ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Я.Оддэлгэр: Зорилго мөрөөдөл минь үргэлж биелж байдаг

Д.Нэргүй
2019-02-13

Хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй  “Од” компани  үйлчлүүлэгч, хэрэглэгчиддээ эрүүл ахуйн стандартад нийцсэн вакум цонх, бүргэд хаалгаар үйлчилж,  эх орныхоо хөгжил тэр дундаа барилгын салбарт үлэмж  хувь нэмрээ оруулж байгаа билээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Я.Оддэлгэр  Монголын Залуучуудын холбооны  “Тэргүүний залуу инженер”, “Шилдэг бизнес эмэгтэй”,Монголын бизнес эрхлэгчдийн эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ойн медаль, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны хүндэт медаль, “Хөдөлмөрийн алдар” Барилга үйл ажиллагааны өрсөлдөх чадварыг дэмжих судлах төвөөс Хүндэт менежер одон, Топ эмэгтэйгээр   шалгарч байсан бизнесийн гялалзсан ухаантай бүсгүй юм. Мөн түүний бизнесийн үүх түүх, амжилтууд “Хүмүүний ертөнц”,”Хүмүүсийн ертөнц” номонд дэлгэрэнгүй хэвлэгджээ. Мөн  тэрбээр “Миний амжилтад хүрсэн гол түлхүүр бол үнэнч шударга, бусдад тусалж явсны минь буян” хэмээлээ. Ажлынхаа үр өгөөжийг өдрөөс өдөрт хүртэж,  сайн сайхан яваагаа нутаг ус, аав ээжтэйгээ холбон тайлбарлах дуртай  Я.Оддэлгэр захирлын яриаг уншигч танд хүргэе. 

-“Од” үйлдвэр байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч буй.  Анхнаасаа л сайн үйлсийг бүтээж ирсэн болохоор танайхаар үйлчлүүлэх дуртай хүмүүс олон байдаг юм билээ? 

-Манай үйлдвэр байгуулагдаад 18 жил болж байна. Энэ хугацаанд маш олон үйлчлүүлэгчидтэй болсон. Хуванцар вакум цонх,бүргэд хаалганы худалдаа хийдэг. Ханьтайгаа хамтарч эхлүүлсэн бизнес маань өдий хэмжээнд хүртэл өргөжин тэлж, үйлчлүүлэгчдээрээ хүрээлүүлж яваа нь ханийн минь ач буян. Тиймээс ажил амьдралд хөтлөхийн зэрэгцээ  бизнест түшиг болж яваа ханиараа бахархдаг.  Манайх 10 ажилтантай. Цаашид олон хүнийг ажлын байртай болгож, өрх гэр, амьдралд нь тус болно гэсэн зорилготой  ажиллаж байгаа. Ажилчид маань хийе бүтээе гэсэн чин хүсэл зорилготой, нэгэн сэтгэлээр ажилладаг учраас үйлдвэрийн  ашиг орлого сайн, эрэлттэй байдаг.  Энэ талаар удирдлагын зохион байгуулалт хамгийн чухал гэж боддог.

-Ер нь бүтээлч хүмүүс сэтгэл ханадаггүй, үргэлж л зорьж тэмүүлж явдаг шүү дээ. Та ч тэдний нэг.  Таны ойрын зорилго гэвэл?

-Олон мөрөөдөл бий. Түүндээ хүрэхийн төлөө хичээж явна. Гэхдээ миний мөрөөдөл бүхэн биелдэгт баяртай байдаг. Цаашдаа том компани байгуулъя гэсэн зорилготой байгаа. 

-Бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас юугаараа онцог вэ?

-Вакум цонхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүгдээрээ стандарт чанарын шаардлага хангаж хийдэг учраас үйлчлүүлэгчдээс “цантлаа хөлөрлөө” гэсэн шүүмжлэл бараг ирдэг­гүй. Түүн шиг бид үйлчлүүлэгчдээсээ танай цонх 7,8 жил болоход яг хэвээрээ байна, сайн хийсэн байна гэдэг үгийг сонсоод маш  их урам авдаг.  Энэ хэмжээгээр бусад байгууллагууд бидний үйлчилгээг үнэлж, шагнал урамшилд тодорхойлох нь олонтаа.  Хийсэн ажлынхаа үр шим, амтыг өдрөөс өдөрт хүртэж байгаа нь дуртай ажлаа хийж байгаагийн илрэл болов уу гэж бодож байна.