ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шашны хувьсгалаас хойшхи 40 жил

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-02-12

1979 онд буюу Америкийн талыг дэмжигч Ираны шах Мохаммед Реза Пехлавийн засаглал нуран унаж, Исламын шашны хувьсгал ялсны 40 жилийн ой тохиож байна.  Шашны хувьсгал ялснаас хойш Ираныг Исламын шашны хууль дүрмийн дагуу санваартнууд удирдаж, бүх эрх мэдлийг гартаа авч, Америкийн эсрэг бодлого баримтлах болсон гэдэг.

Тэгвэл хувьсгал ялсны 40 жилийн ойг тохиолдуулан тус улсад цэргийн сүрт жагсаал болж, цэргийн хамгийн сүүлийн үеийн зэр зэвсгээ ард иргэддээ дэлгэн харуулсан байна. Улмаар Ерөнхийлөгч Хасан Рухан баярын үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Иран улс 40 жилийн өмнөхөөс илүү хүчирхэгжсэн. Бид шинэ төрлийн пуужинтай болохыг тулд гадаадын улс орнуудаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Бид пуужингуудаа хөгжүүлж, цэргийн хүч чадавхиа нэмэгдүүлсээр байх болно” хэмээн мэдэгджээ. Мөн “Иран улс АНУ-тай сэтгэлзүйн дайн хийж ирлээ. Тэднийг ялахын тулд Ираны ард иргэд нэгдэх хэрэгтэй. АНУ-ын талаас хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүд бүтэлгүйтсээр ирсэн” гэсэн байна. 

Гэвч, сүүлийн жилүүдэд АНУ-ын засаг захиргаанаас тус улсад үзүүлэх дарамт шахалт нэмэгдэх болсноор эдийн засгийн хямралыгы даван туулах арга замыг Ираны удирдагчид эрэлхийлэх болсон билээ. Өнгөрөгч онд Америкийн талаас зургаан талт цөмийн гэрээнээс гарч, Тегераны эсрэг хоригоо сэргээснээр энэ улсын эдийн засаг унаж эхэлсэн гэж хэвлэлүүд бичдэг юм. Эдийн засгийн хямралаас үүдэн өнгөрсөн жил Иран даяар нэг бус удаа эсэргүүцлийн жагсаал болж, залуус Исламын шашны хууль дүрмийг хэт хатуу хэмээн шүүмжлэх болжээ. 

“Уналт, доройтлын 40 жил”

Иранд хувьсгалаас хойшхи 40 жилийг хөгжил, цэцэглэлтийн үе байсан хэмээж, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байхад эсрэгээр АНУ-ын тал хурцаар шүүмжилж байв. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твиттер хуудастаа 40 жилийн өмнөх Ираны хувьсгал бүхэлдээ бүтэлгүйтсэн гэдгийг онцолжээ. Тэрбээр шашны хувьсгал эхэлсэн 40 жилийн ойн өдөр буюу энэ сарын 11-нд англи болон перс хэлээр “Авлига, хээл хахуулийн 40 жил, дарамт, дарангуйллын 40 жил, айдас хүйдэс, алан хядлагын 40 жил. Ираны хувьсгал уналт, бүтэлгүйтлийн 40 жил байсан. Урт удаан хугацаанд зовсон Ираны ард түмэн илүү гэрэл гэгээт ирээдүйг хүртэх ёстой” хэмээн бичжээ. Түүнээс гадна Д.Трампын зөвлөх Жон Болтон ч энэ талаар нийгмийн сүлжээнд жиргэсэн байв. Тэрбээр “Өнгөрсөн 40 жил  уналт доройтлын жилүүд байсан. Ираны дэглэм өөрчлөгдөх эсэхийг дараа үеийнхэн шийдэх болно. Гэхдээ эцсийн эцэст Иран улс ямар замаар явахыг ард түмэн л шийдэх ёстой. АНУ иранчуудын үзэл бодлыг, хүсэл сонирхлыг дэмжих болно” гэж бичжээ.