ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мал банкны зээлээс шалтгаалж цаасан дээр өсч байна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-02-11

-Сүүлийн 10 жилд малын тоо 24.8 саяар нэмэгджээ-

 

Нүүдэлчин монголчуудын амьжиргааны гол хэрэгсэл нь мал аж ахуй байсан. Үеийн үед хадгалагдаж ирсэн билчээрийн мал аж ахуй өдгөө ч бидний амьжиргааг залгуулж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн тавд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдаг. Манай орон үндэсний баялагаа тордож, мал аж ахуйн үйлдвэрлэл болгох гэж багагүй хөрөнгийг социализмын үед цацаж, үүлдэр угсааг нь сайжруулж, мал эмнэлэг, мал үржлийн асар том баазтай болсон. Энэ үед таван жилийн хоёр төлөвлөгөөнд  малын тоо толгойг 30 саяад хүргэх зорилт тавьсан ч биелээгүй.

Социализмын үед тав таван жилээр нь хөгжлийнхөө төлөвлөгөөг тодорхойлдог байсан. Тэгэхээр 10 жил дараалан энэхүү зорилтыг биелүүлэх гээд чадаагүй гэсэн үг. Энэ үе буюу 1970-1993 онд хүртэл мал сүргийн тоо толгой 22.3-25.6 саяын хооронд л хэлбэлзэж байжээ. Статистикийн мэдээллээс харахад, жилд дунджаар нэг сая орчим тоо толгойгоор л өсч иржээ. Харин 1993 оноос хойш  хувьчлал явагдаж, төрийн мэдэлд байсан мал хувьд шилжсэнээр тоо толгой нь жилд гурван сая орчмоор өсч 1999 онд 33.5 сая хүрсэн тоон үзүүлэлт байна. Харин 2000-2002 онд үргэлжилсэн гурван жил дараалсан ган, зуднаар малын тоо толгой эрс буурч, 23.8 сая хүрчээ. Хөдөө орон нутагт амьдрал хүндэрч, малчид хот суурин газар бараадаж амьдрах сонирхол ихэссэн энэ үед манай орны бүх аймаг, сумдад салбартай ХААН банк малчдад итгэл хүлээлгэн 2002 оноос анхлан малчны зээлийг олгож эхэлсэн. Энэ бол банкны салбар дахь шинэ бүтээгдэхүүн байсан. Малчны зээлийг олгох болсоноор малчин өрх ахуй амьдралаа дээшлүүлэн, мал аж ауйн үйлдвэрлээ өргөтгөх урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэртэй болсон.

Тус банкны санаачилсан бүтээгдэхүүн зохих үр дүнгээ өгч малчин өрх малаа барьцаалан хэрэглээний болон урт богино хугацааны зээл авч өрхийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх сайхан боломж гарсан. Малчид ч зээл авч, амьдрал ахуйгаа өөд татаж ирсэн. Үүнд олон малчин ам сайтай байдаг. Ингэж малаа барьцаалан зээл авах боломж нээгдсэнээр малын тоо толгой эрс нэмэгдсэн. Нийт малын тоо 2002 онд 23.8 сая байсан бол 2018 онд 66.4 сая болжээ. Сүүлийн арван жилийг харьцуулан үзвэл 2008 онд 43.2 сая байсан бол 2018 оны байдлаар 66.4 сая болжээ. Энэ тоог харьцуулан харахаар сүүлийн арван жилд 24.8 сая тоо толгойгоор нэмэгдсэн гэсэн үзүүлэлт харагдаж байна. Статистикийн мэдээллээс харахад, малын тоо толгой банк зээл өгдөг болсоноос хойш жилд дундажаар дөрвөөс зургаан саяар нэмэгдсэн байх юм. Энэ тоо л сонирхол татаад байна.

Малчид зээл авах гэж малаа сайн маллаж, төлөө 100-150 хувиар бойжуулж ирсэн учраас ингэж өсөх үү гэсэн асуулт олон хүний толгойд эргэлддэг. Социализмын үед 22 сая малаа 30 сая болгоно гэж 10 жил хөдөлмөрлөөд бүтээгүй мал аж ахуйн үйлдвэрлэл, шинжлэх ухаанаасаа хөндийрч, үүлдэр, угсаа нь алдагдаж, бараг зэрлэг шахам болсон өнөө үед ингэтлээ өснө гэдэг олон хүний эргэлзээг төрүүлдэг. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк малчны зээлийн жилийн хүүгээ 10 хувь болгон бууруулж, “Малч­дын үйлдвэрлэл-технологийг дэм­жих, экспортын бүтээг­дэхүүнийг нэмэгдүүлэх” дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр ХХААЯ-ны сайд Р.Бурмаа болон ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл нар гарын үсэг зурж хэрэгжүүлж эхэлсэн. Төр хувийн хэвшлийн хамтарсан энэ шийдвэр малчин өрхийг дэмжиж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нэмэгдэх нөхцлийг бүрдүүлэх зөв алхам гэж эрх баригч нар үзэж байсан ч малын тоо толгой нь мөн онд бараг зургаан саяар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 153 мянган малчин өрх байдгаас 120 мянган малчин өрх нь арилжааны банкнаас малчны зээл авсан гэсэн статистик гарчээ. Малчдын авсан зээлийн  дүн 222.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Эдгээр тоо баримтаас харахаар, малчин өрхийн бараг 80 гаруй хувь нь зээл авчээ. Банкууд малчдад нийт малыг нь хонин толгойд шилжүүлж, зах зээлийн үнийг дүнгийн 30 хувиар бодож 20 хүртэл сая төгрөгийн зээл олгодог гэнэ. Ингэж бодвол 100 толгой малтай өрх /хонин толгойд шилжүүлсэнээр/ нэг хонийг дундажаар 130 сая төгрөг гэж бодвол 13 сая төгрөгөөр үнэлгээ хийлгэж, гурав орчим сая төгрөгийн зээл л авах нь ээ. Тэгэхээр ийм хэмжээний зээлээр юу ч хийх аргагүй тул малчид малын тоо толгойгоо л нэмэх сонирхол их байдаг. Гэхдээ өдөр, шөнөгүй малаа дагаж төлөө бойжуулан өсгөж байж ахиухан зээл авна гэвэл олон жилийн хөдөлмөр шаардана. Харин тэд яаж ингэж ганц жилийн дотор 5-6 саяар малынхаа тоо толгойг өсгөөд байгаа нь сонин.

Ер нь мал тооллогод олон жил дайчлагдсан Төв аймгийн нэгэн иргэн “Мал тооллого социализмын үе шиг хотонд нь хашиж байгаад нэг нэгээр нь тоолдог үе өнгөрсөн шүү дээ. Сүүлийн 10 гаруй жил цаасан дээр л мал тооллого явагддаг болсон. Би нэг баг таван жил ахалсан. Багт таван хүн байна. Эхний малчныд л эрүүл очдог. Тэгээд л дараа дараагийн айлд чанасан тарган мах идэж, бууз жигнүүлэн, идээний дээжээ өргөн тухлаж, хэлсэн тоог нь цаасан дээр буулгаад л гардаг. Ийм янзтай хоёр хоногт 24 айлын малыг тоолдог” гэж ярьж байсан санаанд тод үлджээ. Энэ бол бодит амьдрал. Малчид малынхаа тоог ахиухан л бичүүлж байвал зээл авахад хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн сум, багын даргын тодорхойлолтыг үндэслэн банк зээл олгодог. Дарга тодорхойлолт хийх­дээ мал тооллогын дүнг үндэслэдэг. Ийм л гинжин сүлжээн дунд мал сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд эрс нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, мал билчээр, маллагаанаасаа бус банкны хүүнээс шалтгаалж цаасан дээр өсдөг болжээ.