ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Чулуунчимэг: Бүсгүйчүүдэд итгэл өгөхийн тулд уран бүтээлээ хийдэг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-17

СТА, дуучин Э.Чулуунчимэг тун удахгүй хоёрдох  бие даасан тоглолтоо хийх гэж байна. Мөн  шинэ цомгоо гаргаж, үзэгчиддээ бэлэг барьжээ. Түүний шинэ уран бүтээлийн тухай болон,  бүсгүй ертөнцөөр нь аялсанаа уншигчиддаа хүргэе.

-Ойрын үед уран бүтээлийн олз омог ихтэй байх шиг байна. Шинэхэн уран бүтээлийн богцоо задлаач?

-Дөрөвдэх удаагийн ганцаарчилсан цомгоо гаргаж баяраа хийлээ. Удахгүй хоёрдугаар сарын 22-нд “Бүсгүй ертөнц” ганцаарчилсан хоёр дахь удаагийн том тоглолтоо  хийх гээд ажил ихтэй явна.  “Бүсгүй ертөнц”  гэдэг нэр болон,  цомогт маань орсон уран бүтээл, тоглолтын уур амьсгал  миний “Зүгээр л инээмсэглэ”  дуунаас эхлэлтэй гэж хэлж болно.  Хоёр жилийн өмнө энэ дуугаа дуулснаас хойш бяцхан охидууд, бүсгүйчүүдээр сонсогчдынхоо хүрээг нэмсэн. Энэ дууг  дуулснаас хойш яагаад ч юм бүсгүй хүний дотоод  сэтгэлийн гоо сайхан,  өөртөө итгэх итгэл,  гэгээлэг  зүйлийг улам их өдөөсөн,  асаасан өнгө аястай дуу дуулахыг хүсдэг болсон. Хөгжмийн зохиолч,  яруу найрагчид  ч надад  ийм төрлийн  дуунууд зохиож санал  тавьдаг болсон.  “Зүгээр л  инээмсэглэ” тоглолтоо 2017 оны тавдугаар сарын 2-нд төрсөн өдрөөрөө хийж  байсан. Тэрнээс хойш хоёр жилийн  хугацаанд хийсэн уран бүтээлээ нэгтгээд 15 дуутай “Бүсгүй ертөнц” цомог маань бэлэн боллоо.  Цомгоо охинтойгоо дуулсан “Хамгийн гоё хайр” гэдэг дуугаар эхлүүлсэн. Мөн “Дэндүү хайртай” , СТА Алтанжаргал  ахтай хамтран  дуулсан “Арвантавны сар” ардын дуу  гэх мэт хайр сэтгэлийн  сайхан аялгуу, шүлэгтэй дуунууд  багтлаа. Бяцхан дуучин Энжи охинтой “Хүмүүсээ наана чинь хүүхэд тоглож байна”  гэдэг  дууг дууллаа.  Дуучин Э.Чинбаяр, Д.Найдандоржтой хамтран “Бид нэгэн үеийнхэн” зэрэг  хамтарсан дуунуудаа багтаасан.  Хоёрдугаар сарын 22-ны өдөр “Бүсгүй ертөнц” тоглолтоо толилуулах гэж байна. Э.Чулуунчимэг гэдэг хүн юугаараа бусад  эмэгтэйчүүдээс өөр  вэ гэвэл,   би дуучин,  уран бүтээлч гэдгээрээ онцлог. Тийм учраас бүсгүйчүүдийнхээ  дотоод сэтгэлийн  дуу хоолой, бүхий л  тодотголыг хамгийн сайхан гэгээлгээр гаргаж, уран бүтээлээрээ дамжуулахыг хүссэн. Бас өөрөөрөө үлгэр дуурайлал болж, итгэлийг нь  бадраахын тулд уран  бүтээлээ хийж байгаа. Дууг  минь  сонсоод, итгэл  сэтгэл  нь  сэргэж,  үргэлж сайхан  эрч хүч аваасай л  гэж хүсэж байна. 

-Охин нь ээж шигээ мундаг дуучин  болох хүсэлтэй юу. Та хоёрын хамт дуулсан “Хамгийн гоё хайр” дууг  Аялгуу их хөөрхөн дуулжээ?

-Ээж ээ та миний
Инээдээр будсан наран
Ээж ээ би таныхаа
Хайраас татсан солонго
Үр минь чи ээжийнхээ
Үнсэхэд сэрдэг дэлхий
Үгээр хэлэхийн аргагүй
Сэтгэлийн их амгалан  гэдэг үгтэй “Хамгийн гоё хайр” гэдэг дууг  миний охин санаачилсан.  Би охиноо дургүй байхад  нь  хэзээ ч хүчлэхгүй. Магадгүй цаашаа өөрөө урлагаа сонирхоод явна гэвэл хүсэл сонирхолыг  нь хэзээ ч хаахгүй.  Охинтойгоо дуулсан дуэт-дуу хайртай уран бүтээлүүдийн минь нэг болсон. 

-Таны бүсгүй ертөнцөөр аялая. Эх хүн, бүсгүй хүн байхын  хамгийн сайхан нь юу вэ?

-Эх хүн байх нь л энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж. Хамгийн гоё хайр эх үрийн хайр байдаг. Яаж ч сэтгэлээр унасан, энэ хөөрхөн амьтныг хараад  сэтгэл сэргэж, аз жаргалыг мэдэрдэг. Би ээж болоогүй байхдаа ойлгодоггүй байсан л даа. Надаас түрүүлээд  ээж болсон найзуудаа ажиглаад  байхад, ааштай байсан хүн цаанаа л нэг зөөлөн, намдуу болчихсон байсан.    Хүүхэд л  эмэгтэй хүнийг зөөллөдөг, уяхан болгодог.  Маш их хүлээцтэй, амьдралд хандах хандлага нь тэс өөр болдог. Амьдралыг улам их зорилготой болгодог. Ганцаараа байхдаа зөвхөн өөрийгөө боддог байсан бол, хүүхдээ боддог, сайн сайхан  амьдралын  хөдөлгөгч хүч болдог юм билээ. 

-Бүсгүй хүн  ээжээсээ  хамгийн их үлгэр дуурайлал авч байдаг. Ингэхэд Э.Чулуунчимэг ямар ээжийн охин бэ?

-Миний ээж сувилагч мэргэжилтэй.  Гадаад  төрх,  зан  төлөв гээд  бүх зүйл нь надаас тэс өөр. Би  аавыгаа их дуурайсан юм шиг  байгаа юм /инээв/. Ээж минь төрөхөөс эхлээд өдийг хүртэл миний бүхий л  ар талыг бат авч явдаг, дэргэд  минь  үргэлж хамт байдаг.  Өөрийнхөө дүүг  гаргаад  өгчихсөн юм  шиг л  ээждээ үүрэг хариуцлага үүрүүлээд явдаг.  Ээжээрээ маш их  бахархдаг. Надад  үргэлж  зөв байх,  зөөлөн  сэтгэлтэй байх, аливаа зүйлд хүлээцтэй хандахыг ээж маань  надад хэлдэг, зөвлөдөг.  Тэр болгоноос нь  үлгэр жишээ авдаг даа.  

-Та их дайчин, хөдөлмөрч юм. Энэ их зүтгэлийг хаанаас олж авдаг юм бэ?

-Амьдралд гуних гутрах, сэтгэлээр унах үе  тохиолдоход  эмэгтэй хүн  маш их сэтгэлийн хат­тай байх ёстой. Эрэгтэй хүнээс илүү,  эмэгтэй хүн  аливаа саад  бэрхшээлийг даван гарч чаддаг болов уу гэж боддог. Энэ хорвоод хүн  болж төрснийх аль  болох л,  өөрийгөө юу хийж чаддаг, нөөц боломж юу байна,  тэр болгоныг ашиглах хэрэгтэй. Машиныг асаахгүй удвал хуучирч мууддаг шиг, үргэлж өөрийгөө тордож, цэцэглүүлж, өөрийн орон зайгаа хамгаалж тордож яваасай гэж охид бүсгүйчүүддээ хэлмээр санагддаг. Энэ болгоны хөдөлгөгч хүч нь ерөөсөө л итгэл үнэмшил байдаг. Маш их  итгэлтэй байж  хүн ямар нэг зүйлийг эхлүүлдэг шүү дээ. Магадгүй хүнд ямар нэгэн саад, шантрах үе тохиолдвол зүгээр л  дархлаа гэж ойлгож, хурцлах хэрэгтэй. Дархлаа тогтчихоор зарим нэг  өвчнийг  туслаа ч хүндэрдэггүй гэдэгтэй адилхан. Би энэ саадыг даваад гарсан  юм чинь дахиад нэг удаа арай хөнгөнөөр давж гарахад л болно. “60 наслахад 60 даваа давна” гэж Найдан багшийн  маань хэлсэн үг  байдаг. Зүгээр л  даваагаа давж байна гэж бод. Өдөр бүхэн шинээр эхэлдэг, өдөр бүр бэлэг байдаг болохоор цаг мөч бүхнийг эрч хүчтэйгээр ашиглахыг хүсдэг.  Би жоохон байхдаа  их  сониуч хүүхэд байлаа. Бусад хүн  хийж чадаж байгаа юмыг би яагаад чаддаггүй юм гэж боддог байлаа. Хэн нэгэн хөгжим тоглож байхад би бас чадах юм шиг, эрэгтэй хүүхэд шиг  төмөр  хайчилж, тосгуур хүртэл хийсэн. /инээв/  Юу л  хиймээр  байна тэрийгээ хийж,  ард  нь гарна гэж үздэг  хүүхэд  байсан. Тэгэхээр бүхий л  чадамж хүнд байдаг. Тэрнийхээ алийг нь асааж, тордож чадах вэ гэдэг  нь  хүний сонголт байх. Өөрөө ч тийм байхыг хүсдэг, хичээж явдаг.

-Олны танил уран бүтээлч хүн үргэлж хүмүүсийн анхааралд байдаг,  хэл аманд ч их өртдөг байх. Яаж өөрийгөө хамгаалж, сэтгэл амар байхыг эрмэлздэг бол? 

-Өөрийгөө байнга бусдаас тусгаарлаад байдаггүй. Дуу дуулах бол  миний мэргэжил. Мэргэжлээрээ амжилттай байхыг хүсдэг. Сонгосон  мэргэжилдээ ч үргэлж  үнэнч байхыг хичээдэг. Энэ мэргэжилдээ сайн байхад,  угаасаа л олны анхаарал,  хэл  аманд өртөнө. Мэргэжлийн  нэг  онцлог учраас байдаг л  зүйл гэж боддог. Санаа зовдоггүй шүү /инээв/. 

-Таны хувьд  аялан  тоглолт багагүй хийсэн. Үзэгчид ч уран бүтээлийг чинь хүлээдэг болжээ? 

-Би хүүхэд  байхдаа,  хотод  болж байгаа бүх тоглолтууд  манай нутагт ирээсэй гэж хүсдэг байсан юм. Түүн шиг л бидний тоглолтыг  үзэхийг хүссэн хүн олон байгаа. Аялан тоглолт гэдэг маш их үүрэг хариуцлага, том ажил  байдаг. Олон  хүний бүрэлдэхүүнтэй, өндөр зардалтай. Гэсэн ч үзэгч түмнийхээ хайрыг хүлээсэн уран бүтээлүүдийг түгээж байж үзэгч дүүрэн байна. Дүүрэн  байхын хэрээр том ажлынхаа ард гарна. Тийм учраас  бүхий л суурин газарт  өөрийнхөө бүтэн тоглолтыг толилуулахыг  хүсдэг. Уран бүтээлээ маш сайн чанартай хийж байж шинэ тоглолтыг  үзэгчид  сонирхон  үздэг. Үзэгчдийн хүлээж авах байдлыг ажиглаад байхаар томоохон  хэмжээний тоглолтоо толилуулчихаад аялан тоглолт хийх,   эсвэл хэсэг  хугацааны дараа очиж тоглох нь  өөр, өөр  байдаг юм билээ. Цаг  үеэ мэдэрч үзэгчидтэйгээ уулзана гэдэг  урлагийн  хүний мэдрэмж болов уу.