ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчиллын анхдагчид уйлж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-12

Яагаад вэ гэж үү. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг хамтдаа хийж, олдсон тамхиа хуваан татаж, хамтдаа илүү сайхан ирээдүйг цогцлоох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явсан нөхөд нь өдгөө зүсээ буруулж, зорилгоо мартчихсан явж байгаагаас ичсэн хэрэг. Бас бухимдаж буйгаа урсах нулимсаараа харуулав. Даанч дээ гэсэн харуусал ч тэдний нулимстай цуг илэрч байх юм. “Бид ийм зүйлийн төлөө, тэднийг ийм болгохын тулд зүтгээгүй юм шүү дээ” хэмээн ардчилсан хувьсгалыг хийж, Сүх жанжины талбайд өлсөж явсан партизан Дарь.Сүхбаатар нүдэндээ нулимстай ярьж байна.

“Цензүргүй яриа” нэвтрүүлэгт оролцож журмын нөхөр, ардчилсан хувьсгалыг хийсэн анхдагчдын нэг Д.Дорлигжавын тухай ярихдаа түүний урсгасан нулимс худлаа байсангүй ээ. Ганц Дарь.Сүхбаатар ч бус тэртээх он жилүүдэд ардчилал, эрх чөлөөг авчрах гэж зүтгэж, өлсөж даарч байсан олон хүмүүс мөр зэрэгцэн зогсож байсан үеийн нөхдөөсөө ичиж бас харамсахдаа уйлж байгаа нь худлаа биш л дээ. 30 жилийн дараа ийм нийгмийг, ийм эрх чөлөөг авчирна гэж төсөөлж ч яваагүйгээ ярьж, үе үехэн санаа алдах тэдгээр анхдагчид “Ардчилсан нам аль эрт нас барсан” гэж эрс шулуухан хэлэхээс өөр яалтай. Эхлүүлсэн ардчилал нь эмх журмаа алдаж, эрх чөлөө гэгчээр далимдуулж цөөхөн хэдхэн хүн баяжсаныг хараад өнгөрсөнд тэмцсэн анхдагчид байтугай өдгөө энэ намыг нэрийн хуудсаа болгох гэж явж буй залуус ч ичиж байна. Худлаа гэвэл хууль шүүхийн байгуулагын үүдэнд хэн очерлож байгааг хар.

Дандаа ардчиллаар овоглосон улстөрчид. Дандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига албан тушаалын хэрэгт холбогдчихсон. Зарим нь наранд, цөөнгүй нь нарсанд орлоо. Нөгөө шударга ёс, ижил тэгш гарааны тухай өлсөж явсан Д.Дорлигжав авлига авсан бусдыг дарамталсан хэргээр хоригдож байгаад батлан даалтад гарлаа. Хувьсгалт тэмцлийнхээ 20 жилийн ойгоор Улсын баатар болж байсан “Алтан хараацай” Э.Бат-Үүлийн шүүх хурал дөнгөж өчигдөрхөн болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа. Хүүтэйгээ хамт бусдыг залилсан, давуу байдал бий болгосон хэргээр шалгуулж байна.

Энэ улс дампуурчихаагүй л бол хууль шүүх нь хэн нэгнийг хэлмэгдүүлж, хилс хэрэгт гүтгэлээ гэж попорч давхиад ч яах билээ. Замын тендер будлиантуулсан, Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан Ардчилсан намын гишүүн Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын шүүх хурал мөн л хоёр, гуравхан хоногийн дараа болох гэж байна. Оюутолгойн гэрээг хууль бусаар үзэглэж, улсынхаа том ордыг бусдад үнэгүй шахам бэлэглэчихсэн хэрэгт мөн л Ардчилсан намын гишүүн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар нэр холбогдлоо.

Бүр их хэмжээний хувьцаа авчихаад дараа нь үнэд оруулж, зарсан шинэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж, сар шинийн өмнөхөн хоригдож байгаад батлан даалтад гарчээ. Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх Тавантолгойн орд газрыг гадныханд ямар ч үнэгүй өгөх тогтоолын төслийг мөн л анхдагчдын нэг Ц.Элбэгдорж тэргүүтэн оройлон гүйцэтгэж байсныг Дарь.Сүхбаатар ч онцлон дурдаж, үеийн нөхдийнхөө өмнөөс уучлалт гуйж  байлаа. Ц.Элбэгдоржийн ноёрхсон он жилүүдэд хууль хүчний салбар улстөрчдийн гар хөл болж, хүсэж, өлсөж олсон ардчилал нь дарангуйлал, сүрдүүлгээр солигдсоныг ч тэд мэдэж буй. Улс орныхоо том ордуудыг гадныхны мэдэлд ямар ч үнэ төлбөргүй өгөх ажлыг анхдагчид л хийж байжээ.

Нэг ч бизнес эрхлээгүй атлаа, нэг компани ч байгуулаагүй мөртлөө тэрбум тэрбумаар нь мөнгө хадгалж, тансаг машин унасан найз нарынхаа өмнөөс ичсэндээ “Ардчиллын дууч” Д.Цогтсайхан, С.Зориг нарыг ийм цөвүүн цагийг үзэлгүй тэнгэрт дэвшсэнд нь талархах хүн олон байгаа гэдгийг ч нуусангүй. Аргаа барсан хүмүүсийн л хэлж буй үг шүү. Бахархах түүх биш бусдыг хулгайч болгоход бэлтгэж буй журмын нөхөдтэйгөө 30 жилийн ойгоороо тэврэлдэж уулзах уу, эсвэл зугтах уу гэдгээ шийдэж чадахгүй яваа хүн ч олон байгаа биз. Юугаар ч бахархах билээ. Авлигач, албан тушаалын гэмт хэрэгтэн болсноороо л лав биш. Муулж суугаа Ардын намаасаа ч долоон дор харагдаж буйдаа ичиж байна, тэд. Юун 60 тэрбум, ЖДҮ-гийн луйвар.

Орд газруудаа гадныханд ямар ч үнэ төлбөргүй өгөх ажлыг оройлон гүйцэтгэсэн гавьяагаараа бахархахгүй л  юм бол ойн баяраараа юуг дурсах юм. Бидний байгуулсан ардчилал гэж баярхах зүйл юу үлдэв. Нэг хонгил, баахан ядуус, дэгсдүүлж хэлбэл айл бүрт шахуу архи уудаг нэг үе үлджээ. Тэгсэн атлаа ардчиллаа өмчлөх дуртайг яана. Миний байгуулсан ардчиллыг нураалаа, миний ардчилал дарангуйлал боллоо л гэнэ. Гэвч начир дээрээ өөрсдөө  нурааж, дарангуйлал руу чирсэн. Ардчилал нэрийн дор амьдралаа дээшлүүлж, дааж давшгүй их хөрөнгөтэй боллоо.

Энэ л тэдний 30 жилийн үр дүн байжээ. Хатуухан хэлэхэд, Д.Дорлигжавт, Э.Бат-Үүлд, Ц.Элбэгдоржид, С.Баярцогтод ардчиллыг өмчлөх нэр төр, амбийц үлдээгүй шүү. Өнгөрсөн үеийн түүхээсээ өнөөгийн залуус чинь ичдэг болчихлоо, алтан хараацай нар минь. Муу бүхний үлгэр жишээ намынх нь анхдагчидтай хамт яригдах учраас өнгөрснийг бүү дурс ирээдүйг харж ажиллая гэж залуус чинь уриалж байна. Энэ бол шинэчлэл хийх гэсэн зүтгэлээс гадна өнгөрснөө баллуурдах гэсэн чин хүслийнх нь илрэл гэдгийг нуух юун. Хамгийн олон Засгийн газар байгуулсан, орд газруудаа хойш урагшаа шилжүүлсэн, журмын нөхдөө өчиггүй “хутгалсан”, авлига албан тушаалын луйвар гээд аль муу муухай түүхээс чинь залуус ичиж байгаа юм шүү дээ. Уйлах ч багадмаар байгаа биз.

Тун удахгүй 30 жилийн ойгоор уулзах үед анхдагчдын олонхи нь “аавын хаалга” татчихсан, үлдсэн хэсэг нь уулзлаа ч бахархах түүхгүй сууж байвал гайхах зүйл лав биш бололтой. 90 гаруй жилийн түүхээрээ өнөө болтол Ардын нам бахархаж байна. Харин Ардчилсан нам 30 жилийн түүхээсээ ичиж байна. Эндээс л хэн нь буруу явсныг, уйлж суухаас ч аргагүй болсныг олж харна биз ээ. Үлдэж буй хугацаанд намаа нам хэвээр нь үлдээчихээд, нэмж дэвслээгүй дээрээ мөр мөрөө хөөвөл яадаг юм бэ. Магад энэ л та бүхний хамгийн сүүлд хийсэн хамгийн том гавьяа чинь болох биз. Улс орны бодлого, хөгжил рүү ч дахиж хуруу гараа дүрэхээ боль. Түүхэнд багахан ч гэсэн гавьяатай дуурсагдаж, баатар цолоо хамгаалж үлдэх эцсийн боломж чинь энэ ч юм бил үү