ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Алтантуяагийн амийг бүрэлгэсэн хэргийн эргэн тойронд...

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-30

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайзын Куала Лампур хотын захад орших ойгоос зэрэмдэглүүлсэн эмэгтэйн цогцос олдсон нь манай улсын иргэн Ш.Алтантуяагийнх байсан нь тогтоогдож байсан билээ. Шинжээчдийн дүгнэлтээр бүсгүйн толгойн тус газарт буудаж, “С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлсэн гэдэг нь тодорхой болж, олныг цочирдуулж байв.  Тэрбээр   “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон юм. Малайзын Батлан хамгаалах яам хоёр Scorpene шумбагч хөлгийн ложистик болон техник сургалтын зардалд Засгийн газар нэг тэрбум евро зарцуулсан гэж парламентдаа мэдэгдсэн бөгөөд техник үйлчилгээний хөлсөнд нь “Perimekar Sdn Bhd” хэмээх аялал жуулчлалын компанид 114 сая евро төлсөн гэсэн юм. Малайзын татвар төлөгчид шумбагч хөлгийн техникийн үйлчилгээ, аюулгүй ажиллагааны туршилт, пуужин, торпед болон шумбагчийн зогсоол барих, сургалтын зардал зэргийг одоо ч  төлж дуусаагүй байгаа аж.

Хэргийг шалгах ажиллагаа 10 гаруй жилийн турш үргэлжилсний эцэст энэ  сарын 22-нд шүүх хурал нь Малайзын Куала Лампур хотноо эхэлсэн. Шүүх хурал 10 гаруй хоног үргэлжлэх бөгөөд Монголын талаас Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, хохирогчийн аав С.Шаарийбуу болон гэрч, өмгөөлөгчид, Бангкок дахь манай улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцож байгаа аж. Малайзын улс төрд 61 жил дархлагдсан улстөрч, уг хэрэгт холбоотой гэж сэжиглэгдэж буй Ерөнхий сайд асан Нажиб Разак сонгуульд ялагдсаны дараа манай улсын иргэний амийг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж эхэлсэн юм. Тэгвэл шүүх хурлын явцын олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлж буйг энэ удаа уншигчиддаа орчуулан хүргэж байна. 

 

www.msn.com: “Талийгаач хөлөг онгоц худалдан авах ажиллагаанд орчуулагчаар ажилласан”

Ш.Алтантуяа агсны амийг бүрэлгэсэн хэр­гийн нэгдүгээр сарын 29-нд болох байсан шүүх хурал гэрч мэдүүлэг өгөхөд бэлэн бус гэсэн үндэслэлээр өчигдрийн 10:00 цаг хүртэл хой­шил­сон юм. Тэгвэл өчигдөр болсон шүүх хурал дээр гэрч хэрхэн мэдүүлсэн талаар “Msn.com” сайт мэдээлсэн байна. Үүнд “Амиа алдсан Ш.Алтантуяагийн үеэл өнөөдөр болсон шүүх хурлын үеэр талийгаач Малайзад хоёр шумбагч онгоц худалдан авах хэлэлцээрт  Абдул Разак Багиндагийн орчуулагчаар ажилласан гэж хэ­лэв. Эдүгээ 35 настай Г.Намираа Ерөнхий сайд асан Нажиб Разакийн шадар туслах Абдул Разакт тус хэлэлцээрт талийгаач орос хэлнээс англи хэл рүү орчуулга хийж, ажилласан гэд­гийг гэрчилсэн байна. Тэрбээр “Тэр Разак Багиндатай хувийн харилцаатай гэдгээ хэлж бай­­сан. Бас түүнтэй уулзахыг хүссэн. Тэр ор­чуул­га хийсэн хөлсөө түүнээс авах ёстой гэж на­­дад хэлж байсан. Малайз Оросоос шумбагч он­гоц худалдан авах гэж байгаа. Тэр хэлэлцээр нь Францад болсон гэсэн. Разак Баганди түү­нээс оросоос англи руу орчуулга хийж өгөхийг хүсэж, тохиролцсон гэж талийгаач ярьсан” хэмээжээ. 

 

www.malaymail.com: Хохирогчийн аав Нажиб Разак, Разак Багиндагийн аль нь болохыг мэдэхгүй гэв

Хохирогчийн аав амиа алдсан загвар өмсөгч охин нь 2006 оны аравдугаар сард Малайз руу явахдаа Разактай уулзана гэж хэлсэн ч аль Разактай уулзахаар явсан гэдгийг нь тодорхой мэдээгүй гэдгээ шүүхэд ярьжээ. Малайзын Засгийн газраас 100 сая рингитийн нөхөн төлбөр шаардсан гэр бүлийн хоёр дахь гэрчээр хохирогчийн аав Шаарийбуу оролцсон юм. Тэрбээр Куала Лампур руу нисэхээс нь өмнө буюу 2006 оны аравдугаар сарын 7, 8-нд охинтойгоо гэртээ уулзсан гэж мэдүүлсэн байна. Монгол Улсын их сургуулийн тэтгэвэртээ гарсан профессор 69 настай С.Шаарийбуу тухайн үед аль Разак болохыг нь мэдээгүй гэж мэдүүлжээ. “Тэр надад Разактай уулзана л гэж хэлсэн. Би Нажиб Разак, эсвэл Абдул Разак Багиндагийн аль нь болохыг мэдээгүй” хэмээн тэрбээр шүүх хуралдааны үеэр ярьжээ. 
Абдул Разак Багинда нь 2000-2008 онд Батлан хамгаалахын сайд, 2004-2009 онуудад шадар сайдаар ажиллаж байсан Нажиб Разакийн зөвлөхөөр ажилладаг байсан юм. С.Шаарийбуу мөн “Тэр надад том хүнтэй харилцаатай болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ эмчлүүлэхэд туслахыг хүссэн болохоор зайлшгүй явах хэрэгтэй гэж хэлсэн” хэмээжээ. 

 

Channelnewsasia: “Би Ш.Алтантуяатай хэзээ ч уулзаж байгаагүй”

Монголын загвар өмсөгч Ш.Алтантуяагийн амийг бүрэлгэсэн хэргийн гэрч Ерөнхий сайд асан Нажиб Разак, талийгаач хоёрын хамтдаа авахуулсан зургийг харж байсан гэдгээ шүүх хурлын үеэр мэдэгдсэн. Тэгвэл экс Ерөнхий сайд уг мэдүүлгийг няцааж, Ш.Алтантуяатай хэзээ ч уулзаж байгаагүй хэмээлээ. Тэрбээр “Энэ бол гүтгэлэг. Худлаа ярьж байна. Би хэзээ ч тэр хүнтэй уулзаж байгаагүй. Би энэ тухай сүмд хүртэл тангарагласан” гэж сэтгүүлчдэд ярив. Шүүх хурлын эхний өдрүүдэд  талийгаачийн үеэл О.Бурмаа гэрчээр оролцсон бөгөөд Ш.Алтантуяаг улстөрийн шинжээч Абдул Разак Багиндатай хувийн харилцаатай байсан гэдгийг гэрчилжээ. Гэрчийн ярьснаар, 2004 оны сүүлчээр түүнийг Хонконгод байхад буудалд нь Ш.Алтантуяа Абдул Разактай хамт ирж байсан гэнэ. О.Бурмаа “Тэр үед би Хонконгод амьдарч байсан. Харин талийгаач амралтаар Монголоос ирж, манайд зочилсон. Тэгэхдээ Разакийг найз гэж танилцуулсан. Харин дараа нь хувийн харилцаатай гэдгээ хэлсэн” хэмээн ярьжээ. Гэрч 2005 оны нэгдүгээр сард Шанхайд Разактай хоёр дахь удаагаа уулзсан байна. Түүнийг Хонконгоос Шанхайд очиход нисэх онгоцны буудалд талийгаач Разакийн хамт тосож авчээ. Харин гурав дахь удаагаа 2005 оны гуравдугаар сард Сингапурт уулзсан аж. Үүний дараа Ш.Алтантуяа агсан түүнд Разак болон тухайн үеийн шадар сайд Нажиб Разакийн хамт гурвуулаа авахуулсан зургаа үзүүлж байжээ. Тэрбээр “Надад гурвуулаа авахуулсан нэг зураг үзүүлж байсныг санаж байна. Би түүнээс тэд хэн болох талаар асуухад нэг нь Разак, нөгөө нь түүнтэй бизнесийн хамтрагч шадар сайд болохыг хэлсэн. Тэд хамтарч ажилладаг гэсэн. Би түүнээс нэр нь ижил юм, тэд ах дүүс юм уу гэж асуухад, үгүй ээ, гэхдээ тэд маш сайн найзууд, бас бизнесийн түншүүд гэж хариулсан” хэмээн ярьсан байна. 

 

malaysiakini.com: “Охиноо алдсан өдрөөс бидний амьдрал дууссан”

Талийгаачийн эцэг 69 настай С.Шаарийбуу өчигдөр шүүхийн танхимд нулимсаа дуслуулан “Охиноо алдсан тэр өдрөөс л бидний амьдрал дууссан. Охин минь гэр бүлийнхээ санхүүгийн асуудалд маш их хувь нэмэр оруулдаг байсан. Хоёр хүүгээ юугаар ч дутааж байгаагүй. Маш сайн ээж байсан. Тухайн үед хөвгүүдийн том нь аравтай, бага нь дөрвөн настай байсан. Бага хүү нь их бие муутай хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл, өөрөө бие дааж явахад хүндрэлтэй хэн нэгний тусламжтай ойрхон зайд явдаг байсан. Охин минь амиа алдахаасаа өмнө байнга хүүгийнхээ дэргэд байж, хүүгээ өдөр бүр асран, хүүгээ түшин алхах дасгал хийлгэж, сүүлдээ гадаад руу ч аваачиж эмчлүүлж байсан. Ингээд 2006 онд охин минь харамсалтайгаар амиа алдаж түүний минь үүрдэг байсан бүх ачаа миний нуруун дээр буусан даа. Миний насны хүний орлого гэр бүлээ тэжээхэд үнэхээр бага байсан. Ялангуяа бага зээгийн минь бие улам муудаж, хэвтэрт орж, надад хичээхээс өөр зам үлдээгүй. Том зээ маань зуны амралтаараа ойр зуур ажил хийж хичээлийн бэлтгэлээ базааж надад нэмэр болдог болсон. Зээ нарынхаа төлөө амьдарч байсан байраа хүртэл зарсан. Та бүхэн их сургуулийн профессор хүн гэхээр цалин их өндөр гэж бодож байж магадгүй. Монголд тухайн үед би 700 орчим ам.долларын цалин авдаг байсан. Одоо 800 орчим ам.доллар болсон. Энэ цалин манай гэр бүлийн хувьд хаана ч хүрдэггүй байсан.

Бид бие муутай бага хүүд нь ээжийнх нь талаар огт хэлж байгаагүй.

Зээ минь ээжийгээ их санадаг байсан. Төрсөн өдөр, шинэ жил, хүүхдийн баяр гээд энэ олон баяраар бид нууцаар бэлэг бэлдэн ээж нь өгч явууллаа гэж хуурдаг байсан. Ээжийгээ асуухаар нь ээж нь их хол газар ажиллаж байгаа. Удахгүй хүү дээрээ ирнэ гээд л өнгөрөөдөг байлаа. 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр бага зээ минь эрүүл мэнд нь улам муудсаар нас барсан” хэмээн ярьсан юм.