ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цөлөгдсөн “бурхан”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-02-03

Энэтхэгийн хамгийн алдартай гэрэл зурагчин Рагу Райн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын идэр залуу наснаас өнөөдрийг хүртэлх 40 жилийн амьдралынх нь агшинг харуулсан гэрэл зургийн бүтээлээ “Цөлөгдсөн бурхан” хэмээн нэрлэсэн байв. Тэр бол бидний өлмийгөөс нь адис авч, сүсэглэн залбирдаг их хүмүүний амьдралынх нь бүхий л цаг үед дэргэд нь байсан, дотны анд нөхдийнх нь нэг. Магадгүй  түүнээс өөр Далай ламыг хэн ч товч үгээр тодорхойлж чадахгүй биз ээ. Тиймээс энэ удаагийн “Дэлхийн хүн” буландаа XIV Далай ламыг онцолж, “Цөлөгдсөн бурхан” хэмээн түүнийг тодорхойлсон билээ. 

Эгэлгүй, энэрэнгүй, энгийн. Энэ гурван үг л түүнийг бүрэн дүүрэн тодорхойлох мэт. Даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэгч, түүний төлөө хүчин зүтгэгч Далай лам 1935 оны долдугаар сарын 6-нд буюу модон гахай жилд Түвдийн зүүн хойд этгээдийн Таксерт орших Амдо хэмээх жижиг тосгоны нэгэн  тариачны гэр бүлд төрж байжээ. Гэхдээ түүний тавилан бүр төрөхөөс нь өмнө шийдэгдсэн байсан гэдэг. Тодруулбал, 1933 онд XIII Далай лам нас барсны дараа 1937 онд түүний хойд дүрийг нь тодруулсан бөгөөд эхийн хэвлийгээс салаад удаагүй нялх байхдаа тэр бурханд шавилсан хэрэг. Түүнд бусад хүүхдийн адил амттан эргүүлж, тоглож наадах эрх байсангүй.

Гэвч, нэг л өдөр биеэ даагаагүй, эхийнхээ өврөөс ч салаагүй нялх хөвгүүнийг авахаар хөдөөгийн жижиг тосгонд буддын лам нар айлчилсан бөгөөд энэ л үеэс тэр хийдэд амьдрах болсон байна. Үүнээс төд удалгүй 1940 оны хоёрдугаар сарын 22-нд Түвдийн Лхас хотод шинэ Далай лам хэмээн түүнийг зарлажээ. Дээрхийн гэгээнтэнд  эцэг, эхээс өгсөн нэр нь Лхам донров. Үүнийг үгчилбэл “Охин тэнгэрийн хүсэл нийцсэн хөвгүүн” гэсэн утгатай гэнэ. Тэр үед Түвд дэх Хятадын оролцоо хязгаарлагдмал байв.

Гэвч, амар тайван байдал төд удалгүй “арчигдсан” юм. 1950 оны арваннэгдүгээр сарын 8. Энэ өдөр БНХАУ-ын ардын арми Түвдийг эзэлж, Далай ламын хар бараан амьдрал эхэлсэн билээ.  Үүнээс ес хоногийн дараа  Түвдийн Үндэсний ассамблейн хүсэлтээр улс төрийн бүрэн эрх авч, Түвдийн Засгийн газрын тэргүүн болсон байна. Түүнээс хойш  бусад удирдагчдын хамт Бээжинтэй бүхэл бүтэн 10 гаруй жилийн турш хэл амаа ололцохыг оролдсон ч бүтээгүй гэдэг.

Тухайн үед тэрбээр 15-хан настай байлаа. Гэсэн ч энхтайвныг эх орондоо авчрахын тулд бүхий л чадлаа дайчилсан юм.  Лхам Донров  Мао Зэдун, Дэн Саяпин, Жоу Энлай нарын удирдагчидтай энхийн хэлэлцээр хийхээр хэд хэдэн удаа Бээжинд айлчилсан ч тусыг эс олжээ.  Эцэст нь Хятадын армийн 80 мянган цэрэг Түвд рүү довтолж, Лхас хотноо дэгдсэн ард түмний бослого цуст дайнаар төгссөний дараа Далай лам хэсэг нөхдийн хамтаар Түвдийн өмнөд хэсгээр дамжин Энэтхэг рүү дүрвэжээ.

Тэр үед 23 настай байлаа. Тэрбээр угтаа эцэг эхээс 16-уулаа. Гэвч тэрхүү цус урсгасан дайнд долоон ах, дүүгээ харамсалтайгаар алдсан байна. Ингэж л тэр үүрд эх нутгаасаа цөлөгдсөн юм. Гэсэн ч, Түвдийн, тэр дундаа дэлхий дахины энхтайвны төлөөх түүний хичээл зүтгэл, шашин номлол, оюун санааны сургаалийг Хятадын ардын арми хэзээ ч зогсоож чадаагүй билээ. 

Тэрбээр НҮБ-д Түвдийн асуудлаар хүсэлт гаргаж, Ерөнхий Ассамблейгаас 1959, 1961 болон 1965 онуудад гурван ч удаа тодорхой шийдвэр гаргаж байсан гэдэг. 

“Би жирийн л бурхны хувраг”

Тэр энхийн төлөөх зүтгэлтэн. 1989 онд тэрбээр Түвдийн эрх чөлөөний төлөөх хүчирхийлэлгүй тэмцлийнхээ төлөө Нобелийн энхтайвны шагнал хүртсэн юм. Түүнээс өөр Нобелийн шагнал хүртсэн гэгээнтэн үгүй билээ. Тэр ямагт, туйлын их дайсагналтай нүүр тулсан ч, харгислал хүчирхийлэлгүйн бодлогыг баримтлан хэрэгжүүлсээр ирсэн.

Мөн байгаль орчны асуудлыг хөнддөг хамгийн анхны нобельтан хэмээн алдаршсан юм. Дээрхийн гэгээнтэн дэлхийн зургаан тивийн 62 улсад айлчилж, ерөнхийлөгч, Ерөнхий сайд, титэм залгасан удирдагчидтай уулзжээ. 1959 оноос хойш энхтайван, хүчирхийлэлгүй байдал, шашин хоорондын харилцан ойлголцол, бүх нийтийн үүрэг хариуцлага, энэрэл нигүүлслийн сургаал номлолоороо дэлхий нийтэд үнэлэгдэж, элдэв нэр хүндтэй шагнал, хүндэт докторын зэргийг 84 гаруйг хүртсэн байна. Түүнчлэн, 70 гаруй ном бичжээ.

Түүнийг буддын шашинтнууд “бурхан” лугаа хүндэтгэдэг. Гэсэн ч, тэр өөрийгөө бурханы эгэл жирийн хувраг хэмээн тодорхойлдог юм. Нэгэнтээ “Би жирийн нэг хувраг. Илүү дутуу юу ч үгүй” хэмээсэн удаатай. Сонирхолтой нь, тэр бурханд шавилаагүй бол инженер болох байсан гэдэг. Бурхны ном сударт шамдахын зэрэгцээ тэр техник туйлын элэгтэй нэгэн гэдгийг ойр тойрныхон нь баталдаг.

Бага байхдаа кино гаргадаг проектороо ямар ч гарын авлагагүй засчихдаг байсан тэрбээр “Хэрэв би хувраг болоогүй байсан бол инженер болох байлаа” хэмээсэн түүхтэй. Далай лам шинжлэх ухааныг маш ихээр сонирхдог бөгөөд олон жилийн туршид бясалгал, хүний тархинд хэрхэн нөлөөлөх талаар шимтэн судалж байна. Мөн хэд хэдэн эрдэм шинжилгээний хурлуудад оролцож байсан бөгөөд  1979 онд АНУ-д анх удаа айлчлахдаа “Калифорни”, “Лос Анжелес”, “Жоржтаун” болон “Харвард”-ын их сургуулиудад зочилж, илтгэл тавьж байсан юм. Сонирхуулахад, Далай лам ганц бие амьдралыг “бие даасан байдал”, “эрх чөлөө” гэж үздэг гэдэг.

Энэтхэгт Далай лам Түвдийн хөөгдмөл Засгийн газрыг байгуулан удирдсан бөгөөд дүрвэгсдийн хүүхдүүдийг сургах сүлжээ болох Урлагийн институтууд, Түвдийн судалгааны дээд төвийг бий болгосон байна. Дээрхийн гэгээнтэн буддын зарчим болон Хүний эрхийн түгээмэл тунхагт тулгуурласан ардчилсан Үндсэн хуулийг ирээдүйн эрх чөлөөт Түвдийн загвар болгон 1963 онд тунхаглажээ.

Далай лам өрнө, дорнын 40 орчим орноор айлчлан шашин, соёл урлаг, бизнесийн төлөөлөгч нартай харилцаа холбоо тогтоожээ. Дээрхийн гэгээн Америкийн хүмүүнлэгийн Альберт Швейцарийн шагнал, Германы Леопольд Лукхмын шагнал, АНУ-ын “Цөмийн зуун” сангийн “Энхийг сахиулах үйлсийн тэргүүлэгч” шагнал хүртэж байсан. Мөн Энэтхэгийн Үндэсний энхийн бага хурлын “Энх тайван ба эв нэгдлийн төлөө” шагнал,  Германы Сарториусын сангийн тэргүүн шагнал, АНУ-ын Конгрессийн Алтан медаль зэрэг нэр хүндтэй шагнал авч байжээ.  1994 онд Орост айлчлан  “Улс түмний найрамдлын одон”-гоор шагнагдан Төрийн думд нь үг хэлж байсан түүхтэй. Канад улс 2006 онд Далай ламыг хүндэт иргэнээ болгож байлаа.

Дээрхийн гэгээнтэн 1959 оноос хойш Энэтхэгт цөлөгдөн амьдарч байгаа ч, дэлхий дахинд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн Түвдийн бурхны шашны тэргүүн, басхүү буддын шашинтнуудын хувьд амьд “Бурхан” юм.