ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Македон 27 жилийн маргаанд цэг тавилаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-02-14

Грек, Македон хоёр улс 30 орчим жилийн маргаандаа цэг тавилаа. Хуучин Югославын холбооны улс задрах үед буюу 1991 онд Македон улс байгуулагдсан түүхтэй. Гэвч, энэ нэр нь Грекийн нэгэн мужийн нэртэй давхцаж, хоёр улс өнөөдрийг хүртэл 30 орчим жилийн турш уг нэрийг булаацалдаж ирсэн гэдэг. Харин нэрийн маргаанд цэг тавих хэлэлцээр өнгөрсөн жил НҮБ-ын зуучлалаар эхэлж, жил гаруй хугацаанд үргэлжилсэний эцэст шийдэгдлээ. Афины зүгээс Македон гэх нэр давхцаж буй нь ирээдүйд газар нутгийн маргаан үүсэх нөхцлийг бүрдүүлж байна хэмээн үздэг байсан бөгөөд Грекийн мужийн иргэд ч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв. 

Тэгвэл олон жил үргэлжилсэн маргаан эцэс болж, дэлхийн газрын зурагт Балканы хойгт Македон улсын нэр арчигдан, “Умард Македоны бүгд найрамдах улс” хэмээх шинэ улс нэмэгдлээ. Уг нэршлийг энэ долоо хоногоос эхлэн албан ёсоор ашиглаж эхлэх юм. Энэ дагуу Гректэй залгаа хил дээрх замын тэмдгийг юун түрүүнд сольсон бол үүний дараа нисэх онгоцны буудал, албан байгууллагууд, вэбсайтууд, хэвлэмэл материалууд дээрх нэрийг шат дараатайгаар солих аж. Мөн автомашины улсын дугаарыг сольж, паспорт, мөнгөн дэвсгэртүүд дээрх нэрийг ойрын жилүүдэд багтаан солих юм байна. Нэрний маргааны улмаас Грек улс Македоныг NATO, Европын Холбоонд элсэхэд нь саад хийсээр иржээ. Харин зөвшилцөлд хүрсэнээр, 

Умард Македон улс олон улсын байгууллагуудад элсэх хүсэлтээ шинэчилж, хөгжлийн замдаа орж байна хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.  

Нэр солих асуудлаар Македоны Ерөнхий сайд Зоран Заев болон Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас нар өнгөрсөн оны зургадугаар сард уулзаж, нэгдсэн тохиролцоонд хүрчээ. Үүний дараа хоёр улсын Ерөнхий сайд Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшиж байсан удаатай.  “Би өнгөрсөн түүхийг өөрчилж чадахгүй ч ирээдүйгээ эв найрамдалтай, ойлголцол, хамтын ажиллагаатай байлгаж чадна” хэмээн Умард Македоны Ерөнхийлөгч Никола Димитров өгүүлсэн байна. 

Хоёр улсын төрийн тэргүүн тохиролцоонд хүрсэний дараа Македонд Гректэй байгуулсан Засгийн газар хоорондын гэрээний асуудлаарх бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдаж байв. Тухайн санал асуулгаар гэрээний заалт, болон улсын нэрийг хүлээн зөвшөөрч, Европын холбоо, НАТО-гийн гишүүнчлэлд элсэхийг дэмжиж буй эсэхийг нь ард иргэдээс асуужээ. Харин бүх нийтийн санал асуулгад оролцогсдын 90 гаруй хувь нь гэрээг дэмжиж, нэр өөрчлөхийг дэмжсэн байдаг. Ингэснээр Умард Македоны бүгд найрамдах улс газрын зурагт тэмдэглэгдэх хэлэлцээр шулуудсан билээ.