ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Долгорсүрэн: Австри бол хууль чангатай, герман эмх цэгц, яг таг зарчимтай улс

Ц.ЭНХТҮВШИН
2019-02-17

Сүүлийн үеийн  статистик мэдээгээр албан ёсоор 2600 гаруй монгол иргэн Австри улсад ажиллаж амьдарч, суралцаж байна.  Тэдний нэг нь Австри дахь монгол эмэгтэйчүүдийн  “Эвийн хүч” холбооны тэргүүн Ж.Долгорсүрэн юм. Түүнийг “Монголын мэдээ” сонины “Харьд суугаа монголчууд” хэмээх цоо шинэхэн буланд урьж ярилцлаа. 

-Австри улсын талаарх бодлоосоо хуваалцаач. Мөн тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудын талаар ярилцлагаа эхлэх үү?

-1990-ээд оноос Монголчууд  Бүгд Найрамдах Чех Улс руу ажлын гэрээ болон урилгаар олноор очиж тэндээс Европын бүх улс руу гарч байлаа. Австри улс нь зүүн Европын орнууд баруун Европын бусад орнуудыг холбосон гүүр болж оршдогоос хамгийн түрүүнд л Австри улсаар орж цагаачлалын алба болон цагдаагийнханд баригдвал тэндээ орогнол хүсч, баригдаагүйчүүд нь цаашаа дамжин өнгөрдөг байсан юм. Тэр үеийн буюу 2000 оны албан бус мэдээгээр 10-12  мянган монголчууд Австри  улсад амьдарч байна гэсэн тоо байдаг. 2005-2006 оноос энэ улсын Цагаачлалын хууль нь чангарч шинэ хуулиуд гаргаж, хүмүүсийг нэлээд өндөр шалгуураар шигшиж эхэлсэн. Австри бол хууль чангатай, герман эмх цэгц,  яг таг зарчимтай болохоор бусад том том улсууд Франц,  Голланд, Бельги,  Итали зэрэг улсууд шиг  дэл сул хүмүүс байдаггүй. Бүгдийг бүртгэж аваад байр, хоол, бага зэргийн хувийн зардлын мөнгө зэргийг бүгдийг зохицуулан тодорхой хэмжээний хяналттай байлгадаг. 2009 оноос дүрвэгсэд ихсэж, түүнийгээ дагаад олон олон хууль дүрэм гарч, цагдаа сэргийлэх, цагаачлалын албаныхан хүмүүст маш их шахалт үзүүлж эхэлсэн. 2010, 2011 онуудад нилээн монголчууд шахалтад орж барууны өөр орнууд руу явах нь явж, нутаг  буцах нь буцсан. Үлдсэн  4000-аад монголчуудад Австри улсад амьдрах, ажиллах эрхтэй виз олгосноор энэ оронд сурч боловсрох, ажиллах хөдөлмөрлөх  бүхий л хаалга нээлттэй болсон. Австри бол олон зүйлээрээ гайхалтай орон гэдгийг хүн бүр мэднэ. Нийслэл Вена хот нь амьдрахад таатай хотоор сүүлийн 10 жил дараалан шалгарсан. Улс орон нь газар нутгийн хувьд жижиг, хүн ам цөөн, иргэд нь чамбай, хууль дүрмээ сахин биелүүлэх, хүмүүсийн харилцаа гээд Европын хөгжилтэй орнуудын тэргүүн эгнээнд явдаг  улс. Австрид буй бүх монголчуудын өмнөөс төлөөлж ярих эрх надад байхгүй шүү дээ. Тэд эх орноосоо алсад ажиллаж амьдарч буй бусад монголчуудын жишгээр л яваа.

-Австри улсад монголчууд олноороо хэдийгээс суурьшиж эхэлсэн байдаг юм бол?

-Австрид 1990-ээд оны дунд үеэс монголчууд  цөөн цөөнөөр очдог байсан ч 2000 оны эхээс эрчимтэйгээр орж эхэлцгээсэн. Австри-Монгол хоёр бол өнө эртний харьцаатай. Монгол, Австрийн хооронд 1963 оны долдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон байдаг юм билээ. Худалдааны болон хүмүүнлэгийн гээд олон салбарт хамтран ажиллаж байгаа. Монгол Улс Вена хотод 2003 онд ЭСЯ-аа нээсэн. Энгийн иргэдийн тухайд  монголчууд хэдxэн жилийн өмнөөс л хөл тавьцгаасан. Мэдэxгүй газар, таниxгүй xүмүүсийн дунд xөлөө олоx гэж xэл ус, бичиг баримт бусад бүxий л бэршээл саадтай тулгарч байсан бол цөөxөн xэдэн жилийн дотор энэ бүгд саад бэрxшээлийг даван туулж, улсынх нь иргэдээс дутаxааргүй сурч боловсорч,  ажиллаж амьдарч, орох оронтой, унаx унаатай,  идэx xоолтой, эмнэлэг сургууль даатгалтай, үр xүүxдүүдийнxээ ирээдүйг баталгаажуулан амьдарцгааж байна. Түүний зэрэгцээ  ар гэр аx дүүсдээ тусалж, тэднийгээ аялал жуулчлалаар  урьж, Австри улсад Монголчуудын гэсэн байр суурь орон зайг бий болгожээ. 

-Амьдралын баталгааны талаар хангалттай байж чаддаг уу?

-Хуулийн дагуу амьдарч буй хэнд ч амьдрал нь баталгаатай. Гурван хүүхэдтэй жирийн нэг монгол гэр бүлээр жишээ авахад эхнэр, нөхөр хоёр ажлаа хийж, сардаа нийлээд 2500-3500 орчим еврогийн  цалинтай. Түүнээсээ байр түрээсэлдэг хүмүүс 1000 еврог байр, гэрэл, ус гээд ахуйн төлбөртөө төлнө. Гэхдээ монголчууд суурьшиж удахын хэрээр ихэнхдээ лизингийн байр орон сууц, хаустай болцгоосон. Хоол ундандаа  300-400 евро , утас интернет зэрэгт 100-200, машины даатгал  мотороосоо шалтгаалаад 60-100 евро, бензин тосонд  200 евро гэх зэргээр зарцуулна. Мөн урсгал болон бусад  илүү дутуу зардал, өмсөх зүүх гээд ер нь авсан цалиндаа зарлага нь дөхөж очно. Тэгэхээр гадаадад хүмүүс амар тайван тохь тухтай баталгаатай амьдарч ажлаа хийгээд цалингаа зөв зарцуулан амьдарч, илүү дутуу хэдийгээ хадгалан эсвэл ах дүүдээ илгээгээд л таардаг шахуу. Гэтэл Монголд байгаа ар гэрийнхэн нь гадаадад очоод мөнгөний модноос  мөнгө түүгээд бөөн мөнгөнд умбаж байдаг мэт өрөөсгөл ойлголтоор ханддаг нь хэт хувиа хичээсэн бодлогогүй ойлголт. Нэгэнт л эх орноосоо луйвар хийгээд бөөн мөнгөтэй гадаадад зугтаж гараагүй, өөрсдийн хөдөлмөрөөр хоолоо идэж байгаа тохиолдолд хүмүүс дэлхийн хаана ч ажиллаад авсан цалингийн хэмжээндээ л хуваагдана. Австри улс Европын хөгжилтэй орны хувьд боловсрол болон эмнэлэг үнэгүй эсвэл тодорхой маш бага зэргийн үнэлгээтэй орон. 

-Ахуйн талд гадны иргэнд үзүүлэх тусламж дэмжлэг хэр байдаг юм бол. Ялангуяа хүүхдүүдэд? 

-Бас л өнөөх хууль. Энэ улс хууль журмын дагуу л бол боломжтой бүхий л талаар цагаач иргэдэд ханддаг. Ялангуяа хүүхдүүд энэ улсад төрснөөсөө эхлээд 18 нас хүртлээ сар бүр 170 евро авах ба зарим амралт, хэлний курсуудэд хөнгөлөлт эдэлнэ.  Дунд сургуульд  үнэгүй суралцах  ба сургалтын систем нь дундаж. Нийт найм эсвэл 12 жилийн боловсрол эзэмшинэ. Их дээд сургууль үнэгүй, герман хэлний курсийн мөнгө эсвэл их дээд сургуулиудад яаж орох  ямар бичиг баримт бүрдүүлэх, яаж хөөцөлдөх, хууль дүрэм зэрэг бүх мэдээлэл нь маш тодорхой. Бүгд “Австри дахь Монголчууд” фэйсбүүк хуудсанд байгаа. Хүссэн хүн тэндээс сонирхон үзэж болно.

-Оюутнуудын тухайд хөнгөлөлт урамшуулал хэр байдаг вэ. Судалж байгаа, суралцахаар бодож буй залуус олон байгаа байх?

-Сүүлийн жилүүдэд энд сургуульд ирж суралцах оюутнууд маш их нэмэгдэж байгаа бөгөөд тэд  сурахын хажуугаар долоо хоногт 10-20 цагийн ажил хийж, өөрсдийн сургалтын төлбөр, байрны мөнгөө төлж амьдардаг. Австри улс тогтсон хууль дүрмийн дагуу л бүх зүйл нь явагддаг тул ажиллах зөвшөөрөл, виза  сунгалт, эмнэлгийн даатгал зэрэг нь нэлээд ажил болж төлөгддөг.  Байр сууриа олчихвол Европын бусад орнуудыг бодвол харьцангуй амьдрахад таатай баталгаатай орон юм. 

-Сүүлийн үед “Австри улсад гэрээгээр ажиллуулна” гэсэн зар мэр сэр харагдаад байх болсон байна лээ. Энэ хэр үнэний ортой вэ?

-Австри улс ямар нэгэн ажлын гэрээгээр \онцгой мэргэжилтэй хүмүүс,эрдэмтэд гэх мэтээс бусад\ ажилтан авдаггүй. Энэ улсад  ажиллах, амьдрах виз гаргана гэсэн зар сүүлийн үед Монголд гарч байгаа нь худлаа шүү. Нэг ёсондоо  луйвар учраас онцгой болгоомжлох хэрэгтэй. Эдийн засгаараа, сэтгэл санаагаараа тэгж хохирч хэрэггүй. Энэ талаар өөрийн боломжоор бас анхааруулж л байх юм. 

-Танай “Эвийн хүч” холбооныхон монголчууддаа хандсан хүмүүнлэгийн ажил нэлээдгүй хийж байгаа харагддаг. Энэ талаараа хуучлаач?

-Австри улсад амьдран суугаа монголчууд хэдийгээр эх орон ард түмнээсээ хол амьдарч байгаа ч өнөөдрийн нийгмийн амьдралд болж буй үйл явдал болгоныг уншиж, сонсож өөрсдийн үзэл бодлоо  илэрхийлж, сонголтоо хийн эх орныхоо сайн сайхны төлөө сэтгэл түгшин суудаг юм. Улс орныхоо хямралтай үеийг бид зүгээр харж суугаагүй. Өөрсдийн боломж бололцоогоороо тусалж,  гар бие оролцож, хүн болгоны хичээл зүтгэлээр жил болгон өөрсдийн сэтгэл, итгэлээ тээсэн хандив тусламжийн аян зохион байгуулдаг. Өнчин ядуу олон зуун хүүхдүүд, сургууль цэцэрлэг, эмнэлэг, ахмад настан, амьдралын боломжгүй өрх гэрүүдэд эд материалын болоод мөнгөн тусламж  илгээж байгаа. Мөн Монгол Улсад зохион байгуулагддаг хандивын аянуудад идэвхитэйгээр оролцож, тэдний үйл ажиллагааг дэмжиж олон сая төгрөгийн тусламж илгээсээр байдаг юм. Тухайлбал, өнгөрсөн зун “Сарнай” хүүхдийн төвийн 31 хүүхэд болон Сонгинохайрхан дүүргийн 1, 22 хорооны 33 айлын 130 гаруй хүүхдүүдүүд тус бүрт бэлэг, номнууд, хичээлийн хэрэгсэл, тоглоом, 2-3 ээлжийн солих гутал хувцас бэлэглэсэн гэх мэтээр тоочоод байвал олон л ажил бий.  Гэхдээ “Бид ийм юм хийлээ. Тийм ч ядууст хандив өргөлөө” гээд зарлаад байх нь тийм ч таатай бус. Авсан хүний алга дүүрч өгсөн хүний зүтгэл дүүрдэг гэдэг дээ.

-Өөрийнхөө тухай хэдэн үг  хэлээч. Сар шинэ дэлгэр сайхан болоо биз ээ. Нутаг орондоо хэр олон ирж байна вэ?

-Би Австри улсад 14 жил болж байна. Охин, хүү, ханьтайгаа амьдарч байна. Хувиараа аж ахуй эрхэлдэг. Сар шинэ сайхан боллоо. Энэ жил Унгарт буй том ах дээрээ очиж золгосон. Ер нь Австрид буй манай монголчууд аль ч уламжлалт баяраа сайхан тэмдэглэдэг юм. Боломж л гарвал нутаг гүйдэг адуу шиг эх орон руугаа, ижий бурхандаа очно шүү дээ. Миний ээж одоо 90 дөхөж байна. Дархан хотод амьдарч байгаа. Тэр сайхан буурал чинь үрс биднийхээ сэтгэлийн уяа шүү дээ. Цагаан сарын бүх боов еэвэнгээ өөрсдөө хийдэг. 

-Гадаадад байдаг монголчууд бие биетэйгээ уулзахаас төвөгшөөдөг гэсэн. Танд тэр байдал ажиглагддаг уу?

-Бие биетэйгээ харьцангуй гайгүй мэнд устай явна. Ер нь Австрид  буруу гарын хүмүүс цөөн болохоор айх ичих зүйл гайгүй. Хаана ч мэндтэй явна. Янз бүрийн уралдаан тэмцээн бас их зохиодог. Тэр нь ч сайхан. Австрийн монголчууд бичиг баримттай, ажил төрөлтэй, хөлөө сайн олсон болохоор элчингээсээ хонх уяад зууралдаад байдаггүй юм. 

-Элчин гэснээс Австри дахь элчин иргэдийнхээ төлөө хэр сайн ажиллаж байна даа?

-Манай Элчин сайдын яам монголчууддаа ойр, соёлтой, сайн үйлчилгээтэй.  Бичиг баримт итгэмжлэл гэх мэтийн үйлчилгээ авдаг. Янз бүрийн тэмцээн уралдаан баяр, шинэ жил монголчууддаа сайн дэмжиж хамтарч ажилладаг.  Г.Баттунгалаг  Элчин сайдын тухайд өмнөх Элчин сайдуудыг бодвол монголчуудаа дэмждэг, хамтран ажилладаг. Аливаа улс оронд сууж буй Элчин сайд болон яамны ажилчид гэдэг бол эх орон нь юм. Элчин сайд хүн эцэг эхийг нь төлөөлж буй л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор Австри дахь монголчуудын хувьд сайн түшиг тулгууртай гэж хэлэхэд буруудахгүй байх. Хаа газар амьдарч буй монголчуудын заяа буян дэлгэрч  улам л сайхантай золгох болтугай.