ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бичил уурхайчин “Аварга тариаланч” болжээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-05-30

ХЭҮК, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил төсөл”, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн Батноров, Норовлин суманд үйл ажиллагаа явуулж буй жонш болон алтны бичил уурхайтай 30 гаруй сэтгүүлч өнгөрсөн амралтын өдрүүдэд очиж танилцлаа. ШХА-ийн “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд алт, жонш зэрэг байгалийн баялгийг хууль бусаар олборлосоор ирсэн хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, улмаар хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, албан ёсны зөвшөөрөлтэй, нийгмийн хариуцлагатай, тогтвортой бичил уурхайг бий болгож чадсан байв. 
Бэрхийн бичил уурхайчин сард 260 мянган төгрөгийн татварыг орон нутагтаа төлдөг 
Батноров сумын долдугаар баг, Бэрх тосгонд 1954 онд Зөвлөлт Монголын хамтарсан анхны хүнд металлын гүний уурхайг байгуулж, уурхайн нөөцөд түшиглэсэн жижиг хотыг байгуулж байжээ. Хөгжлийнхөө оргил үед улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байсан Бэрхийн жоншны уурхай 2005 онд албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоожээ. 

Уг уурхайн нөөцөд тулгуурлан бичил уурхайчид “Гурван бухтын толгод” ТББ-ыг байгуулж, орон нутгийнхаа Засаг даргатай албан ёсны гэрээ байгуулж, 2017 оноос эхлэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах болжээ. Тус гүний уурхайгаас өвлийн улиралд олборлолт хийдэг учраас биднийг очих үед амралтын байдалтай байлаа. Өнөөдрийн байдлаар албан ёсоор нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон 180 хүн тус бичил уурхайд бүртгэгдсэн бөгөөд нэг хүн сард 260 мянган төгрөгийн татварыг орон нутагтаа  төлдөг байна. Бичил уурхайчид эрүүл мэнд, нийгмийн даатгалд бүрэн хамрагдахын зэрэгцээ хөдөлмөр хамгааллын бүрэн хувцас хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулж, үе үе аюулгүй ажиллагааны сургалтад хамрагддаг гэв. Тус уурхайн нөхөрлөл бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ өдөрт 100 кг-аас 10 хүртэл тонн жонш олборлож, Бор-Өндөр суманд байрладаг албан ёсны компаниудад нэг тонн жоншоо 400 мянган төгрөгөөр нийлүүлдэг аж. Бэрхийн уурхайн жонш нь 92-98 хувийн агууламжтай, дэлхийд хамгийн өндөр агууламжтай жонш байдаг аж. Бэрх тосгон 2500 гаруй хүн амтай хэдий ч төсвийн байгууллагаас өөр тогтсон ажилтай, орлоготой хүн тун цөөхөн юм байна. Иргэд зохион байгуулалтад орж өөрсөддөө ажлын байр бий болгож, амьжиргаагаа залгуулж байгааг нь тус сумын ЗДТГ-аас идэвхитэй дэмжих болжээ.  Бэрхийн бичил уурхайчид сумынхаа эмзэг ядуу иргэдийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх, сургууль цэцэрлэг зэрэг байгууллагадаа чадлынхаа хэрээр дэмжлэг туслалцаа үзүүлж, нийгмийн хариуцлагатай ажиллаж байгаад баярлаж явдгаа Бэрх тосгоны ЗАА-ны дарга О.Батмандах илэрхийлсэн юм.

Б.Зоригоо: Хэнээс айж эмээхгүйгээр сэтгэл тэнүүн амьдарч байна

Хэнтий аймгийн Норовлин сумын иргэд “Норовлин хамтын хүч” ТББ-ыг байгуулж, 2013 оноос эхлэн  нөхөрлөлийн зохион байгуулалтад оржээ. Тус ТББ “Баян Эрхэс” ХХК-ийн ашиглаад орхисон алтны шороон овоолго дээр бичил уурхайн үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрсэн байна. Бичил уурхайн зохион байгуулалтад орсноор тухайн сумын газар нутаг хамгаалагдаж үлдэхийн зэрэгцээ хууль ёсны дагуу татвар шимтгэлээ төлдөг, албан ёсны тогтвортой ажлын байрыг бий болгосон байна. Уг нөхөрлөлийн гишүүд сумандаа жилд 10 гаруй сая төгрөгийн татвар төлж, бүх гишүүдээ эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулсан байна. Маллах малгүй, боловсрол мэдлэггүй, ажилгүй, орлогогүй байсан хүмүүс өнөөдөр өөрсдийн гэсэн орон гэртэй, тогтсон орлоготой, бичил уурхай битгий хэл дундаж уурхайд тавигддаг бүхий л норм стандартыг хангасан, улсдаа жишиг болохуйц гэр кэмп байгуулан үйл ажиллагаа явуулж байлаа.

Уг нөхөрлөлийн гишүүн Б.Зоригоо “Би өмнө нь хууль бусаар алт олборлож байх үедээ хүмүүст ямагт адлуулж, байнгын айдас дарамттайгаар алт олборлодог байлаа. Алтны илэрцтэй газруудад нүх ухаж, байгалийг сэндийлээд хаяад явдаг байсан. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаад эхлэхээр үнэхээр сайхан, сэтгэл тэнүүн байх болсон. Би сард эрүүл мэнд, нийгмийн даатгалд 60 мянга, хамтын санд 10 мянга, нөхөн сэргээлтийн санд 10 мянган төгрөг төлөөд хүнээс дутахгүй сайхан амьдарч байна. Манайх хөдөлмөр хамгааллын бүрэн хувцас хэрэглэлтэйн зэрэгцээ нийгмийн даатгалаа өндөр төлдөг учраас нэлээн өндөр тэтгэвэр тогтоолгохоор байгаа. Түүнчлэн энэ жилээс эхлэн манай нөхөрлөлийн гишүүд татварын буцаалт авах асуудлыг судалж эхэлсэн. Бид шинээр газар ухаж байгалийн онгон байдлыг алдагдуулаагүй.  Гагцхүү компаниудын ашиглаад орхисон шороон овоолгыг дахин угааж алт олборлоод тухайн газартаа биологийн нөхөн сэргээлт хийгээд орон нутагтаа хүлээлгэн өгдөг” гэсэн юм. 

Монгол Улсын хууль журмын дагуу олборлолт явуулж, орон нутагтаа татвар шимтгэл төлж, хариуцлагатай уул уурхай эрхэлж буй эдгээр хүмүүс жил бүр шинэ мэргэжил олгох сургалтад шат дараатайгаар хамрагдаж байгаа аж. Тэдний албан ёсны зөвшөөрөлтэй талбайн нөөц шавхагдаж дуусах үед өөрсдийн бий болгосон хуримтлал дээрээ үндэслэн оёдол эсгүүр, газар тариалан, хоол үйлдвэрлэл, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж. Хэнтий аймгийн Батноров сумын иргэн Х.Дөкөөн тус суманд жонш олборлож байгаад сум хөгжүүлэх сангаас таван сая төгрөгийн зээл авч газар тариаланч болжээ. Тэрбээр одоо найман га талбайд тарвас, төмс, хүнсний ногоо тарьж жилдээ 70 тонн тарвас, 30 тонн хүнсний ногоо хураан авч аймгийнхаа аварга тариаланч болжээ. Сумандаа битгий хэл аймгийнхаа хэмжээнд үлгэр жишээ үзүүлж, амьжиргааны хоёрдогч эх үүсвэрээ бүрдүүлэхээр зорьж буй бичил уурхай эрхлэгчдийг Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал, ШХА-ийн “Тогтвортой бичил уурхай” төсөл, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооныхон идэвхитэй дэмжин ажиллаж байгаа нь бахархмаар байв.