Г.Наранцэцэг, Б.Ганхайч нар алтан медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-16

Австрийн Оберварт хотноо жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн өчигдөр боллоо. Энэхүү тэмцээнд манай улсаас 7 жүдоч оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа. Эзэн орны баг манайхтай адил үзүүлэлттэйгээр тэргүүлсэн юм.

48 кг-ын жинд өрсөлдсөн Г.Наранцэцэг Парисын “Их дуулга”-д хүрлийн төлөө барилдсан нь зүгээр нэг тохиолдол байгаагүй гэдгийг баталж, алтан медаль хүртлээ. Манай тамирчин В хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Их Британийн бөх Келли Стаддоныг ялсан бол хэсгийн аваргын төлөө Польшийн Эва Кониецниг буулгаж авсан. Улмаар хагас шигшээд Оросын Дариа Пичкалеваг ялсан бол финалд Хятадын Шон Яаог хожиж, алтан медаль хүртлээ.

52 кг-д барилдсан Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр D  хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Италийн Мартина Касагнолаг ялсан бол хэсгийн аваргын төлөө Испанийн Софиаг буулгаж авсан юм. Тэгвэл хагас шигшээд Тайландын Варашиа Качакорныг ялсан ч фианлд Японы бөх Такеда Руокод ялагдлаа.

63 кг-ын жинд барилдсан Б.Ганхайч манай улсын хоёр дахь алтан медалийг хүртлээ.  Манай бөх С хэсгийг тэргүүлж барилдан, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт эзэн орны бөх Тина Зелтнерийг, хэсгийн аваргын төлөө Польшийн Анжеликаг ялсан юм. Харин хагас шигшээд Бразилын Кэтлин Куадросыг ялсан бол финалд Австрийн өөр нэг тамирчин болох Крассокава Магдаленаг ялж, алтан медаль хүртлээ.