ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Хоригдож байгаа эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь санаатайгаар хүний амь хөнөөсөн байдаг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-01

УИХ-ын намрын чуулган өнөөдөр өндөрлөх учиртай. Засгийн газраас бямба гарагийг ажлын өдөрт шилжүүлсэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганы хуралдааны эхэнд  Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуулт асууж, хариулт авлаа. хэлэлцэх эсэх дээр гишүүд байр сууриа илэрхийлж, үг

УИХ-ын гишүүн О.Батнасан:  Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлыг эргэж хармаар байгаа юм. Тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүдийн асуудлыг тусгайлан авч үзмээр байна аа.  Олон хүүхэд хоригдож байна гэдэг.  Хоёрдугаарт,  10 мянга орчим хүнтэй сум байна. Саатуулах байргүй. Аймаг руу нэг хүнийг саатуулна гээд явахаар 1000 км зам туулдаг. Төсөв мөнгө нь ямар гарах билээ.  Энэ талаар анхаарч өгөөч. Ганц хүн авч явж, 1000 км зам туулаад, саатуулна гэдэг ямар байх билээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:  Насанд хүрээгүй хүүхэд болон эмэгтэйчүүд голдуу хүн амины хэргээр ял эдэлдэг юм. Би нэг удаа эмэгтэйчүүдийг бүгдийг өршөөх хууль гаргах талаар бодоод, эмэгтэйчүүдийн хорих ангид очиж, хэрэгтнүүдийн хувийн хэрэгтэй танилцсан юм. Гэтэл 90 гаруй хувь нь хүн амины хэрэгт холбогдсон байсан. Бүр санаатай. Үлдсэн хэдэн хувь нь залилангийн хэрэгтэй байсан. Гэхдээ багахан биш их хэмжээний залилан.  Хүүхдүүдийн ихэнх нь ч хүн амины хэргээр ял шийтгүүлдэг.  Ер нь эрүүгийн хууль гэдэг тархины мэс засалчийн ажилтай адилхан. Нэг үг буруу бичвэл бүх зүйл буруугаар эргэдэг.  Шүүгч нар хууль ашиглахад их хэцүү байна гээд зовлонгоо ярьж байна.  Намайг ингээд ярихаар өөрийнхөө хуулийг өмөөрлөө гээд байдаг. 

Ажлын хэсэг:  Тийм олон хүүхэд хоригдож байгаа биш.  30 орчим хүүхэд л хоригдож байна. Таны хэлсэн шиг олон хүүхэд байхгүй. Танхай, хулгайн хэргээр хоригдож байгаа.

УИХ-ын гишүүн О.Батнасан:  Хүн амины хэрэгтэй хүүхдүүд байгаа гэж Ц.Нямдорж сайд ярьж байна.  Тийм биш. Бэлээхэн жишээ байна. Хоёр гурван хүүхэд ТҮЦ рүү ороод, 10 мянган төгрөг хулгайлснаас болоод шоронд орох болчихоод байна гээд шүүгч нар хэлж байна.  Гэх мэт алдаа мадаг хуульд байгаа болохоор би хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэлэлцэх хэрэгтэй гэж санал гаргаад байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:  Эрүүгийн хуульд жирийн иргэн 300 мянган төгрөгөөс дээш мөнгө хулгайлсан бол Эрүүгийн хэрэг үүснэ гээд оруулчихсан. Гэтэл Төрийн өмчит компагнийн захирлууд 10-аас дээш сая төгрөг шамшигдуулж байж Эрүүгийн хэрэг үүсгэх заалт оруулж өгсөн. Үүнийгээ хасаж өгөөч гэж гуйгаад бүтээгүй. Эмэгтэйчүүдийг нэг удаа чөлөөлчихье гээд гээд хорих ангид очсон чинь 90 хувь нь хүн  амины хэргээр шийтгүүлсэн байсан гэсэн.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой л болов уу. Энэ тал дээр анхаарч болохгүй юу. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Би хувьдаа 1962, 1987 оны Эрүүгийн хуулиар хэрэг уншиж байсан хүн. Тэгээд 2002 оны хуулийг өөрөө оруулж, батлуулсан. 2017 оны Эрүүгийн хууль миний үзсэн дөрөв дэх Эрүүгийн хууль.  2002 оны хууль бол Германы том эрдэмтдийг оруулж, өчнөөн юм болж байж батлуулсан хууль. Эх газрын системээр хийсэн хууль юм. Дээд шүүхийн шүүгч болдогсон бол 2002 оны хуулиа голлоод, зарим өөрчлөлтөө оруулаад хэрэглэх юмсан гэж ярьсан. Миний санаа биш, шүүгчид санал гаргаад байна. Эмэгтэйчүүдийн тухайд гэвэл би 2008 оны Засгийн газарт байхдаа очиж байсан тухайгаа ярьж байгаа юм. Сая бол очиж амжаагүй. Ердөө л өөрийн чинь асуулт. Гэр бүлийн хүчирхийлэл, удаан хугацааны дарамтаас болоод хутга явуулчихсан байдаг. Тийм ч олон эмэгтэй хоригдож байгаа юм биш. Цөөхөн. Гэхдээ гэр бүлийн шалтгаантай холбоотой. Дээрээс нь архи, дарс. 

УИХ-ын Ц.Мөнх-Оргил: Зорчих эрхийг хязгаарлах тухай хуулийг Байнгын хороонд ярьснаас хойш ярьж байна. Монголд таарсан ял уу, үгүй юу. Засгийн газар 9.7 сая ам.доллар энэ ялыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж байна. Хэрэгжүүлэх байгууллага нь 16 са ам.доллар гэж байгаа. Яг хэрэгжүүлнэ гэвэл 25 сая ам.доллараас наашгүй. Урсгал зардал гээд маш их мөнгө хэрэгтэй болно шүү. Хэрвээ энэ ялыг эхнээс нь хэрэглээд явж байсан бол хэдэн хүнийг шийтгэх байсан бол. Хэчнээн төгрөг зарцуулах байсан бэ. Энэ мэт тооцоогоо нарийн хийх хэрэгтэй. Тэгээд ч Монголын газар нутгийн онцлог, уламжлал гээд бүх зүйлээ бодолцож байж шинэ хууль оруулж ирмээр байна. Энэ бол суурин амьдралтай, амжиргааны түвшин өндөртэй орон хэрэглэдэг. Зорчих эрхийг хязгаарлах гэж оруулж ирж байна. Гадаадад бол гэрийн хорио гэдгээр хэрэглэдэг ял. Манайд гэрийн хорио гэхээр эвгүй байгаа байх. Тийм болохоор зорчих эрхийг хязгаарлах гээд байгаа юм. Яг үнэндээ зорчих эрхийг нь хязгаарладаг юм биш. Тодорхой бүс, зааг тогтоож өгдөг ш дээ.  Гадаадын орнуудад болоод байна гээд байдаг. Манайд хэр тохирох вэ гэдгээ бодолцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Шинэ Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Зөрчлийн хуультай холбоотой маш олон гомдол иргэдээс ирж байна. Зөрчлийг хянан шийдвэрлэх процесс Эрүүгийн хуулиасаа ялгарах юмгүй болжээ. Захиргааны болон Эрүүгийн процессоо ялгах хэрэгтэйг хууль, иргэд ярьж байгааг Хууль зүйн сайд анхааралдаа авна биз ээ.  Зорчих эрхийг хязгаарлах гэдэг шинэ ялын төрөл гарч ирлээ. Хууль зүйн сайд Зорчих эрхийг хязгаарлах шинэ ялыг хэрэгжүүлэх цаг нь болоогүй байна, 2021 он хүртэл хойшлуулъя гэж байна. Учир нь Солонгосын компани техник, технологио өгөхгүй удаж байгаа учраас гэж яриад байгаа юм. Монголд хууль хэрэгжүүлэхэд гадаадын компаниас хараат байгааг би ойлгохгүй байна. Дотоодын компаниуд хэрэгтэй бүх техник, технологийг хийж чадаж л байгаа. Хүний битгий хэл мал, амьтныхаа хаана байгааг тодорхойлж чадаж байна. Заавал өндөр өртөгтэй техник гаднаас аваад байх шаардлагагүй шүү. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нэгэнт тоног төхөөрөмж байхгүй хойшлуулъя гэвэл дэмжих нь зөв байх. Тоног төхөөрөмж нь их үнтэй, 9 сая ам.доллар.  1.5 сая хавтгай дөрвөлжин газарт яаж ч хянах юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Үндсэн хууль зөрчсөн заалт маш их байна. Шүүхийн шийдвэр эцсийнх байна гэдэг. Түүнээс биш Анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш гэсэн заалт байхгүй. Гэтэл Анхан шатны шүүхээс хоёр жилийн ял оноочихоод байхад давж заалдахад дахиад хоёрыг өгөөд, 4 болгочихдог. Хэрвээ хүндрүүлэх гэж байгаа бол нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад, дахиад Анхан шатны шүүхээр нэмж ял оноох ёстой биз дээ. Зөрчлийн хууль гэж төвөгтэй хууль байна. Тамхи зарж байгаа хүнийг өдөр болгон 50 мянган төгрөгөөр торгох гээд байдаг. Хууль юм чинь яалтай. Гэтэл амьдрах гэж байгаа хүмүүсийг яах юм. Гэх мэтээр анхаарах асуудал их байна.   

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Амьдралд буухгүй, хэн нэгний эрх ашигт нийцсэн хуулийг санаатайгаар зүтгүүлж оруулж ирдэг байдлын нэг жишээ энэ. Ганц хүнийг гэрт хорихын төлөө өч төчнөөн хөрөнгө мөнгө зарцуулна гэж юу байдаг юм. Хэн нэгний захиалгаар хууль оруулж ирдэг байдлаа болих хэрэгтэй. Өнөөдөр татаж байгаа юм байна. Цаашид ч ярих хэрэггүй. Дэмжихгүй байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Энэ бол шинэ ялын төрөл. Анх удаа, хөнгөн төрлийн хэрэгт холбогдсон  залуусыг гэрийн хорионд оруулах нь зөв. Тэгэхгүй болохоор шууд хорьдог. Хоригдоод гарч ирэхдээ жинхэнэ утгаараа хэрэгтэн болдог.  Тиймээс Зорчих эрхийг нь хязгаарлах нь зөв. Өнөөдөр уяачид хурдан морио хаана байгааг Жи Пи Эс-ээр хянадаг. Яахав, хяанахад жаахан зардал гарна. Сум орон нутаг, багтаа байна уу гэдгийг л хянана. Ер нь энэ хэрэгтэй ял. Хөнгөн хэрэгт холбогдсон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон залуусыг шоронд хорьж, архаг хулгайчдын дунд оруулж, төгс гэмт хэрэгтэн болгож байхаар гэрийнхэн дунд нь байлгай хүмүүжүүлье л гэж байгаа юм. Юм болгонд зардал их гарна гээд хойш тавьж болохгүй. Тиймээс хуулийг хэлэлцэж, батлах нь зөв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явууллаа. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад, хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн ихэнх нь дэмжлээ. Ийнхүү анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ-д шилжүүлэв.