ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Венесуэлд өнөөдөр томоохон хэмжээний жагсаал болно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-29

Эдийн засаг, улс төрийн хямралд өртсөн Венесуэлд өнөөдөр урьд хожид болж байгаагүй томоохон хэмжээний жагсаал болох гэнэ. Жагсаалыг сөрөг хүчнээс зохион байгуулах бөгөөд зорилго нь өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон сонгуульд хууль бусаар улиран сонгогдсон гэх Николас Мадурог суудлаас нь түлхэн унагаж, дахин сонгууль явуулах аж. 

АНУ, Латин Америкийн орнуудын дэмжлэгтэйгээр өөрийгөө Венесуэлийн хууль ёсны түр Ерөнхийлөгч хэмээн зарласан Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдо тус жагсаалын талаар олон нийтэд мэдэгдсэн байна. 

Тэрбээр цаашид улс төр дэх нөлөөллөө улам тэлж, цэргийнхэнтэй тохиролцоонд хүрч, тэдний дэмжлэгийг авахыг хүсч байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт ч Венесуэлд Н.Мадурогийн засаглалыг эсэргүүцсэн жагсаал болсон бөгөөд энэ үеэр мөргөлдөөн гарч, 20 орчим хүн амиа алдаж, 700 гаруй хүн баривчлагдсан байдаг. Мөн тус жагсаалын үеэр Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн зарласан юм.  Тэгвэл өнөөдөр өнгөрсөн удаагийнхаас ч илүү цар хүрээтэй, өргөн бүрэлдэхүүнтэй жагсаал хийхээр төлөвлөж байгаа аж. Хуан Гуайдо өөрийн твиттер хуудастаа “Энэ сарын 30-нд нийслэл хотноо болох өнөөгийн Засгийн газрын эсрэг томоохон хэмжээний жагсаалд ард иргэдийг ирэхийг уриалж байна. Н.Мадурог тэтгэвэрт нь гаргацгаая” хэмээн бичсэн байв. Нөгөөтэйгүүр, АНУ-ын тал Хуан Гуайдог Венесуэлийн төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч хэмээн хүлээн зөвшөөрч, Мадурогийн эсрэг шахалт үзүүлж эхэллээ. Тэд Н.Мадурог унагахын тулд газрын тосны төрийн өмчит “PDVSA” компанид хориг тавьсан бөгөөд энэ хориг нь Хуайн Гуайдо бүх эрх мэдлийг гартаа авах хүртэл үргэлжлэх гэнэ. 

Хориг арга хэмжээний дагуу тус компанийн долоон тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжилж, энэ онд хийгдэх байсан 11 тэрбум ам.долларын экспортыг нь хаасан байна. Үүнээс хэд хоногийн өмнө Английн банк ч Венесуэлийн 1.2 тэрбум ам.доллартай тэнцэхүйц алтыг буцаан татах хүсэлтийг нь цуцалсан бол Европын зарим орнууд Н.Мадурог тодорхой хугацаанд багтааж сонгууль явуулахгүй бол өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарласан Үндэсний ассамблейн тэргүүнийг Венесуэлийн Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэгвэл барууны орнуудын энэ мэт шахалтад өртсөн Николас Мадуро дотоодын хэрэгт оролцохгүй байхыг улс орнуудад уриалж байна. Тэрбээр телевизээр мэдэгдэл хийхдээ “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн хэрэгт битгий оролц, Венесуэлээс гараа тат” хэмээж, төрийн өмчит газрын тосны компанид хориг арга хэмжээ авсныг хурцаар шүүмжилжээ. Н.Мадуро “Тэдний зорилго бол манай баялгийг цөлмөх. Тэд Венесуэлийн өмч, баялаг, мөнгийг авахыг хүсч байна. Дараа нь манай улсыг эзлэхийг хүснэ” хэмээжээ. 

Одоогоор БНХАУ, ОХУ Венесуэлийн улс төрийн хямралыг тус улсын дотоодын хямрал гэж үзэж, бусад орныг хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалж буй. Мөн Н.Мадурог хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэж буйгаа мэдэгдсэн билээ. Мөн зарим хэвлэлд ОХУ-ын цэргийн тусгай албаныхан Н.Мадурог хамгаалах зорилгоор Кубаар дамжин, Венесуэлд хүрсэн гэх мэдээллийг ч дамжуулж байгаа юм. 

Эдийн засгийн хямралд өртсөн Венесуэлийн инфляцийн төвшин асар их тоонд хүрч, хүнс хоол тэжээлийн хомсдол үүссэний улмаас гурван сая орчим хүн ойролцоох улс орнууд руу дүрвэжээ.