ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ким, Трампын уулзалтаас үр дүн гарна гэж Хойд Солонгосчууд дүгнэжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-02-13

Нэг нэгэн рүүгээ зэвсэг агсаж, цөмийн зэвсгийнхээ хэр хүчээр өрсөлдөж байсан АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд өнгөрсөн жил түүхэн уулзалт хийж, хэлэлцээрийн ширээний ард суусан билээ. Нэг талаас хэзээний дайнч бодлоготой гэгдэх БНН-аас сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, нөгөө талаас цөмийн зэвсгийнхээ хүчийг улам боловсронгуй болгож байсан Ким Жон Ун нар Сингапурын энхтайвны “Синтоза” аралд өнгөрсөн жилийн зургадугаар сард гар барин уулзсан юм. Тус уулзалтаар АНУ Пхеньянд хэд хэдэн шахалт үзүүлсэн байдаг. Тодруулбал, уулзалтын дараа Умард Солонгос дайны үед амь эрсэдсэн америк цэргүүдийн шарилыг үе шаттай эх оронд нь буцааж илгээснээс гадна цөмийн зэвсгийн туршилтын талбайнуудаа хааж, заримыг нь устгасан билээ. Гэсэн ч, АНУ-ын талаас хориг арга хэмжээгээ сулруулах бодолгүй байгаагаа илэрхийлж байсан юм. Мөн уулзалтаас хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд айлчилж, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавьж байв.

Харин энэ онд хоёр орны удирдагчид ахин ширээний ард суух тохиролцоонд хүрсэн бөгөөд тэр нь Вьетнам байх юм. Вьетнамын Ханой хотод энэ сарын 27, 28-нд АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт болно. Геополитикийн хувьд зүүн өмнөд азийн төв, мөн хоёр улстай хоёулантай нь нөхөрсөг харилцаатай байдаг гэх шалтгаанаар Вьетнамыг түүхэн уулзалт зохион байгуулахад тохирох газар хэмээн үзжээ. Түүнчлэн, олон улсын хэмжээний үйл ажиллагааг ч зохион байгуулж байсан туршлагатай юм. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн жилийн есдүгээр сард Дэлхийн эдийн засгийн форумыг Ханойд зохион байгуулж байв. Одоогоор Вьетнамын албаныхан БНАСАУ-д айлчилж буй бөгөөд энэ үеэр хоёр удирдагчийн уулзалтын бэлтгэл ажил, аюулгүй байдлын талаар санал солилцох аж. Мөн Вьетнам НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний хороонд БНАСАУ-ын төлөөлөгчдийг Ханойд айлчлах зөвшөөрөл олгохыг хүсчээ. 

Өмнө нь Сингапур ч мөн энэ хүсэлтийг тавьж, зөвшөөрөл авч байсан гэдэг. Эхний түүхэн уулзалтын дараа Пхеньян тохиролцсон ёсоор зарим цөмийн зэвсэг хөгжүүлэлтийн талбайгаа устгасан гэж мэдэгдэж байв. Гэхдээ олон улсын ажиглагчид, судлаачид үүнийг нь нотолж чадаагүй байгаа юм. Түүнчлэн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нэгдүгээр сарын 16-нд мэдэгдэл хийхдээ Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах, цөмийн зэвсэггүй бүс болгох үйл ажиллагаа нэг ч алхам урагшлаагүй байгаа гэдгийг онцолж байв. Нөгөөтэйгүүр, судлаачид цөмийн зэвсэг нь Пхеньяны аюулгүй байдлын баталгаа болж байгаа учир цөмийн зэвсгээ яаравчлан устгахгүй гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн зургадугаар сарын уулзалтаас хойш Пхеньян хэд хэдэн алхам хийсэн ч, хоёр Ерөнхийлөгчийн тохиролцоо бодит биеллээ олоход удаашралтай байгаа юм.

Тиймээс хоёр дахь удаагийн АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт олон улсын анхаарлын төвд байна. Тэд доод төвшний албан тушаалтнуудын хэлэлцэж буй асуудлын эцсийн шийдвэрийг энэ өдөр гаргах учиртай. Тиймээс яриа хэлэлцээр ажил хэрэгч болно гэсэн хүлээлт үүсээд буй. Үүнийг ч саяхан явуулсан судалгааны дүн харуулжээ. Тодруулбал, БНСУ-ын насанд хүрсэн 501 иргэний дунд явуулсан олон нийтийн судалгаанд оролцогчдын 65 хувь нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулахад нааштай алхам болно гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин 35.1 хувь нь дорвитой үр дүнд хүрэхгүй гэж үнэлсэн бол үлдсэн хувь нь хариулт өгөхөөс татгалзсан байна. Мексикийн хилд хана барих асуудлаас үүдэн рейтинг нь огцом унасан Д.Трамп энэ удаагийн уулзалтаар нэр хүндээ өсгөж чадах эсэх нь ч анхаарал татаж байгаа юм.