ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Цогзолмаа сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-31

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Түүнийг Засгийн газрын танхимынхаа эсрэг кноп дарсан гэх үндэслэлээр огцруулахаар болсон юм.

Мөн НББСШУ-ы байнгын хороогоор сар гаруйн өмнөөс чөлөөлсөн юм. Хэлэлцэх асуудалд хариулт өгөхөөр Ерөнхий сайд чуулганы танхимд ирээд байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хамгийн хүнд байгаа хоёр салбар нь зам тээвэр, боловсролын салбар шүү. Улс төрийн зорилгоор ажлыг нь өгүүлж байна. Энэ салбарт мэргэжлийн хүмүүсээр удирдуулах хэрэгтэй байх. Давхар дээл давхар хариуцлага гэж байна. Гэхдээ гаднаас мэргэжлийн хүн томилмоор байна. Та нар давхар дээлийг эсэргүүцэж гадаа талбайд тайз засаад их том жүжиг тоглосон шүү.

Я.Содбаатар ёсзүйн зөрчил гаргалаа гээд ажлаа өглөө. Дараагийн сайд чинь ийм зөрчилгүй байх ёстой шүү. Нийслэлийн Засаг даргагүй удлаа. Шинэ сайдыг маргааш гэхэд ярьчихна аа гэнэ ээ. Тэгвэл нийслэлээ ч гэсэн томилчих л доо. Их хуралд хэлээд өгөөч гэж нийслэлийн иргэд хэлээд байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ танхимд бид чинь хэчнээн сайд хэлэлцэв. Нэг, хоёр, гуравдугаар сайд гээд нэрлэчихмээр юм. Ц.Цогзолмаа сайд сайн ажилласан. Энэ сайдаас дор ажиллах хүн битгий оруулаарай. Яагаад давхар дээлтэй сайд томилоод байна” вэ гэсэн бол Ерөнхий сайд “Давхар дээл бол давхар хариуцлага юм” гэсэн хариулт өглөө.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Нутаг орны иргэд маань Ц.Цогзолмаа сайдыг битгий огцруулаач гэж хүссэн. Энэ хүн бол ажлаа сайн хийсэн шүү. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чадалтай мэдлэгтэй хүнийг тавих талаар анхаараарай" гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Сайд бол сайн ажилласан. Гэхдээ багаа бүрдүүлж чадсангүй бололтой. Өмнөх сайдууд ч бас багийнхаа ажил дээр алдсан. Олон ч сайд солигдлоо. Кембриджийн хөтөлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулж, дорвитой өөрчлөлт хиймээр байна" гэсэн юм. 

Б.Тогтох