ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Алтны татварыг тэглээгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-12

Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр “Олон Улсын валютын сангийн ажлын хэсэг Монгол Улсад ирж ажиллан Засгийн газартай тохирсон зүйлүүд үр дүнтэй болсон. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4-7 орчим хувьтай гарахаар байна. Энэ нь эдийн засгийн бодлогыг зөв хэрэгжүүлснээс гадна Засгийн газрын эдийн засгийн бодлого тогтвортой, тууштай байж чадсаны үр дүн юм. Мөн өрийн хэмжээг эрс бууруулсны үр дүн. Засгийн газрын өр ДНБ-нд эзлэх хувиараа 74.4 хувь байсан бол одоо 62 орчим болж буурсан нь ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа орнуудтай харьцуулахад  нэлээд өндөр үзүүлэлт юм. Арилжааны банкуудтай холбоотой хийгдсэн арга хэмжээнүүдийг тодруулах шаардлага байна гэдгийг Монгол банктай уулзалт хийсний дараа бидэнд хэлсэн. Үүний дагуу тодруулах ажил удахгүй хийгдэнэ. Учир нь арилжааны банкууд хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Хөрөнгөө нэмэгдүүлсэн бол эх үүсвэрээ тайлагнах ёстой. 2019,2020 онд Засгийн газар гадаад дотоод өрийн дарамт багатай байна” хэмээн мэдээллээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Татварын Ерөнхий газрын даргатай холбоотой асуудал юу болсон бэ?

-Үүрэгт ажлаас нь чөлөөлчихсөн байгаа.

-Сангуудыг шалгах ажилд хийгдэх үү?

-Бүх сангуудад ийм арга хэмжээ явуулах саналыг Сангийн яам боловсруулаад дуучихсан байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зээл олгогдоод явдаг гурван сан, ХХААХҮ-ийн сайдтай холбоотой асуудлыг оруулах байсан ч сайд гадаадад томилолттой явж байгаа учраас сайдыг байх үед нь энэ асуудлыг ярья гээд хойшлууллаа. Сангуудын үйл ажиллагааг ил тод болгож, олон нийтийн оролцоог хангах шаардлагатай.

-Алтны татварын тэглэхээр төсөвт төвлөрүүлэх 70 тэрбум төгрөг дутна гэсэн үг үү?

-Алтны татвар тэг болсон гэдэг нь худал мэдээлэл. Татварын тухай хэрэгжээд явж байгаа. Үүнийг рояалтыг 2.5 болгож өөрчилсөн өөрчлөлтийн хүчинтэй хугацаа нь 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон. Тиймээс үндсэн хуулинд зааснаар хуучин хэвээрээ явна гэж ойлгож болно.