгөөтээгүүр, БНХАУ, Мексик, Турк, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд Николас Мадурог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн дэмжиж байна.