ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Саранцацралт: Гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-11

Зарим аймгуудад мөс цөмөрч, иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэг хүргэж буй. Тиймээс Монгол орны томоохон гол мөрний мөсний зузаан хэр байгаа талаар УЦУОСМХ-ийн Ус судлалын инженер С.Саранцацралтаас тодрууллаа.

-Манай улсын томоохон гол мөрний мөсний зузаан хэр хэмжээнд  байгаа вэ?

-Цаг уур, шинжилгээний газраас мэдээлснээр ойрын хэд хоног жиндүү  байх учир мөсний зузаан нэмэг­дэх хандлагатай байна. Хоёрдугаар сарын 11-ний байдлаар манай орны ихэнхи гол мөрөн мөсөн бүрхүүлтэй байна. Томоохон голууд дунджаар 30-145 см зузаантай байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байдалтай байна. Хоёрдугаар сар гараас эхлэн мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-30 см-ээр нэмэгдсэн. Жишээлбэл, Хөвсгөлийн уулсаас эх авсан голууд 30-140 см мөсөн бүрхүүлтэй,  харз гүйх үзэгдэл зонхилон тохиолдож байгаа. Харин Хангайн нуруунаас эх  авсан Идэр, Суман, урд Тамир, хойд Тамир голууд 50-145 см зузаан, Чулуун гол, Чулуут  сумын орчимд харз гүйх  үзэгдэл байна.  Хэнтийн нурууны баруу хажуугийн  голууд 55-125 см зузаан байгаа бол Тэрэлж, Сэлбэ,  Улиастай голын мөсний зузаан  олон  жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 25-55 см ахиу байна.Томоохон голууд болох Орхон, Сэлэнгэ мөрөн 50-125 см зузаан мөстэй. Алтайн нуруу болон түүний салбар уулсаас эх авсан Ховд, Булган, Сагсай, Чоно харайх, Төгрөг голууд 50-135 см байна. 

-Гуравдугаар са­рын эхээр Хөвсгөл аймагт “Хөх сувд” мөсний баярын арга хэмжээг зохион бай­гуу­лахаар төлөв­лө­сөн.  Хөвсгөл далайн мөсний зу­заан баяр зохион  бай­гуу­лахад хэвийн хэмжээнд байгаа юу?

-Хөвсгөл  аймгийн Засаг даргын тамгын газраас мөсний баярыг уламжлал болгон зохион  байгуулсаар ирсэн. Мөсний баяр болохоос 10-аад хоногийн өмнө далайн баруун эрэг болон бусад  газруудаар Онцгой байдлын газар, Хөвсгөл аймаг дахь  цаг  уур  орчны шинжилгээний төвөөс албаны хүмүүс ажиллаж мөсний зузааныг хэмждэг. 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр цоолж, хэмжилт  явуулсан. Энэ  жилийн тухайд ойрын өдрүүдэд дээрхи хамтарсан баг хэмжилт хийнэ. Улмаар Ус цаг  уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд ирүүлснээр иргэд,  олон нийтэд  мэдээлэл өгч, сэрэмжлүүлэг хүргэнэ. 

-Хөвсгөл, Баян-Өлгий аймагт мөсөн дээгүүр иргэд автомашинтай зорчиж байгаад цөмөрсөн тухай мэдээлэл байна.  Манай уншигчдад сэрэмжлүүлэг мэдээ өгөөч?

-Хоёрдугаар сарын эхний 10 хоногийн  байдлаар манай орны ихэнхи гол мөрөнд тогтвортой  мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан  адилгүй байгаа. Тиймээс мөсний даац,  хүн  мал,  машин явахад аюулгүйн хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих,  зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах,  тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй иргэд, албан байгууллагууд аюулгүй байдлаа сайтар хангах шаардлагатайг анхааруулж байна.