ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

42 дугаар тойрогт зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явуулахаар боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-01

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш ямар нэг бэлэг сэлт тараах, үйл ажиллагаа зохион байгуулах хориотой байгаа. Гэтэл одоо бид хоёрдугаар сард энэ асуудлыг хэлэлцэж байна. Харин нэр дэвших хүмүүс чинь баахан бэлэг тараачихсан байвал яах вэ. Хуульд хамаарах уу.  Хэрвээ энэ оны зургадугаар сараас өмнө шинэ сонгуулийн хууль батлагдвал нөхөн сонгуульд өрсөлдөх хүмүүс шинэ хуулиа дагах юм уу, хуучнаа дагах уу. 

Сонгуулийн хороон дарга Ч.Содномцэрэн:  Сонгуулийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ хуульд нэр дэвшигч сонгууль товлон зарласнаас хойш ямар үйл ажиллагаа явуулахыг хориглосон талаар тодорхой заасан. Бэлэг сэлт тараах, урлагийн тоглолт зохион байгуулах гэх зэргийг хориглоно. Хууль өөрчлөгдвөл яах гэж байна. Бид одоогийн хэрэглэж байгаа хуулиараа нөхөн сонгууль зохион байгуулна гэж байгаа. Тухайн үедээ яахыг УИХ шийдэх байх.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Энэ сонгууль нэлээд хүлээгдлээ. Багагүй хугацаанд Хэнтийн 42 дугаар тойргийнхон төлөөлөлгүй байлаа.  Монголын иргэд нэг өдөр ч төрд төлөөлөлгүй байх ёсгүй. Гэтэл энэ тойргийн иргэд олон сар төлөөлөгүй байлаа. Энэ хохирлыг хэн хариуцах вэ.  Сонгуулийн бэлтгэл ажлыг хэр хангасан бэ. Энэ сонгуультай холбоотой улс төрийн намуудын идэвх нэмэгдсэн. СЕХ нөхөн сонгуулийг ямар нэг будилаан, маргаангүй явуулах бэлтгэл ажлыг бүрэн хангасан уу. Эрх баригч намын эрх ашгийг хангасан ямар нэг үйл ажиллагаа битгий яваасай гэж бодож байна.

Сонгуулийн хороон дарга Ч.Содномцэрэн: СЕХ УИХ-ын 42 дугаар тойрогт сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш УИХ-д гурван удаа санал хүргүүлсэн. Нөхөн сонгуулийг товлон зарлуулах хүсэлтээ өгсөн гэсэн үг.  Нөхөн сонгууль товлогдсоны дараа СЕХ бэлтгэл ажилдаа орно. Өнөөдөр сонгуулийн товыг зарлавал бид гуравдугаар сарын 1-ний дотор зардлын дээд хэмжээг тогтооно. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, нийтэд мэдээлнэ. Дөрөвдүгээр сард сонгуулийн хороодыг байгуулна. Тавдугаар сард нэр дэвшигчид тодрох ёстой. Гэх мэт тодорхой хуулийн хугацаатай. Машин техникийн хувьд бид үйлчилгээ хийж, эвдэрсэнийг нь засч, сэлбэж байгаа. 42 дугаар тойрогт зориулсан программ хийнэ.

Гишүүд үг хэлж, хариулт авсаны дараа санад хураж, 82 хувийн саналаар  тогтоолын төслийг дэмжлээ. Ингэснээр Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бэлтгэх. Ирэх зургадугаар сарын 30-ны өдөр сонгуулийг явуулахаар боллоо.